Үндэсний их баяр наадмыг угтсан тохижилт, цэвэрлэгээний ажлууд нийслэлийн хэмжээнд хийгдэж байна. Энэ хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, дөрвөн гол баганын засварын ажил 80 хувьтай байна.
Мөн "Хүй долоон худаг"-ийн 570 га талбайн хогийг цэвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын талбайн зэрлэг ургамлыг устгах ажил үргэлжилж байна. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэн, "Хүй долоо худаг"-т 60 ширхэг тэмдэг тэмдэглэгээ хийн, үерийн уснаас сэргийлэх шуудуу татан, 30 ам метр талбайд нөхөөсний ажил хийжээ. Мөн хүрээлэн орчмын 110 ам метр замын эвдрэлийг нөхөж, шагайн байрны эргэн тойрныг зүлэгжүүлэх, ногооруулах ажил 50 хувьтай байна. Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Их тэнгэрт найм, Чингисийн талбайд зургаан био бие засах газар байрлуулах аж.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажилд 565 сая төгрөг төсөвлөжээ
Тэрчлэн Хүй долоон худагт А, Б зогсоолын цахилгааны хүчдэлийг нэмж, нийт 900 ам метр талбайд тэмдэглэгээ хийн 1300 метр хайс зөөвөрлөж, 300 тэмдэг тавихаар төлөвлөснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр хэлэв. Түүнээс зарим зүйлийг нэмж тодрууллаа.
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил хэрхэн өрнөж байна вэ. Хэзээ дуусах вэ?
-Сүүлийн дөрвөн жилд байнга засвар хийсэн учраас энэ жил харьцангуй бага засвар хийж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайгаа цэвэрлэчихсэн. Мөн талбайн зүлэгжүүлэлт, модны хэлбэржүүлэлт, зүлгэн дээр хүн явуулахгүй гэдэг үүднээс зориулалтын хашлага татах, олон нийтийн бие засах газруудаа байршуулах зэрэг ажлуудыг хийсэн байгаа. Одоо дөрвөн баганыг засах ажил хийж байна. Наадмын бэлтгэл ажил энэ сарын 4-нд дуусна.
-Наадмаар гаднын зочид ихээр ирнэ. Шинээр хийж буй тохижилт бий юу?
-Өмнөх жилийнхээс нэмэгдсэн зүйл байхгүй. Ерөнхийдөө урсгал засвар хийж байна. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн суудлын хэсгийг шинэчилнэ. Энэ хэсгийн ширээг бор өнгөтэй мебель болгоно. Ингэснээр жил бүр урсгал засвар хийх шаардлагагүй болно гэсэн үг. Мөн Монголын үндэсний сурын холбооноос сур харвааны байрны гадна талын засварыг хариуцан хийж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд хотын төвийн таван дүүрэг 40- 50 бие засах газар байршуулдаг. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс 20 гаруй хогийн сав байрлуулах бөгөөд нийт 240 орчим хогийн сав тавина. Олон нийтийн био бие засах газар 20 орчим, чингэлэг жорлон хоёр, суурин жорлон гурвыг ашиглана.
-Энэ жилийн тохижилт, засварын ажилд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажилд улсаас 565 сая төгрөг төсөвлөсөн. Үүнд "Хүй долоо худаг"-ийн автомашины А, В зогсоолуудын цахилгааны хүчдлийг нэмэх ажилд л гэхэд 143 сая төгрөг зарцуулж байгаа. Мөн ногоон байгууламжийн усалгаа гэх мэт ажлууд багтана гэв
АСЕМ-ийн тохижилт, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд Торгоны зам цогцолборт 204 ам метр явган хүний замын хавтанг шинээр суурилуулан, гэрэлтүүлэг тавьж, чулуужсан мод байрлуулан зүлэгжүүлэлт хийжээ. Энхтайваны өргөн чөлөө, Намъянжүгийн гудамж, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Юнеско-гийн гудамж, Олимпийн гудамж, Энгельсийн гудамжны нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн 142 төмөр, түмбэ, шон, хайсны үлдэгдэл ёзооруудыг авсан байна. Тэрчлэн борооны ус зайлуулах
шугамын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд далангийн лагийг цэвэрлэж, 1436 шүүрт худаг, 89443 метр урт шугам, 1267 үзлэгийн худгийг засварлажээ.
Нисэх, Яармагийн аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ жуулчны бааз руу салах уулзвар хүртэлх 3.3 км урт авто замын голын тусгаарлах зурвас газрыг зүлэгжүүлсэн бөгөөд цэцэгжүүлэх ажил хийгдэж эхэлсэн байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хайс хашлагыг угааж, гол болон туслах замуудын тэмдэг тэмдэглэгээг хийж дуусгах хэрэгтэй байна. Мөн нийтийн тээврийн автобусны гадна дотор талын өнгө үзэмжийг сайжруулж, жолооч нарыг цагаан цамц, хар зангиатай үйлчилгээнд гаргах ёстой” гэв.
Баярын өдрүүдтэй зэрэгцэн АСЕМ-ийн уулзалт болох учраас гаднын зочид төлөөлөгчид болон наадамчин олныг цэвэр цэмцгэр орчинд баярлах нөхцөлийг бүрдүүлэхээр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийнхэн хамаг хүчээрээ ажиллахаар зэхжээ. Тэд эдгээр өдрүүдэд хяналтын инженер, техникч, зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч гээд 360 хүнээ ажиллуулах юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний 50 ажилтан өдөр бүр тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ хийх юм.