Худалдааны дайн намжих эхний дохио: 3 сарын 1-нд татвар өсөхгүй
Мөнгөний урсгал
Вашингтонд ням гарагт дууссан худалдааны яриа хэлэлцээнд “дорвитой дэвшил” гарсан тул Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний тарифыг өсгөх эцсийн хугацааг сунгахаар боллоо. “Оюуны өмч хамгаалах, технологи дамжуулах, хөдөө аж ахуй, үйлчилгээ, валют болон бусад асуудлыг хамруулан БНХАУ-тай хийж буй худалдааны яриа хэлэлцээнд АНУ дорвитой дэвшил гаргаж чадлаа” хэмээн ням гарагийн орой Twitter-тээ пост оруулсан юм. Тэрбээр “Энэхүү урагштай яриа хэлэлцээний үр дүнд, анх гуравдугаар сарын 1-нээр товлоод байсан АНУ-ын тариф өсгөх хугацааг миний бие хойшлуулж байна” гэв. Түүнчлэн хоёр талын яриа хэлэлцээг цааш ахиулан хэлэлцээр байгуулахын тулд Флорида дахь Мар-а-Лаго резортод Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөөд байгаагаа Трамп мэдэгдлээ. Ерөнхийлөгч уулзалтын тов, тарифыг хэр хугацаагаар хойшлуулах гэж байгаагаа тодорхой тайлбарласангүй. Мөн “Худалдааны яриа хэлэлцээний сүүлийн шатанд тодорхой асуудлаар дорвитой ахиц гарсан” гэж Хятадын албан ёсны Шиньхуа агентлаг нарийвчилсан зүйлсийг дурдалгүйгээр мэдээлэв.
Шинэ мэдээллийн дараа АНУ-ын биржийн фьючерсын үнэ Азид өсөж, офшор юанийн ханш сайжирсан юм. Хөрөнгө оруулагчдын аз турших сонирхол нэмэгдэх хэрээр ханш нь буурдаг уламжлалтай иений ханш бас суларлаа. Баасан гарагт өндөрлөх байсан хоёр улсын худалдааны яриа хэлэлцээний сүүлийн шат БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лю Хө Вашингтон дахь айлчлалаа бямба, нямыг дуустал сунгасантай холбогдуулан үргэлжилсэн юм. Гуравдугаар сарын эцсээр Мара-Лагод товлосон хоёр удирдагчийн уулзалтын урьдчилсан төлөвлөгөө бэлтгэх гэж байгааг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин баасан гарагт мэдэгдэв.
АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн оффис тариф өсгөх шийдвэрийг хойшлуулах албан ёсны тушаалыг энэ долоо хоногт гаргахаар төлөвлөөд байна. БНХАУ-ын 200 гаруй тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний тарифыг хоёр гаруй дахин өсгөх хугацааг гуравдугаар сарын 1-нээс хойшлуулж сунгасан нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд ашигтай төдийгүй хөрөнгө оруулагчдын түгшүүрийг намжаахад тустай.
Яриа хэлэлцээний сүүлийн шатанд валютын асуудлаар хэлэлцээр байгуулсныг Стивен Мнучин мэдэгдсэн ч тодорхой зүйлс дурдаагүй өнгөрлөө. АНУ-ын худалдааны тарифын нөлөөг сааруулахгүйн тулд юанийн ханшийг тогтвортой бариулах хүсэлтэйгээ БНХАУ-ын талд тавьсныг Bloomberg өмнө нь мэдээлсэн. Гэвч бямба гарагийн оройн байдлаар хоёр тал валютын хэлэлцээрийг сахиулах асуудлаар тохиролцож чадаагүй байсан юм. “Бээжин өмнөх амлалтаа биелүүлэлгүй өдий хүрлээ” гэх гомдолд нийцүүлэн энэ удаагийн худалдааны яриа хэлэлцээгээр хатуу шахах арга хэмжээ оруулж өгнө хэмээн Трампын засаг захиргаа тайлбарлаж байв.
ХҮЛЭЭХ ҮҮРГЭЭ БАТАЛГААЖУУЛАВ
Хоёр тал хүлээх үүргээ хэлэлцээний төгсгөлд баримт бичгээр баталгаажуулав. Гадаадын компаниудын технологийг Хятадад дамжуулахаар шахалт үзүүлдэг, оюуны өмч хулгайлдаг гэх АНУ-ын зэмлэлийг нэг удаагийн хэлэлцээгээр, Ерөнхийлөгчийн зөвшөөрөлтэй шийдвэрлэх гэж байгааг эх сурвалж мэдээлэв. Технологи дамжуулах Хятадын бодлоготой холбоотой хэлэлцээр нь өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн хэлэлцээний хамгийн түвэгтэй асуудлын нэг байсан аж.
Трамп, Ши нар 12 дугаар сарын 1-нд Буэнос Айрест зоог барих үеэрээ санаачилсан худалдааны хэлцлийг эцэслэн тохиролцохоор хоёр тал хэдэн долоо хоногийн турш Бээжин, Вашингтонд ийн хэлэлцээ өрнүүллээ. Тухайн үед тэд худалдааны дайныг хурцатгахгүйн тулд 90 хоногийн эвлэрэл зарлаж, энэ хугацаанд хоёр улсын засаг захиргаа оюуны өмчийн хулгайгаас эхлээд шар буурцгийн худалдаа хүртэлх олон асуудлаар тохиролцох арга хайхаар шийдсэн юм. Хамгийн сүүлийн хэлэлцээгээр БНХАУ нэмж 10 сая тонн шар буурцгийг АНУ-аас худалдан авах санал тавьсныг АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердью баасан гарагт Twitter-ээр мэдээлэв.
ЯДРУУ НӨХӨӨС
Худалдааны маргаан үргэлжилсэн нэгдүгээр сар хүртэлх хоёр сарын хугацаанд АНУ-д нийлүүлэх Хятадын экспорт буурсаар байв. Гэхдээ БНХАУ-д гаргах АНУ-ын экспорт ч багасаж 2018 оны эдийн засгийн өсөлтийг арагш чангаах аюултай болсныг Холбооны Нөөцийн Систем баасан гарагт анхааруулсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хоёр улсад удааширсныг Bloombergийн шинжээчдийн судалгаа харуулж буй. Гутранги нөхцөл өнгөрсөн оны эцсээр дэлхийн үнэт цаасанд тусгалаа олсон ч худалдааны зөрчил багасаж магадгүй гэсэн өөдрөг таамаг үүсмэгц зарим зах зээл сэргэсэн юм. Үнэт цаасны зах зээл 1930аад оны Их Хямралын үеэс хойш тохиолдоогүй муудсан 12 дугаар сарын дараа S&P 500 индекс нэгдүгээр сард бараг найман хувиар өсөв. Тэгвэл уг индекс энэ сард гурав орчим хувиар өсөх төлөвтэй. Хятадын үнэт цаасны Shanghai Composite индекс 2018 онд 25 хувиар унасныхаа дараа он гарснаас хойш 12 орчим хувиар сэргэлээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй