Агаар хайсан иргэд ам.долларын өсөлтийг өдөөж байна

Нийтлэлчийн булан


Улаанбаатарын утаа Зүүн өмнөд Азийн зарим орны аялал жуулчлалыг чамгүй дэмждэг аж. Сэрүү унаж, саарал утаа Улаанбаатарыг нөмрөхөд нийслэлийн иргэд нүүдлийн шувуу адил дулаан орныг зорих нь нэмэгддэг байна. Уншигч та ч нийгмийн сүлжээгээ нээгээд л урин дулаан орноор аялж зугаалж буй найз нөхөд, эчнээ танилынхаа гэрэл зургийг цөөнгүй харсан гэдэгт итгэлтэй байна. Амьсгалах ариун агаар хайсан иргэд утааны улиралд Улаанбаатараас дайжиж, өвлийн цагаар цэнгэг агаартай дулаан орнуудад бүгэж эхэлсэн нь энэ. Ер нь аялахаар хилийн чанадыг зорьдог монголчуудын тоо сүүлийн жилүүдийн дөрөвдүгээр улиралд огцом өсдөг нь хэдийн зүй тогтол болжээ.


Гадаадад аялсан монгол иргэдийн тоо сүүлийн 10 жилд дөрөв дахин өсөж, 2018 оны эцэст 130 мянга давсныг үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Сүүлийн хоёр жил сурагчдын амралтын хугацаа сунаж, нислэгийн шинэ чиглэл нэмэгдсэнээс өвлийн улиралд дулаан орныг зорих монгол иргэдийн тоо өссөнийг бизнес эрхлэгчид хэлж байна. Тухайлбал, “Нью жуулчин” компаниар үйлчлүүлж буй монгол аялагчдын 60 орчим хувь нь хүйтэн сэрүүний үеэр хилийн чанадыг зорьжээ. Харин “Летс трэвел” компаниар дамжуулан энэ өвөл нийт 2000 орчим дотоодын жуулчин гадаадад аялсан нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ өсөлтөд эдийн засгийн сэргэлт болон Улаанбаатарын агаарын бохирдол нөлөөлсөн гэж тус компани тайлбарлав.


Улаанбаатарын утаанд хүүхэд багачууд хамгийн түрүүнд хэлмэгдэж, ханиад, томуунаас салахаа больдог. Антибиотик уугаад ч нэмэргүй, эмнэлгийн орон дээр халуу шатан хэвтэж буй алаг үрээ хараад л ажлаасаа түр чөлөө авч, Тайландыг зорьсноо иргэн Б учирлав. Аргаа барсан иргэдийн агаар хайсан нүүдлийг аялал жуулчлалын тур компаниуд ч зүгээр өнгөрөөсөнгүй. Тун овжноор ашиглан, “Агаар амьсгалах аялал, аялал бол агаар” зэрэг нэрээр үйлчилгээгээ өргөжүүлэн, багц аяллууд санал болгож байна. Бас болоогүй, “Утаанаас холдож, далайн эргийн элсэн дээр тоглоцгооё”, “Газрын диваажинд цэвэр агаар амьсгалъя” зэрэг чихэнд чимэгтэй үгсээр хачир хийн, иргэдийг татахаа ч мартсангүй.


Эрүүл агаар амьсгалах эрхийн төлөөх иргэдийн энэ нүүдэл Монгол Улстай харьцангуй ойр, аялж, зугаалах өртөг зардал хямд Зүүн өмнөд Азийн орнууд руу илүү чиглэж байгаа юм. Ялангуяа, БНХАУ-ын аялал жуулчлалын бүсүүд болон Тайланд, Малайз, Сингапурыг зорих иргэдийн тоо нэмэгдсэнийг тур компаниуд мэдээлж байгаа юм.

Эдгээр улсад аялах өртөг зардал хугацаа, үйлчилгээний ангиллаас хамааран адилгүй байна. Тухайлбал, А компанийн тайланд дахь долоон шөнө, найман өдрийн аяллын үнэ гурван сая төгрөгтэй тэнцэж байхад Тайланд, Малайз, Сингапур гурван улс дамнасан найм хоногийн аяллын төлбөр 3.4 сая төгрөгт хүрч байх жишээтэй. Мөн үүнээс хямд үнээр аялдгийг хэлэх нь зүйтэй. 2017 онд хийсэн Монголбанкны судалгаагаар монгол иргэд хилийн чанад руу долоон хоног аялахдаа дунджаар 2007 ам.доллар зарцуулдаг.

Монголбанкны судлаачид ам.долларын урсгалыг хянахын тулд дотоодын аялагчдын зардлыг тус бүрээр нь тооцож, хэдэн хувь нь хилийн чанад руу урсаж буйг хэмжин тооцжээ. Тухайлбал, манай иргэд Малайз руу ес хоног аялахад ойролцоогоор 770 ам.доллар (хоёр сая төгрөг) зарцуулдаг. Төв банкны тооцоогоор Малайз руу аялсан нийт зардлын дунджаар 88 хувь нь хилийн чанадад шингэдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг Монгол иргэн Малайзын эдийн засагт ойролцоогоор 677 ам.долларын орлого оруулдаг гэсэн үг. Өвлийн цагаар монголчуудын хамгийн их зоридог орны нэг Малайзад аялсан иргэдийн тоо 2018 оны байдлаар 4000-д хүрсэн гэж үзвэл бид 2.7 сая ам.долларыг тус улс руу урсгажээ.

