Өөрт ирсэн 49 хувь яах вэ, өрөөлийнх болж байгаа 51-ээ ярьцгаая

Нийтлэлчийн булан


51 хувийн буруутнуудыг хаацайлж буй ЗГ-аас шударга ёсыг хүлээх хэрэг байна уу


“Засгийн газар “прокурор”-той болчихоо юу” гэдэг үг Л.ОюунЭрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсоноос хойш дэлгэрсэн.


Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаасаа хойш энийг ч шалга, тэрийг ч хураа гэх даалгаврыг өгч суух болсон. Дүрдээ хэт орсон уу, Монгол оронд хийгдсэн өмч хувьчлалыг бүхэлд нь шалган судлах үүрэг хүртэл өгч, дөвчигнөв.


28 жилийн өмнө өрнөсөн өмч хувьчлалын алдаа оноог шалган, судлахад Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллах 1.8 жилийн хугацаа хүрэхгүй. Сонгуулиас өмнө огцорчихгүй бол шүү дээ. Үүнийг тэрбээр өөрөө ч сайн мэдэж байгаа.  Гэхдээ энэ Засгийн газар анх байгуулагдахдаа олон нийтэд өгсөн шударга ёсны амлалтаа иймэрхүү бүтэшгүй зүйлээр булзайруулж, сонгууль хүртэл ард түмний анхаарлыг сарниулан цаг хожих зорилготой байгаа нь Л.Оюун-Эрдэнийн сүртэй ч, сүнсгүй мэдэгдлүүдээс харагдаж байна. Жинхэнэ “попорно” гэдэг энэ юм. Түүний оронд ЖДҮ-чдээ шалгаж, хариуцлага тооцсон бол илүү итгэл үнэмшилтэй харагдах байлаа.


Яг ийм тактик нь үнэмлэхүй олонх МАН-ынхны гараар орж, өнөөдөр гадаадын банкны барьцаагаар алдагдахад хүрээд буй Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой хэрэг дээр илэрч байна.


Тодруулбал Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Стандарт банкны хүсэлт, олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу манай улсын төсвийн орлогын гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс өөрөөсөө бараг алдчихаад буй. Монголын ард түмний өмчийг гадаадын улсад барьцаанд тавьснаа нуусан хэрэг таван жилийн өмнө задарсан, хийсэн, холбогдсон эзэд нь ч илэрсэн. гэвч төрийн өмчийн 51 хувиар МАН-ын эрх баригчдыг санхүүжүүлэгч хувийн ЖАСТ хэмээх компани дэнчин тавьж зээл аваад, түүнийх нь төлөөсөнд төр орлогын гол бүрдүүлэгч үйлдвэрээ алдахад хүрээд буй асуудлыг ярихаас тэд зугтаж байна.

Арбитраас “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон байдаг.  Харин энэ мөнгөний хүү, арбитрийн шүүхтэй холбоотой маргалдагч талын гаргасан зардал зэрэг нэмэгдсээр өнөөдөр 126 сая ам.доллар хүрээд байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах ажлын хэсгийн гишүүн Д.Пүрэвдорж “Сүүлд авсан мэдээллээр 126 сая ам.долларын төлбөр гараад байна. Асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол болохгүй” хэмээн өчигдөр өдөр тутмын нэгэн хэвлэлд ярьжээ.

Харин тус Ажлын хэсгийн өөр нэгэн гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт дээр шалгалт хийгээд, үр дүнг нь төрийн гурван өндөрлөгт танилцуулах санаатай бичиг дээр сууж байна. Гэвч хуучин яригдаж байсан, бүгд мэдэж байгаа тэмдэглэл яалаа ч гэнэ үү? Популистуудын хурдыг гүйцэхгүй бололтой. Гол нь үр дүн. “51-ийн асуудал”, “мэнгэ” / ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж/ гээд ярихаар хуучин мэдээллийг сүр оруулж зарлах...” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Энэ бол сайд Л.Оюун-Эрдэнэ хэдийн олон нийтэд ил болж, 49 хувийн нууц протокол гэсэн хуучин сэдвээр хоолойд хутга тулгасан асуудлаа дарах гэж жүжиг тавьсны нотолгоо.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь бол улсын өмч. Анхнаасаа л тийм байсан. Харин 49 хувийн эзэмшилтэй холбоотой асуудал тусдаа. ОХУ-ын өмч байсан 49 хувийг Монголд авчирснаас хойш болсон бүх үйл явдал олон нийтийн нүдэн дээр өрнөсөн. Бусдад байсан Монголын баялгийг худалдаж авч ирсэн хувийн хэвшлийнхнээс төрийн нэрээр яаж дээрэмдэх гэж оролддогийг бид харж байна. Харин 51 хувь буюу дотооддоо байсан төрийн өмчийг дэнчин тавьж, бусдад алдчихаад байхад Засгийн газар өнөө болтол яагаад таг чимээгүй байна вэ? өөрийн болгосон 49-ийн талынхныг ноолж, өрөөлд алдсан 51 хувийн буруутнуудыг хаацайлж буй Засгийн газраас өөрсдийнх нь амласан шударга ёсыг хүлээх хэрэг байна уу.

Үнэхээр шударга үнэний дуу хоолой мөн юм бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ та шүүх рүү шилжчихээд, Монголын мэдлээс бүрмөсөн гарах гэж буй 51 хувийн асуудалд санаа тавих хэрэгтэй байна. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, улсыг хохиролгүй болгох алхмыг эхлүүл. Түүнээс биш хувийн хэвшил рүү дайрч, худлаа нэр төр хөөсөн нийтийг манантуулж төөрөгдүүлсэн мэдэгдлийг чанга хийснээр гагцхүү Монгол тэр чигээрээ хохирч үлдэх болно шүү дээ.

• 28 жилийн өмнө өрнөсөн өмч хувьчлалын алдаа оноог шалган, судлахад Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын даргаар ажиллах 1.8 жилийн хугацаа хүрэхгүй.
• Д.Пүрэвдорж: Сүүлд авсан мэдээллээр Эрдэнэтэд 126 сая ам.долларын төлбөр гараад байна. Асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол болохгүй.
• Л.Оюун-Эрдэнэ хэдийн олон нийтэд ил болсон 49 хувийн нууц протокол гэсэн хуучин сэдвээр хоолойд хутга тулгасан асуудлаа дарах гэж жүжиг тавьлаа.

Харин ч энэ мэт сонгуулийн цикль харсан улс төрийн тоглолт чинь Монголын бизнесмэнүүдийг мохоож, хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Хувийн хэвшлийнхний нуруун дээр явдаг энэ улсын эдийн засаг, түүний үр шимийг хүртэж байдаг ард түмэн хохирно гэдгийг эрхэм сайд эрх биш ойлгомоорсон. Өөрт байгаа хойно 49 хувийн асуудал хэзээ ч Монголд хохиролгүй хойно, өрөөлд алдчихаад байгаа 51 хувийнхаа талаар эрх баригчид хамгийн түрүүнд дуугарч, эргүүлэн авчрах ёстой шүү дээ. Эс бөгөөс Эрдэнэт үйлдвэр бусдынх болохыг эрх баригчид хүлээн зөвшөөрч, хуйвалдаж байна гэж ард түмэн харж байгааг бүү март.
САНАЛ БОЛГОХ