Зээлийн хүүг хүчээр тогтоох нь иргэдийг мөнгө хүүлэл рүү түлхэнэ

Байр суурь


Макро эдийн засгийн тусгал болох зээлийн хүүг албадлагын шинжтэй арга хэрэгслээр хязгаарлах нь зүйтэй гэж зарим улстөрч үзэж буй. Тэгвэл зах зээлийн зарчмаар тогтсон бодит хүүг хүчээр хөндөх нь оновчтой эсэхийг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч Ч.Хашчулуунаас тодрууллаа.

-Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох санал олон нийтийн анхаарлыг татсаар байна. Хүүгийн хувь хэмжээг хөндөх нь санхүүгийн салбар төдийгүй энгийн иргэд, макро эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Зээлийн хүүг ярихын тулд эхлээд зээл гэж юу болохыг тайлбарлах хэрэгтэй. Зээл бол санхүүгийн үйл ажиллагааны чухал хэсэг. Аль ч улс зээлийн хүүг хязгаарлахдаа туйлын болгоомжтой ханддаг. Бид зээлийн хүүг хүчээр тогтоолоо гэхэд дээд хязгаарыг нь зөв оношилж, тооцож чадах уу гэдэг асуулт урган гарна. Япон, Солонгос зэрэг улс иргэдээ сүүдрийн зах зээл гэгддэг мөнгө хүүлэгчдээс хамгаалахын тулд зээлийн хүүд дээд хязгаар тогтоодог. Харин банк бол мөнгө хүлээгчдээс өөр, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр бид арилжааны банкуудын зээлийн хүүг өндөр гэж шүүмжилдэг ч Монголын санхүүгийн зах зээл дэх хамгийн хямд хүүг одоогоор арилжааны банкууд л санал болгож байна. Учир нь банкны систем нь хууль эрхзүйн орчинд бий болсон, төв банкны зохицуулалт дор үйл ажиллагаа явуулдаг. Төв банк ч ард иргэдээ зээлийн хүүгийн дарамтад унагахгүйн тулд хүүг бууруулах чиглэлээр анхаарч ажилладаг. Тухайлбал, Монголбанк Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн баримт бичиг боловсруулсан бөгөөд мөрдлөг болгодог

-Зээлийн албан тогтолцооны далд зах зээлээс ялгарах давуу тал нь юу вэ?

-Банкны системд зээлийн албан буюу хуулийн зохицуулсан тогтолцоо үйлчилдэг учраас мөнгө зээлсэн иргэд ямар ч тохиолдолд хуулийн хамгаалалтад байдаг. Гэтэл зах зээлийн зарчмаар бий болсон санхүүжилтийн өртгийг албадлагын аргаар хязгаарласан тохиолдолд банк эсвэл санхүүгийн ямар нэгэн байгууллага зээл олгохоо зогсоох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн хүртээмж хумигдана. Яагаад гэвэл, зээлийн хүүгийн хувь хэмжээг нь хүчээр барьчихсан санхүүгийн системд зээл олгох нь банкинд ашиггүй болж, цаашлаад дампуурна. Ингэснээр зээл олгох чадваргүй болж, банкинд итгэж мөнгөө хадгалуулсан иргэд хохирно. Санхүүгийн тогтолцоонд арилжааны банкууд чухал үүрэгтэй. Тэднийг буруутгаж, чичиллээ гээд эдийн засаг өөдлөн дэвжихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ч маш их хохирол амсана. Зээлийн эрэлт, хэрэгцээ хэзээд зах зээлд бий болно. Энэ эрэлт хэрэгцээг таслан зогсоох боломжгүй. Гэтэл эрэлт, нийлүүлэлтийн хүрээнд бий болсон энэ зах зээлийн аль нэг хэсэгт нь хязгаарлалт тогтоочихоор бүх юм өргөс авсан мэт алга болчихгүй. Харин ч зээл авах хүсэлтэй иргэдийг албан бус буюу мөнгө хүүлэл рүү түлхэхэд хүрнэ. Тиймээс зээлийн хүүг аль болох зах зээлийн жамаар нь тогтоох хэрэгтэй.

-Банкууд зээлийн хүүг өндөр тогтоож байна гэж энгийн иргэдээс эхлээд улстөрчид хүртэл шүүмжлэх боллоо. Банкууд зээлийг хүүг өсгөж байна уу?

-Зээл өгч буй мөнгө бол банкны хөрөнгө биш. Арилжааны банкуудад дүрмийн сан бий. Гэхдээ энэ сангийн хөрөнгө хязгаарлагдмал. Иргэдэд зээл хэлбэрээр олгож буй мөнгө нь хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэж, хадгалуулсан хөрөнгө. Зээл авч буй иргэд бага хүүг хүсдэг бол мөнгөө хадгалуулсан хүмүүс аль болох өндөр хүүг илүүд үзэх нь ойлгомжтой. Энэ хоёр талын огтлолцлыг банк тэнцвэржүүлэх үүрэгтэй. Харин өөрөө мөнгөтэй эсвэл мөнгө хэвлээд, түүнийгээ иргэдэд өндөр хүүтэй зээл олгодог байгууллага биш. Тиймээс зээлийн хүүд хадгаламжийн хүү нөлөөлдөг. Үүн дээр банкуудын барилгын түрээс, зардал ажилчдын цалин зэрэг үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Тиймээс хадгаламжийн хүүг бууруулахгүйгээр зээлийн хүүг багасгах боломжгүй.

