Статистик худлаа бол Монгол хөгжинө гэдэг худлаа

Нийтлэлчийн булан


Үндэсний статистикийн хорооноос гаргадаг гоё тоонууд үлгэр хүүрнээд байх шиг санагддаг юм

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын мэдээллийг гаргажээ. Баахан тоо зарлаж, танилцууллаа. Тэдгээр тоон илэрхийллээр бол ердөө нэг сарын дотор буюу 2018 оны арванхоёрдугаар сараас хойш манай улсын эдийн засаг, нийгмийн амьдралд маш том өөрчлөлт гарсан юм байна.

ҮСХ-ны тоонд итгэх аваас бидэнд огт мэдэгдэж, мэдрэгдэхгүй атлаа амьдрал маань эрс сайжраад байгаа бололтой. Тухайлбал, тэргүүлдэг өрхийн минь сарын орлого өмнөх оны мөн үеийнхээсээ 16.9 хувиар нэмэгдсэн болохыг би огт мэдээгүй байж. Уг нь он дамжаад эмнэлэг, сувиллаар эмчлүүлээд явсан хүн л дээ. Тийм учраас ганцаараа мэдээгүй өнгөрсөн байж ч болох юм. Яагаад гэвэл өнөө статистикийг харвал Монголын өрх бүрийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж өссөн гэж байна. Тэгэхээр уншигч таны өрхийн орлого ч бас нэмэгдсэн гэсэн үг. Тооцоо хийгээд үзэхэд гэмгүй. Магадгүй над шиг орлого нь цулайгаад байхад мэдэхгүй тууж явдаг хэнэггүй гар байх ч юм билүү!

Түүнчлэн ажилгүйдэл буурсан тухайд бас л баярлууштай тоог ҮСХ-ны толгой эргүүлсэн тайланд зоожээ. Монголд 2018 оноос энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нэг ширхэг ч үйлдвэр шинээр байгуулагдаагүй байхад л ажилгүйдэл буураад байж.

Аа! Тийм саналаа. Нээрээ “утаагүй” түлшний үйлдвэр байсан юм байна. Тэнд ажилд орсон 11 хүнийг мартсан байна. 2016 онд Монголын нийт хүн амын гуравны нэг буюу нэг сая шахам хүн ажилгүй байна гэсэн судалгааг ҮСХ-ноос гаргасан байсан.

Тэр үед манай улсын ядуу эдийн засаг хямарч, хувь, хувьсгалын олон үйлдвэр, аж ахуйн газрууд үүдээ барьж байсан цаг. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртэлх гурван жилийн хугацаанд бүхэл бүтэн улсын маань хэмжээнд ажилгүйдэл 0.7 пунктээр буурсан гэсэн “бахархмаар” тоог ҮСХ-ны өнөөдрийн тайланд онцлон дурджээ.


Тэндээс үргэлжлүүлэн тодруулбал, 2018 оны мөн үед Монгол Улсын хэмжээнд ажил хайж 6493 хүн Хөдөлмөрийн биржид бүртгүүлж, түр, байнгын нь мэдэгдэхгүй ч, ямар ч байсан 1216 нь ажилтай болсон гэх тоо байна. Харин энэ он гарсаар 5690 хүн ажилтай болох хүсэлтээ гаргаж, бүртгүүлснээс 1030 нь ажил эрхлэх болсон гэсэн тоо тайланд харагдлаа. Үнэн бол үнэхээр гайхамшигтай. Нэг сард л ингээд мянга, мянгаараа ажилтай болоод байгаагаа бид гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх билээ.

Сонгууль болгоны дараа удирдлага, дарга нар нь солигддог
Тэгээд аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэл 215.2 тэрбум төгрөгөөр өслөө, гэмт хэрэг 4.8 хувиар буурлаа, ДНБ 18.1 их наяд төгрөгт хүрэв гэсэн амны бэлгэдэлтэй тоог үргэлжлүүлэн хараад байгаа хэрнээ миний хувьд итгэл үнэмшил нэг л тиймэрхүү байгаад байдаг нь сонин.

Би угаасаа манайхны гаргадаг статистикт төдийлөн итгэж, ач холбогдол өгч сураагүй хүний нэг. Тэр тусмаа өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд байнга дарамтлуулж, ажилгүйчүүд нүдэн дээр нэмэгдсээр байхад Үндэсний статистикийн хорооноос гаргадаг ийм гоё тоонууд үлгэр хүүрнээд байх шиг санагддаг юм.

