Тэрбумтан төрүүлдэг зах зээлд монголчууд “өлгий”-тэй байн
Зах зээл
Интернэт тоглоомын ертөнцөөс төрөх тэрбумтнуудын тоо нэмэгдсээр
Хэрэглэгчийн тоо нь 2.3 тэрбум давсан ертөнц үүсээд 20 хүрэхгүй жил болж байна. Гэхдээ шинэ зуунтай зэрэгцэн үүссэн энэ ертөнц дэлхийн бизнесийн салбарын хамгийн өсөлттэй зах зээлд тооцогдож, хөрөнгө оруулагчдыг хошууруулсаар. Монголчуудын ашиг орлого олохоосоо илүү зугаацах, алжаал тайлах хэрэгсэл болгон түлхүү ашигладаг интернэт тоглоомын ертөнцөөс дэлхийн бизнест цахиур хагалсан шинэ тэрбумтнууд төрсөөр байна.
Зэр зэвсэг хайж, амьд үлдэхийн төлөө тэмцдэг Free Fire тоглоомыг хөгжүүлэгч Sea компанийн хувь эзэмшигч, хятад гаралтай Форрест Ли 41 насандаа дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд бичигдэж эхэлснийг Bloomberg хэдхэн хоногийн өмнө мэдээллээ. Тус компанийн бүтээсэн виртуал ертөнцөд элсэгчдийн тоо АНУ-ын хүн амыг хэдийн давжээ. Форрест Ли Сингапурт төвтэй Sea компанийн хувьцааны 13.8 хувь буюу нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө эзэмшиж байна. Эхний тэрбумтан нь Форрест ли биш юм. Тулаанчдын тэмцлийг өгүүлэх Fortnite тоглоомыг бүтээсэн, тэрбумтан Тим Суини мөн энэ тоглоомоос мэндэлсэн түүхтэй.
Ийнхүү гарт үл баригдах хийсвэр ертөнц дэлхий нийтийг соронз мэт татаж, чиглэх хөрөнгө, санхүүгийн урсгал ч үржихийн хүрдээс хурдтай өсөж байна. Ухаалаг төхөөрөмжөөс хэт хамаатай болсон орчин цагийн дэлхийд видео тоглоомын байлдан дагуулалт үргэлжилсээр байна.
ТЕХНОЛОГИЙН МАНЛАЙЛАГЧИД ТОГЛООМ РУУ ХОШУУРАВ
Хэрэв та үргэлж биш юмаа гэхэд үе үе гар утсаараа тоглоом тоглож цаг нөхцөөх эсвэл тархиа амраадаг бол аль хэдийн энэ ертөнцийн нэг гишүүн болсон гэсэн үг. Ер нь дэлхийн хаана л бол хаана утаснаас уяатай байдаг хэрэглэгчид тоглоомын зах зээлийг тэлж, хөрөнгө оруулалт, хөгжигсдийн тоо нь нэмэгдэх гол шалтгаан болоод байна. Интернэт тоглоом нийт орлогынхоо талаас илүүг нь зөвхөн хөдөлгөөнт утаснаас олдог байна.
Newzoo-гийн мэдээлснээр энэ зах зээлийн хэмжээ 2018 оны байдлаар 137.9 тэрбум ам.долларт хүрчээ. Хүний бүтээсэн, хийсвэр хорвоо ертөнцийг чиглэх мөнгөний хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж буй бөгөөд ирээдүйд ч өсөлтөө хадгалах өөдрөг таамгийг шинжээчид танилцуулж байгаа юм. 2021 онд гэхэд нийт орлого нь 180 тэрбум ам.доллар давах төлөвтэй.
Тоглоом ийнхүү ашиг олж болох “авдар” болж эхэлсэн тул технологийн компаниуд энэ салбар луу хошуурсан. Тухайлбал, БНХАУ-ын Tencent Holdings компани нийтлэлийн эхэнд өгүүлсэн хоёр тэрбумтны компанид хувь эзэмшдэг. Зөвхөн Tencent Holdings гэлтгүй бидний сайн мэдэх Microsoft, Apple, Sony зэрэг технологийн манлайлагчид тоглоомын ертөнцийн гол тоглогчид юм. Алдарт Apple л гэхэд хамгийн ашиг хүртдэг компаниудын нэгд тооцогддог бөгөөд өөрийн программ хангамжийн онлайн дэлгүүр буюу App store-оор дамжуулан, энэ төрлийн тоглоом борлуулж байна. Үүнээс гадна монгол залуусын түгээмэл тоглодог World of Warcraft -ийг бүтээгч Activision Blizzard-ийн зах зээлийн үнэлгээ 29.93 тэрбумаар хэмжигдэж байна. Ер нь эдгээр компани тоглоом сонирхогчдыг тоглохоос өөр аргагүй болтол нь сонирхол, хүслийг нь төрүүлээд зогсохгүй мөнгөн урсгалыг ч соронз шиг татдаг байна.