• Бодлого буруу, эрсдэл өндөр, манай шүүхийн байгууллага сайн ажиллахгүй байгааг зөвхөн банкуудтай холбож болохгүй.

• Хязгаарлагдмал хадгаламжид их хэмжээний эрэлт үүссэнээс хадгаламжийн хүү ч, зээлийн өртөг ч өндөр байгаа юм.

•Зээлийн хүүгийн хувь хэмжээг нь хүчээр барьчихсан санхүүгийн системд зээл олгох нь банкинд ашиггүй болж, цаашлаад дампуурна.

Монгол Улс хүн ам цөөтэй. Үүнээс хадгаламжтай иргэд бүр цөөхөн. өөрөөр хэлбэл, бага хэмжээний хөрөнгө буюу хязгаарлагдмал хадгаламжид их хэмжээний эрэлт үүссэнээс хадгаламжийн хүү ч, зээлийн өртөг ч өндөр байгаа юм. Хадгаламжийн хүүг бууруулахын тулд төр тодорхой алхам хийж болно. Тухайлбал, хадгаламжийн эрсдэлийг бууруулснаар хүү нь багасна. Үүний тулд хадгалуулсан хөрөнгө нь хадгаламж эзэмшигчдэд эргээд 100 хувь очно гэсэн баталгааг бий болгох хэрэгтэй.

-Хууль шүүхийн маргаан банкуудын үйл ажиллагааны зардлаар дамжин зээлийн хүүгөсгөдөг гэж мэргэжлийнхэн хэлдэг. Зээлээ цаг хугацаанд нь төлөөгүй иргэдээс үүдсэн энэ төрлийн зардлыг бууруулах боломж бий юү?

-Зээл бол банкны өөрийн хөрөнгө бус хадгаламж эзэмшигчийн мөнгө гэдгийг өмнө нь хэлсэн. Харин банк гэдэг хадгаламж эзэмшигчийн мөнгөөр менежмент хийж буй байгууллага. Тиймээс банк зээл олгосон мөнгөө буцаагаад иргэдээс авч, хадгаламж эзэмшигчдэд олгох үүрэгтэй. Гэтэл зээлээ төлөлгүй гүрийдэг зарим иргэнээс хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хууль шүүхийн дагуу авахын тулд банк багагүй хугацаа болон зардал гаргаж байгаа. Дунджаар хоёр хүртэл жил зарцуулдаг гэх тооцоо бий. Энэ хэрээр зардал өснө. Зээлээ хугацаанд нь төлдөггүй иргэд өсөхийн хэрээр зээлийн хүүг өсгөхөөс аргагүй болж байгаа юм. Ингэснээр дүрэм журам сахидаггүй иргэдийн өмнөөс шударга жирийн иргэд хохирно. Тиймээс төр зээлийн маргааныг дунд шатны буюу хууль, шүүхийн хүрээнд шийдэх хугацааг багасгах хэрэгтэй. Банкны систем дэх эргэн төлөлтийг дэмжиж, эрсдэлийг бууруулахгүйгээр зээлийн хүүгээ багасга хэмээн банкуудаас шаардах нь шударга бус.

-Арилжааны банкуудыг чичлэх, буруутгах хандлага иргэд төдийгүй улстөрч, эдийн засагчдад ажиглагддаг. Монголын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг нуруун дээрээ үүрдэг энэ системийн эрсдэл нэмэгдсэнээр ямар үр дагавар бий болох вэ?

-Банкны тогтолцоо нь аливаа улсын санхүүгийн системийн суурь болдог. Энэ систем дэлхийд 700-800 жилийн өмнө үүссэн баялаг түүх, уламжлалтай, өөрийн гэсэн хууль журамтай. Монголын банкны систем ч ялгаагүй. Манай улс 1920- иод оноос тусгаар тогтносон улсын байр сууринаас банкны системийг хөгжүүлж байна. Банкны тогтолцоо нь хадгаламж эзэмшигчдээс мөнгө татан төвлөрүүлээд, мөнгө хэрэгтэй иргэдэд зээл олгох дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл дамжуулагчаа хүүлэл хийж байна хэмээн буруутгах нь утгагүй. Зээлийн хүү нь хадгаламжийн хүүгээс үүсэж байгаа. Бодлого буруу, эрсдэл өндөр, манай шүүхийн байгууллага сайн ажиллахгүй байгааг зөвхөн банкуудтай холбож болохгүй. Харин банкны тогтолцооны зардлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Үүний тулд хууль эрхзүйн орчныг шинэчлэх зэрэг шат дараатай олон ажил хийх ёстой. Гэтэл энэ чиглэлд дорвитой алхам хийхгүй атлаа банкуудыг шүүмжлэх нь шударга бус.


САНАЛ БОЛГОХ