Монголчуудын аялал жуулчлалаар хилийн чанад руу урсгасан мөнгөний хэмжээ өнгөрсөн оны байдлаар 720 орчим сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг давсныг Монголбанк мэдээллээ. Монгол Улсын төсвийн орлогын бараг 20 хувьд дөхөх хэмжээний ийм их мөнгө дотоодын жуулчдаар дамжин, улсын хилээр урсаж байна. Аялал жуулчлалаас Монгол Улсын хүлээж буй төлбөрийн тэнцлийн алдагдал 2018 оны байдлаар эдийн засгийн судсаар урсаж буй нийт мөнгөний нийлүүлэлтийн (М2) бараг арван хувьтай тэнцэж буй бол ДНБ-ий таван хувьд хүрчээ. Аялал жуулчлал даган урсаж буй энэ валютын багц байсхийгээд ам.долларын гачланд унадаг Монгол Улсын эдийн засагт ахадсан, төлбөрийн тэнцэлд дааж давшгүй ачаа авчрах дэндүү том тоо биш гэж үү.

• Гадаадад аялсан монгол иргэдийн тоо сүүлийн 10 жилд дөрөв дахин өсөж, зөвхөн 2018 оны эцэст 130 мянга давсан.
• Эрүүл агаар амьсгалах эрхийн төлөөх иргэдийн энэ нүүдэл Монгол Улстай харьцангуй ойр, аялж, зугаалах өртөг зардал хямд Зүүн өмнөд Азийн орнуудад илүү чиглэж байгаа юм.
• Аялал жуулчлалаас Монгол Улсын хүлээж буй төлбөрийн тэнцлийн алдагдал 2018 оны байдлаар эдийн засгийн судсаар урсаж буй нийт мөнгөний нийлүүлэлтийн (М2) бараг арван хувьтай тэнцэж буй бол ДНБ-ий таван хувьд хүрчээ.

Ер нь аялал жуулчлалын чиглэлээр гадагш урсгадаг монголчуудын зардал улам нэмэгдэж буй бөгөөд 2018 онд гэхэд 187 орчим сая ам.доллараар дээшилсэн нь аль аль талдаа үл тоож болохгүй өсөлт. Гэтэл гадаадын жуулчдын Монголд оруулж буй энэ валют бидний зарлагадсаны бараг талтай тэнцэхэд ойрхон байна. Утаа, зугаа цэнгэл зэргээс үүдсэн монгол иргэдийн хилийн чанадыг чиглэсэн урсгал Монгол Улсыг багахан валютаа гадагш алдахад хүргэж, энэ хэрээр ам.долларын олдоц буурахад хүргэж буй. Гэтэл бид аялал жуулчлалын салбарыг валютаар байнга цангадаг Монголын эдийн засагт ам.доллар авчрах “олимпийн нэг найдвар” хэмээн хэчнээн жил горьдож байгаа билээ.

Улсын нийслэл Улаанбаатарт 200 гаруй төрлийн хорт бодисоор “утуулах”-аас зайлсхийж, өөрийн болон үр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар хилийн чанадыг зорьж буй иргэдийг буруутгах аргагүй. Гэхдээ утаанаас дайжсан монгол иргэний тоогоор төгрөгийн үнэ уруудна гэдгийг анхаарах хэрэгтэй. Төв банкнаас танилцуулдаг төлбөрийн тэнцэл буюу валютын гарах болон орох урсгалыг манай улсын дийлэнх иргэн энгийн амьдралаас нь хол, өөрсдөд нь хамаагүй тоо мэтээр ойлгох нь бий. Гэтэл төлбөрийн тэнцэл хэмээх хоёрхон үгийн цаана Монголын мянга мянган өрх, зуу зуун бизнесийн халаасыг тэмтэрдэг ам.долларын ханш нуугдаж байдаг. Чухам энэ ханш л шатахуун түлш, импортын бүтээгдэхүүний үнээр дамжин айл өрх, аж ахуйн нэгж, улсын эдийн засгийг хөндөж орхидог.

Гарын таван хуруунд багтах түүхий эдээс өөр, олон улсын зах зээлээс орлого олчих бүтээгдэхүүнгүй атлаа идэж уух , өмсөх зүүх гээд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээнийхээ дийлэнхийг хилийн чанадаас авдаг Монгол Улсын төлбөрийн тэнцэл дорой. Дээрээс нь олсон багахан валютаа түлш шатахуун, тоног төхөөрөмж зэрэг хэдхэн том импорт, их хэмжээний өр, зээлийн эргэн төлөлтөөр эргүүлээд гадагш урсгаж, эдийн засгийн “цусаа алдчихдаг”. Гэтэл харийнханд зарж, “ногоон” олж болох хамгийн боломжит салбар нь аялал жуулчлал маань утаанаас үүдэн төлбөрийн тэнцлийн ужгирсан хямрал руу хөтөлсөөр байна. Өөрөөр хэлбэл, утаа ам.долларын ханшийг өсгөж буй нь энэ. Хорт хий Монголын үр удам, өтгөс буурлуудтай нь утаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйлийн нэгд бичигдэж байгаа. Ингээд зогсохгүй санхүү, эдийн засгийн хувьд сөхрөхөд хүргээд байна.
САНАЛ БОЛГОХ