Хэрэглээний зээлийн тааз ам.долларыг хазаарлалаа

Нийтлэлчийн булан


Цалин, тэтгэврийн зээл энэ оны нэгдүгээр сард 4.3 дахин буурчээ


“Ногоон”-ы ханш номхорч буйг та анзаарав уу. Өнгөрсөн жилийн турш төгрөгийг илт илүүрхэж, тувт дарамталсан ам.долларын ханш энэ онд тун томоотой байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн хэрэглээний зээлд тааз тогтоосон нь импортын хурдыг сааруулж, ам.долларын ханшийг хазаарлахад түлхэц өгчээ.


Тэгвэл иргэдийн хэрэглээний зээл яагаад импортын хэмжээ, ам.долларын ханшид ийн хүчтэй нөлөөлөөд байна вэ. Иргэд ахуйн аливаа хэрэгцээ болон тэмдэглэлт үйл явдалд зориулан хэрэглээний зээл авч, цахилгаан бараа, суудлын автомашин, гар утас, тавилга хэрэгсэл тэргүүтнийг түлхүү авдгийг төв банкны судалгаанд дурджээ. Гэтэл иргэдийн зээлээрээ худалдан авдаг автомашин, гар утас, зурагт зэргийг Монгол Улс дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас эдгээр бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадаас импортлохоос өөр аргагүйд хүрч байгаа юм. Ингэснээр зээлээр авсан автомашины тоо нэмэгдэхийн хэрээр монголоос гарах валютын урсгал улам ширүүсэж, гадаад валютын багахан нөөцөө бид өмд гутал, машин тэрэг болгоод, импортын цоргоор урсгачихдаг. Валютын гадагшлах урсгал эрчимжихийн хэрээр дотоодод ам.доллар ховордож, зах зээлийн хуулиар ханш нь өсөж, хаданд гарна. Ингээд л ногоон тэмдэгтийн дийлдэшгүй ноёрхол монголын эдийн засгийг бүхэлд нь нөмрөх нь тэр.


Эгэл жирийн монгол өрхийн хэрэглээнээс эхлээд худалдааны тэнцэл, валютын ханш зэрэг эдийн засгийн олон хүчин зүйлийг донсолгодог хэрэглээний зээлийг хазаарлахын тулд төв банк энэ онд хязгаар тавьсан юм. Ингэснээр зөвхөн валютын гадаад, дотоод урсгалыг тэнцвэржүүлээд зогсохгүй айл өрхүүдийг өрийн дарамтаас хамгаалж, хэрэглээний зээлд олгодог байсан санхүүжилтийг бизнес рүү чиглүүлэх давхар зорилгыг ч тээж байв. Энэ хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны таазыг 70 хувиар тогтоож, дээд хугацааг нь 30 сараар хязгаарласан юм.


Ингэж валютын урсгалын нэг цоргонд хаалт тавьснаар хоёр сарын хугацаанд хэд хэдэн өөрчлөлт зах зээлд гарчээ. Тухайлбал, хэрэглээний зээл буурснаар нийт зээл олголт нэгдүгээр сард 48 хувиар багассан байна. Ялангуяа, 2018 оны нэгдүгээр сард огцом өсөж, 795 тэрбум төгрөг хүрч байсан цалин, тэтгэврийн зээл энэ оны нэгдүгээр сард 4.3 дахин буурчээ. Ингэснээр нийт 183 тэрбум төгрөгийн цалин, тэтгэврийн зээл олгосныг монголын банкны холбоо мэдээлэв.

• Хэрэглээний зээлд тааз тогтоосон нь импортын хурдыг сааруулж, ам.долларын ханшийг тогтворжуулжээ.
• Төв банкны Мөнгөний бодлогын хороо ирэх сарын 1-нээс тэтгэврээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар тогтоох шийдвэрийг өчигдөр гаргалаа.
• Төлбөрийн тэнцлийн ашиг улам дээшилж, 2019 оны нэгдүгээр сард 128.1 сая ам.долларт хүрчээ.

Хэрэглээ хэмээх хөмсөг дор багтдаг зээлүүд ийн буурснаар импорт саарсныг гаалийн мэдээлэл баталж байна. Хилийн чанадаас татдаг бидний худалдан авалт өмнөх оны хоёрдугаар сард 2017 оны мөн үеэс 50 орчим хувиар өсөж байжээ. Харин энэ оны хоёрдугаар сард өсөлтийн хурд нь гурав дахин саарч, 15 хувьд хүрсэн байна.

Импорт буурч, хилийн чанад руу урсах валютын хэмжээ саарахаар дотоодын санхүүгийн зах зээл дэх ам.долларын ханш тогтворжих нь тодорхой. Энэ оны босгон дээр огцом донсолж, мэдэгдэхүйц өсөж байсан ам.долларын ханш 2019 оны нэгдүгээр сарын 10-наас хойш уруудаж, хорь хоногийн хугацаанд 40 орчим төгрөгөөр суларсан байх юм. Харин сүүлийн сар хагасын хугацаанд төгрөг, ам.долларын хослол харьцангуй тогтвортой байна.

Хэрэглээний зээлд тавьсан тааз эдийн засгийн шүтэн барилдлага ёсоор импортын хэмжээ, валютын ханшийг хөндөж, тоон дүнгүүдийг өөрчилж эхэллээ. Ингэснээр монгол руу орох болон гарах санхүүгийн урсгалыг заадаг төлбөрийн тэнцлийн ашиг улам дээшилж,  2019 оны нэгдүгээр сард 128.1 сая ам.долларт хүрчээ.

Валют бол санхүүгийн орох, гарах цоргоор урсаж байдаг “ус”. Энэ “ус”-ны олдцыг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс экспортоо нэмэгдүүлж, гадаадаас хөрөнгө оруулалт татах гэж байдаг чадлаараа хичээдэг. Гэхдээ орох урсгалтай зэрэгцээд гадагшлах цоргоо нээчихвэл ёроолгүй хувинд ус хийсэнтэй адил, бүгдийг нь асгаж орхино. Иймд бид гадаадаас орлого олж ирэх гэж хичээхээс гадна олсон хэдийгээ импорт, өрийн төлбөрт буцаагаад урсгаж, “цус алдчихгүй”-н тулд дотооддоо ч санхүүгийн менежментээ сайн хийх нь чухал юм. Тиймээс төв банкны мөнгөний бодлогын хороо ирэх сарын 1-нээс тэтгэврээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар тогтоох шийдвэрийг өчигдөр гаргалаа. Энэ хэрээр хэрэглээний зээл дагасан валютын урсгал саарахаар байна.

Гэхдээ ирэх саруудад ч орлого олох гэж хичээхээс гадна олсон хэдийгээ тогтоон барихын тулд цагаа олсон оновчтой арга хэрэгслүүдийг зөвхөн төв банк төдийгүй санхүүгийн зохицуулах бусад байгууллагууд ч хийх шаардлага тулгарч байна. Валютын урсгалын уг менежментийг хэрхэн хийхээс монголын мянга мянган өрхийн амьдрал, зуу зуун бизнесийн хувь заяа шалтгаалах нь.
САНАЛ БОЛГОХ