Уг нь статистик үнэн байдаг бол ус агаар шиг үнэ цэнтэй мэдээлэл юм шүү дээ. Үнэн, бодитой статистикийн мэдээлэлтэй улс орон хөгжилд хүрч чаддаг тухай зөндөө л уншиж байлаа. Яагаад, гэвэл тухайн улс орныг хөгжүүлэх үр ашигтай бөгөөд зөв шийдвэр, шийдэл гаргахад статистик тусалдаг. Тэгэхээр статистикийн тоо, мэдээлэл худлаа байх юм бол улс орны хэмжээнд гаргаж буй бүхий л шийдвэр, шийдлүүд худлаа болдог гэсэн үг. Хэмнэлт гарахгүй бол удирдаж чадахгүй гэх нягтлан бодох бүртгэлийн энгийн зарчмыг улсаараа ойлгочихвол уг нь хэрэгтэй юмсан. Статистикийн мэдээллийн туслалцаатайгаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөө, ирээдүйн шинж байдлыг шинжилж хардаг, цаашдын хөгжлийн төлөвлөгөө, бодлогоо боловсруулдаг учиртай. Зөвхөн улс оронд биш хувь хүнд статистикийн дүн шинжилгээ ямар чухал билээ.

Утааны хор хөнөөл багасаж буурч байгаа талаар байнга гаргадаг статистикийн тоо баримтад итгэх хүн Улаанбаатарт байдаг болов уу. Утаанаас шууд шалтгаалж хэдэн хүн амь үрэгдэж байгааг судалж, шинжилсэн тоо баримт одоо болтол алга. Манай статистикийн албанаас толгой эргүүлсэн тоонуудаа гаргахдаа аргачлалын хувьд тун бяцхан алдаа гаргахад л худал мэдээ болоод тарна. Энэ бол маш аюултай.

“Монгол Улс ядуу дорой, эдийн засгийн хямралтай байгаа нь мэдээж буруу бодлого, шийдвэрээс үүдэлтэй” гэж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагийн хэлсэнтэй санал нэг байна.

Манай улсын хямралд статистикийн худлаа мэдээлэл их нөлөөлдөг гэж би боддог юм. Шуудхан хэлэхэд статистикийн туслалцаатайгаар өнөөгийн улстөрчид, тэр тусмаа эрх баригчид хүссэн үр дүнгээ хиймлээр гаргадаг болсон нь сүүлийн хэд хэдэн сонгуулиас харагдсан. Аливаа бодит үр дүнг худлаа, буруу тайлбарлах, буруу аргачлал сонгох, алдаатай түүвэр, сонголт, санал хураалт явуулах зэргээр статистик судалгааг худлаа гаргаж байгаа жишээ, тохиолдол олон гарч байгаа. Санаатайгаар ч, санамсаргүйгээр ч статистикийг худлаа гаргаж байдаг гэдэгт эргэлзэх явдал лав алга.

Статистикийн гоё тоонууд бидний амьдралд мэдрэгдэхгүй байгаа учраас л худлаа гэж хэлээд байгаа юм. Тухайлбал, өөрийн өдөр тутам харж, мэдэрч буй амьдралаас жишээлэн, Үндэсний статистикийн хорооноос өрхийн орлого нэмэгдсэн, ажилгүйдэл буурсан гэдэг тоо, мэдээллийг санаатай гаргаж хэмээн хардаж байгаагаа энд дурдахгүй байж эс чадав. Яагаад гэвэл энэ байгууллага улс төрөөс хамааралгүй, хөндий байж чадахгүй байна. Сонгууль болгоны дараа удирдлага, дарга нар нь солигддог. Тухайн дарга өөрийг нь томилсон хүмүүст таалагдсан тоо, баримт гаргах болно, ойлгомжтой. Ийм учраас манайхны статистикт дарга нараас өөр итгэдэг монгол хүн бараг байдаггүй юм даа. Сайн дураараа захиалгатай статистик, судалгаа явуулдаг байгууллага ч олон болсон. Улс орны хамгийн чухал үнэн байх учиртай тоон мэдээллийг ингэж сайн дурын, хүссэн байгууллагад даатгана гэдэг статистикийн шинжлэх ухаан Монголд зүгээр л ашгийн төлөө бизнес болсныг илтгэж байгаа хэрэг. Статистик худлаа байхад Монгол Улс хөгжинө гэдэг худлаа.
САНАЛ БОЛГОХ