Ардчилсан намд шинэ даргын сунгаа эхэлжээ

Нийтлэлчийн булан


Намын даргаас гадна УИХ-ын дэд дарга, бүлгийн даргад хүн томилох боломж л байна


Шүүхийн маргаантай байгаа хоёр тойргийг эс тооцвол сонгуулийн дүн эцэслэн гарлаа. СЕХ ялалт байгуулсан гишүүдийн түр үнэмлэхийг олгож, нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн барив. Ерөнхийлөгч ч дараагийн Их
хурлыг ажилдаа яаралтай орохыг үүрэг болгоод, УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хуралдуулахаар товлоод байна. АСЕМ-аас өмнө шинэ Их хурал байгуулагдаж, хийж амжуулах ажил ч мундахгүй. Тэгэхээр Засгийн газрын томилгоог ч яаравчлах бололтой. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ- ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Үндсэн хуулийн дагуу Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй болсон МАН дотроо албан тушаалаа хуваагаад эхэлж. Юун түрүүнд тус намын Удирдах зөвлөл хуралдаж, Су.Батболдыг хотын дарга болгохоор санал нэгдсэн аж.
Хэнийг вэ гэдэг нь чухал болохоос албан тушаалын аливаа томилгоо ялсан намын бүрэн эрхийн асуудал учир сонирхолтой сэдэв биш. Харин одоо хамгийн анхаарал татсан асуудал нь Ардчилсан намын удирдлагуудын сэлгээ.
Үнэмлэхүй олонх биш ч УИХ- д хамгийн олон суудалтайн хувьд эвслийн Засгийн газар байгуулах санаачилга, санал тавих эрхтэй байсан Ардчилсан намын суудлыг ердөө ес болгон бууруулсан буруутан хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Харин тэр буруутан нь Ардчилсан намын удирдлагын баг. Угаасаа тус намын дарга З.Энхболд болон нийслэлийн Ардчилсан намын дарга Э. Бат- Үүл нар хариуцлага хүлээхээ мэдэгдсэн.
Олон фракцтай, тэр хэрээрээ олон эрх ашгийн зөрчилтэй Ардчилсан намыг удирдана гэдэг амар ажил биш. Тэр тусмаа “Ялсан намын гишүүний амбийц яагаад ч дарагдахгүй” гэдэг шиг эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын дотоод эв нэгдэл бүрэн арилсан. Намын эрх мэдэл фракцууддаа барьцаалагдсан бас хуваагдсан. Хэдийгээр тус нам Н.Алтанхуяг, З.Энхболд, Р.Гончигдорж, Р.Амаржаргал гэх мэт үзэл санаа тээгчидтэй боловч, тэд тус тусын фракцынхаа л удирдагч, гишүүн байснаас бус, хэн нь ч намдаа бүрэн дэмжлэгтэй лидер шиг ажиллаж чадсангүй. Одоо тэдэнд хамгаалах хувийн сонирхол, булаацалдах албан тушаал үлдсэнгүй. Харин намын даргаас гадна УИХ-ын дэд дарга, бүлгийн даргад тус бүр нэг хүн томилох боломж л байна. Гэхдээ энэ нь УИХ-ын бүтцийн байгууллага болох бүлэгтэй байгаагийн “шан” болохоос намд ямар ч хамаагүй.
Харин намын дарга нь нэр цэвэр, улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн, асуудлыг зөвшилцөж чаддаг хүн байх ёстой. Р.Амаржаргалаас эхлээд парламентын гадна нэр цэвэр, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч Ардчилсан намд бий. Гэвч сөрөг хүчний байр суурьт шилжсэн Ардчилсан намын дарга УИХ дахь бүлгийн гишүүдээ зангидаж, гар нийлж чадахгүй бол гудамжинд жагсахаас өөрөөр гавьтай ажил хийх боломжгүй. Тиймээс УИХ-д сонгогдсон ес дотроос л Ардчилсан намын дараагийн даргад өрсөлдөх ба байж болох хамгийн өндөр магадлал юм. Тэдгээр нь Баян-Өлгий аймагт Д.Мурат, Дундговьд Б.Наранхүү, Завханд Я.Санжмятав, З.Нарантуяа, Сэлэнгэд Д.Эрдэнэбат, Ховдод Б.Пүрэвдорж, Баянзүрхэд Ж.Батзандан, Хан-Уулд Л.Болд, Баянголд С.Эрдэнэ нарын есөн гишүүн.
Тэгвэл эдгээрээс Л.Болд, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нарын нэр намын даргад яригдаад эхэлжээ. Ойрын хугацаанд Ардчилсан намын ҮЗХ хуралдах төлөвтэй байна. Намын гишүүд нь тийм шаардлага тавьж буй. С.Эрдэнийн хувьд намын дарга болох мөнхийн “мөрөөдөл”- тэй гэж хэлж болно. Мөн одоогийн дарга З.Энхболдын ойрын хүн гэдгээрээ далдаас дэмжлэгтэй. Товчхондоо Шонхор фракцынхан нам доторх нөлөөллөө алдахгүйн тулд С.Эрдэнийг намын даргад зүтгүүлэх магадлалтай аж.
Харин Д.Эрдэнэбатын хувьд Ардчилсан намын гал тогоог авч явсан туршлагатай. Тус намын түүхэнд хамгийн удаан генсекээр ажилласан хүн түүнээс өөр байхгүй аж. Мөн түүний харьяалагддаг МҮДН фракцад Д.Эрдэнэбатаас өөр намын удирдлагын түвшинд гарч ажиллаж байсан хүн үгүй. Багануур дүүрэг буюу орон нутгаас намын удирдах байгууллагад дэвшин ирсэн цорын ганц боловсон хүчин гэдгээрээ Үндэсний зөвлөлдөх хороонд дэмжлэгтэй хүн. Тэрбээр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авах үеэрээ “Намын Их хурлыг нэн даруй хуралдуулж, үндсэн дүрмээ шинэчлэх”-ийг намын даргаасаа шаардсан.

Одоо тэдэнд хамгаалах хувийн сонирхол, булаацалдах албан тушаал үлдсэнгүй
Л.Болдын тухайд сүүлийн үед намын шинэчлэл, дүрмийн өөрчлөлтийн талаар дуугарч, “МоАН санаачилга” фракц хүртэл байгуулсан. 2016 оны УИХ-ын сонгуульд тойрог олох, жагсаалтын дээгүүр бичигдэх, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зэрэгт ашиглах зорилготой гэсэн тайлбар дагадаг байв. Харин одоо энэ орон зайг намын даргын “сунгаа”-нд ашиглахгүй гэх газаргүй билээ.
Эцэст нь хэлэхэд, Ардчилсан намын шат шатны байгууллагын хурал удахгүй болох төлөвтэй ч шийдвэр гаргах Их хурал шинэ Засгийн газар төвхнөсний дараа болохыг эх сурвалжууд мэдээлж байна.





САНАЛ БОЛГОХ