Чиний харж байгаа бүх зүйл өөрийн гэсэн түүхтэй

UB Info

Их гоё машинд чанга хөгжим тавьсан нэгэн залуу бүжиглэж байлаа. Хар тамхи татчихсан юм уу гэмээр. Хүн ер нь хамгийн түрүүнд их сонин зүйл боддог юм байна лээ. Баян айлын хүүхэд байна. Хөгжмөө чанга тавиад сагсуурч байна гэж.

Удалгүй арын цонх онгойж хоёр хөөрхөн хүүхэд сууж байсан бөгөөд, гэрлэн дохион дээр зогсож яриаг нь сонсох нээ, аав нь ажлаа сайн хийгээд, өнөөдөр шинэ машин аваад, ээжийгээ ажлаас нь очиж авахаар явж байгаа бололтой.

Өөрөөсөө ичлээ.

Би сайн сайхан байхыг уриалдаг хэрнээ, өөрөө муу муухай зүйлрүү уриалагчийг шүүмжилдэг хэрнээ, үзэл бодол минь хэдийнээ тэр хүмүүстэй адилхан болчихсон байна шүү дээ гэж.

Ярзайсан сайхан цав цагаан шүдтэй, нэгэн бүсгүй ажил дээр орж ирлээ. Юм л бол шүдээ гаргаж инээнэ. Үнэхээр дурламаар гоё шүдтэй. Жаахан зүйл ярилцаад, ажлаа амжуулж аяга кофе уунгаа ярьж байхад бүтэн 8 сар ажиллаж, цалингаа цуглуулж байгаад шүдээ янзлуулсан гэдгээ хэлэв.

Нэгэн бааранд тайчих үзүүлбэр үзүүлдэг бүсгүйтэй бас уулзаж ярилцав. Тэрээр:
- Тайчих хүмүүсийг Монголчууд биеэ үнэлэгч гэж боддог. Үнэлдэг учраа мэдэхгүй бүсгүйчүүд байдаг л даа. Гэхдээ бүгд биш. 100-ны 90% нь үнэлдэггүй. Бид маш их хөдөлмөрлөдөг.

Хэдэн жил бэлтгэж, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, байнгын хяналт, согтуу хүмүүс гэх мэт зөндөө олон эрсдэлд бэлэн байх ёстойгоо ойлгож энэ замыг сонгодог. Мөнгө ч сайн олдог. Өдөрт хамгийн багадаа 150,000₮ буухгүй. Сайн өдөр 1 сая гаргаад ч олдог гэв.

Ээж аавдаа сайхан байр авч өгч, өөрийнхөө ч гэсэн амьдралыг сайхан авч яваа. Одоо хэсэг бүжиглэж байгаад АНУ-руу сургуульд явах гэж байгаа талаараа ч хэллээ.

Юу гэхээр харагдаж байгаа зүйлд битгий итгэ. Чиний харж байгаа бүх зүйл өөрийн гэсэн түүхтэй. Иймд түүхийг нь мэдэхгүй, өөрийнхөө харсан зүйлдээ судалгаагүйгээр сохороор итгэх нь таныг тэдэнтэй улам адилхан болгож байна...

Эх сурвалж: Erdenebileg Dulguun

САНАЛ БОЛГОХ