ӨСӨЛТИЙН ИРЭЭДҮЙ ЭНЭТХЭГ, БНХАУ
Энэ зах зээл рүү урсаж буй гурван ам.доллар тутмын нэг нь Хятадын зах зээлийнх аж. Хүн амын тоогоор тэргүүлэгч энэ гүрэн дэлхийн интернэт тоглоомын зах зээлийн өлгий нутагт тооцогдох боллоо. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хамгийн ирээдүйтэй зах зээлээр Энэтхэг улс нэрлэгдэж байна. Энэтхэгийн интернэт тоглоомын зах зээл хурдтай өсөж, үүнийг нь ч соргогоор анхаарсан Хятадын Alibaba, Tencent зэрэг компани тус улсад үүрээ засаж эхэлжээ. Уг нь БНХАУ, Энэтхэг улс бол монголчуудад хамгийн ойр зах зээл. Мөнгө буцалж буй энэ зах зээлийн хамгийн эрэлттэй бүс нутаг, улс орнуудтай Монгол Улс улс төр, эдийн засаг, хүн хоорондын нягт харилцаатай оршин тогтнож байна гэсэн үг.
Ингээд бодохоор дэлхийн том компаниуд хүртэл хошуурч буй энэ бизнест монголчууд зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас оролцох бус орлого олох боломж байсаар байна. Сүүлийн жилүүдэд манай технологийн салбарын залуус хамтран энэ төрлийн гарааны бизнесүүдийг хөгжүүлж буй ч өнөө хэр олон улсын түвшинд өрсөлдөхүйц тоглоом бүтээсэн нь тун ховор. Гэхдээ хэд хэдэн компани олон улсад бүтээгдэхүүнээ нэвтрүүлжээ. Тухайлбал, монгол залуусын Nomadic Bear Games компани сүүлийн таван орчим жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд хоёр ч бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлсэн компанийн нэгэн тоглоомыг олон улсын хэрэглэгчид 12 сая удаа татжээ.
Тус компани тоглоомын зах зээл дэх гар утсанд суурилсан, Hyper Casual буюу хэцүү биш хэдий ч тоглоход таатай мэдрэмж төрүүлдэг төрлийн тоглоом бүтээдэг аж. Ингэхдээ өөрсдийн үзэл санааг шингээж, дэлхийн дийлэнх хэрэгчдийн сонирхолд нийцүүлэхийг зорьдог байна. Дэлхийн маш олон залуустай бид өрсөлддөг ч монгол хүний ур ухаан, сэтгэлгээний чадвараараа бусдаас ялгарахыг зорьдог хэмээн компанийн үүсгэн байгуулагч Х.Хангай ярилаа.
Ер нь манай тоглоом бүтээгчдийн дийлэнх нь сонирхогчийн шинж чанартай, бор зүрхээрээ энэ салбарт ажиллаж байна. Тиймээс Монголын тоглоом сонирхогчдын дунд Mongolian Game Developers Contest тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Одоогоор нэгдүгээр шат нь үргэлжилж буй бөгөөд 54 багийн 167 оролцогч бүртгүүлж, 19 бүтээл ирүүлжээ.
Басхүү Монгол Улс интернэт тоглоомын салбарын хэрэглэгчдийн хувьд дэлхийгээс нэг их хоцролгүй, зэрэгцэн алхаж байгаа гэхэд болно. Цаашлаад энэ төрлийн тоглоомд хүүхэд залуус донтох, зүй бусаар ашиглах зэрэг сүүдэртэй талууд ч түгээмэл болж буй. Харин тоглоом бүтээх, бий болгох, орлого олж, ашиг хүртэхдээ монголчууд хоцорч, унхиагүй байсаар.
Уг нь хил хязгаар гэж үгүй энэ салбар Монгол шиг далайд гарцгүй, жижиг зах зээлтэй улсад орлого олж болох талбар. Дээрээс нь дэлхий дахинд энэ төрлийн тоглоом нь зөвхөн арилжаа, сурталчилгаанаас орлого олоод зогсохгүй тоглоомын дүрүүдийнх нэр, хувцас, хэрэглэл нь чамлахааргүй мөнгө авчирдаг байна. Гэхдээ Монгол Улс өнөө хэр энэ хорхой хүргэм зах зээлд олон улстай өрсөлдөхөд бэлэн биш, “өлгий”-тэй хэвээр байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй