Шахаа - Хяналт = 100%
Саяхан болж өнгөрсөн үйл явдлаас харвал нэг бизнес эрхлэгчийг төр нь хууль зөрчсөн хэмээн хорьж байгаа дүр зураг байна. Гэхдээ ямар арга хэрэглэн шалгаж байгаа болон өрнөж буй дараалал нь өөрийн эрхгүй анхаарал татлаа. Аль нэг талыг барихгүйгээр болж байгаа үйл явцыг тоймлон харвал нэг талаас бизнес эрхлэгчийг хардах үндэслэлтэй зүйл байгаа ч нөгөө талаас төрөөс явуулж буй арга хэмжээ нь бас хар дагуулахаар олон юм байгааг хөндлөнгөөс энгийн ухаанаар харж үзье:
Яагаад зөвхөн нэг компани Эрдэнэтийн 49%-ийг авав? Улс яагаад өөрөө авч болоогүй вэ?
Эрдэнэтийн 49 хувийг Оросын засгийн газар бус харин Ростех гэдэг Оросын компани эзэмшдэг байсан. Хувьцаагаа зарахдаа 51% эзэмшигч болох Монголын Засгийн Газарт эхлээд санал тавина хэрэв татгалзвал дараа нь хэнд зарахаа өөрөө шийдэх эрхтэй юм. Ингээд манай Засгийн газар татгалзсан тул хувийн компанид худалджээ. Манайх шиг тогтворгүй төртэй наймаа хийх нь цаг хугацааны хувьд ч санхүүгийн хувьд ч дэндүү эрсдэлтэй гэж үзсэн байх магадлалтай. Монголд ийм хэмжээний том гэрээ хийж, эрсдэл хүлээж чадах компани гарын таван хуруунд багтана. Эдгээр дотор зориглож хийх нь хэд үлдэх вэ? гээд бодоход энэ худалдаанд Монгол талаас бодитой нэг эсвэл хоёр компани тунаж үлдэх байсан байх. Гэтэл өөрөө авахаас татгалзсан төр 49%-аа аваад ирсэн хувийн хэвшлээ хэрэгтэн болгож хорьж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Уг нь өөрөө яагаад аваагүй вэ гэдгээ шалгамаар.
Худалдан авалтыг улсын мөнгөөр хийсэн үү?
400 сая долларын худалдан авалтын дүнг шууд нэг дор гаргаад өгөх чадвартай дотоодын компани бүү хэл манай төр ч өөрөө чадахгүй нь гашуун үнэн юм. Ийм хүнд нөхцөлд дотооддоо цаг алдалгүй төрөөс, хувийн хэвшлээс хөрөнгө босгож (зээлж) худалдан авалт хийсэн нь улсын мөнгөөр авсан гэдэг хардалтад өртөөд байгаа бололтой.
Үнэхээр улсаа бодож 49%-ийг хувийн компани авч ирсэн үү?
Тийм бас Үгүй. Мэдээж бизнесийн байгууллага өөрт ашиггүй зүйл хийхгүй. Ямар ч байсан үр дүнд нь Оросын компанид очдог байсан ашиг Монголын компанид ирэх болсон. Үүнийг дагаад улсад орох татвар нэмэгдэх болсон. Гэхдээ тэд магадгүй өөрт ахадсан эрсдэл өөр дээрээ үүрсэн. Энэ үүднээс Эрэдэнэтийг ямар ч байсан улсдаа авч ирэх хүсэл эрмэлзэл байсныг үгүйсгэх аргагүй юм. Ямар ч байсан тэд чадсан. Хэзээ ч дуусахгүй хардалт, улс төрийн ашиг сонирхлын хэрүүлээс болоод хэзээ ч бүтэхгүй байж болох байсан ажлыг зориг гарган бодит ажил болгож чадсан. Хариуд нь тэд хоригдлоо.
Яагаад?
Үе үеийн эрх баригчдын хамгийн их мөнгө хийдэг газар нь Эрдэнэт байсаар ирсэн ба олон улс төрчдийг тэрбумтан болгосон. Оросын тал энэ их шахаа, шамшигдуулалтын учрыг олж, барьж дийлэхгүй болсон тул зарахыг хүссэн байх. Ингээд дотоодын хувийн хэвшил аваад гэнэт хяналт тавиад эхэлтэл агуулахад нь ямар ч хэрэггүй асар их бэлгэвч тэргүүтэй шахааны бараа байгаагаас эхлээд 51%-ийг улс төрчид нь аль хэдийн барьцаанд тавиад мөнгийг нь аваад алга болсон ноцтой хэргүүд ил гараад эхэлсэн. Иймд даруй төрд 100% буцаан авч нам дарахгүй бол хуучны дахиад олон хэргүүд ил гарахаас гадна одооны шахаа зогсох аюултай нөхцөл үүссэн байна. Хуулийн дагуу гай болсон хувийн хэвшлийг “гэм буруутай”-г нь нотлоход цаг алдахаас гадна хууль зөрчөөгүй байх магадлалтай тул өөрт байгаа хүчийг шууд дайчлан ажиллуулах хурдан аргыг сонгосон байх.
Ямар арга?
Олон нийтийн харах өнцгийг тусгай нэвтрүүлгээр эргүүлж байгаад гэнэт дайчлан баривчлахад хэн ч гайхахгүй бас өрөвдөхгүй. Энэ дунд Эрдэнэтээс тусдаа нүдэнд харагдахгүй нэг аюултай зүйл болж байгаа нь олон нийт эрх мэдлээ алдаж байгаа явдал юм. Өнөөдөр нэг нэвтрүүлгээр хэдэн тоо үзүүлсэн схем танилцуулна, маргааш нь дайчлан баривчлан хорино. Яг үнэндээ тэр схем үнэхээр бодит байсан уу гэдгийг уншигч та баталж чадах уу? Ямар баталгаа үзүүлснийг та санаж байна уу? Гэсэн хэдий ч та түүнд итгэсэн, маргааш нь баривчлагдаад явж байгаа хүмүүсийг хараад болдог юм болдгоороо боллоо гээд өнгөрсөн байх. Хэрэв нөгөөдөр ТАНЫГ ингээд аваад явбал..хэн ч дуугарахгүй. Ийм арга үнэхээр байдаг бөгөөд түүхэнд ч, одоо ч их ашиглагддаг ба ийм зүйл болгохгүйн тулд шүүх засаглал гэж зүйл бий болсон байдаг.
Ямартай ч дотоодын хувийн хэвшил их зориг, эрсдэл гарган Эрдэнэтийг авч ирлээ удалгүй булаалгалаа. Эрдэнэтэд ямар шахаа явж татварын мөнгө завшдагийг мэдэхгүй хүн эсвэл өөрөө шахаа хийдэг хүн л төрд буцааж авах ёстой хэмээн хэмлэж байна. Хувийн хэвшлийн хяналт дор байсан энэ богино хугацаанд 51% хувь дээр явагдсан ямар их бохир наймаа ил гарсан билээ. Төр 51% байхад тийм байсан юм чинь 100% болсон үед ямар нууц бохир наймаа цаашид явагдахыг тооцож баршгүй.
Энгийн ухаанаар бодоход төрд 100% шилжлээ гээд бохир наймаа, шахаас бүр томорч яг үнэндээ татварт цугларах мөнгө улам багасна. Өнөөгийн улс төр явдаг нөхцөл дор төр нэртэй түр зуурын солигддог шуналтангуудын гарт л бид 100% өгч байгаа хэрэг. Саяхан төр мэдэлдээ авлаа гээд эхний ажил нь Эрдэнэт дээр онцгой байдал зарлалаа. Онцгой байдал зарласнаар тэнд бүх худалдан авалт тендергүй явах боломжтой болж байгаа юм. Хувийн хэвшлийг хардах муулах олон шалтгаан байж болох ч тэд ядаж шударга хяналт тавьж чадах байсан юм. Өөрсдөө ч хянуулна. Ингээд 2 талын хяналттай байх нь энгийн иргэд бидний хувьд өнөөгийн нөхцөлд хамгийн зөв хувилбар байсан юм. “Төр авнаа” гэдэг сайхан үг энгийн иргэн бидэнд үр ашиг нь ирнэ гэсэн үг биш төр барьж байгаа хүмүүст л үр ашиг нь очно гэдгийг бид хэзээ ойлгох вэ?
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй