Төр иргэдээ хоосолж мөлждөг хууль “үйлдвэрлэх” боллоо

Нийтлэлчийн булан


Ядарсан олноо дарлаж ханахгүй төр юм. Хэзээ цадах вэ... Хуулийн нэр дор иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, элдэв татвар, хураамжаар шулж, мөлжих болов. Энэ бүхнээс Манжийн 200 жилийн ноёрхол эргэн ирсэн мэт санагдах болсныг нуух юун. Төр мөнгө хүүлэгч мэт ажиллах болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулна. Яг энэ байдлаараа 1990 оны ардчиллын утга учир алдагдаж мэдэхээр байна.  Ингээд зогсохгүй иргэдийнхээ халаас руу улстөрчид элдэв янзын хууль санаачилж, түүгээрээ бамбай хийн хайр найргүй дайрах боллоо. Хувийн өмчийг хураана, өөрийн болгоно гэж эцэг хуулийнхаа эсрэг эрх баригчид чангаар дуугарч эхэллээ. Олны хэлдгээр нийгэм айдас хүйдэст жинхнээсээ автаж байна.

Зөрчлийн тухай хууль, татварын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль хэнийг бодсон, хэнд зориулсан хууль вэ. Эдгээр хууль ард иргэдэд халтай болохоос амьдралд нийцгүй гэдэг нь хэдийн батлагдав. Сайн сайхныг амлаж сонгогдсон төрийн түшээд нь улсын төсвөө өөрсдөө хэмнэж, үрэлгэн тансаглалаа тэвчиж чадсан бол тэтгэврийн насыг нэмэх шаардлага байсан уу гэвэл үгүй. Төсвийн нөөц боломжоо төр ухаалаг ашиглаж, санхүүгийн сахилга батаа сайжруулсан бол татвар ч нэмэх туйлын хэрэгцээ байсан уу гэвэл бас л үгүй. Уул уурхайн орлого давж биелж байгаа. Эрдэс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ тогтвортой өсөж, төсөвт цутгах мөнгөний урсгал тасрахгүй байна. Эх оронч гэгдэх улстөрчдийн үйл хэрэгт эргэлзэж, итгэл алдарч байна шүү.

ЖДҮХС-гаа найр тавин цөлмөөгүй бол ажлын байр өнгөрсөн хугацаанд хэдэн арван мянгаар нэмэгдэх байсан. Төр бизнест ингэж хутгалдах бус харин хувийн хэвшилдээ боломж олгосон бол төгрөгтэй харьцах ам.долларын ханш одоогийнхоос хамаагүй бага байх байсныг учир мэдэх эдийн засагчид хэлж байна. Гэтэл татварын шинэчлэлээр далимдуулан хувийн хэвшлээ боомилж, бизнесийн орчныг улам доройтуулж орхилоо. Бүхнийг хуулиар завхруулж, хуулиа өөрсдөө гаргууд зөрчих эрхэм түшээдэд одоо хэн итгэх вэ. Итгэх арга алга.

Монголд бизнес хийх нөхцөл улам амаргүй болж байгааг захын баялаг бүтээгч хэлж байна. Татварын байцаагч, мэргэжлийн хяналт нь ирээд шахаж хавчих эсвэл өндөр дүнтэй торгууль тавих эрх зүйн орчныг төр сая бүрдүүлчихлээ. Үүний цаана далд эдийн засаг буюу авлига цэцэглэх хөрс суурь тавигдаж байгааг үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхан анхаарууллаа. Тэдний үгэнд төр чихгүй юм шиг хандаж, хүч түрэн татварын багц хуулийг ээлжит бус чуулганаар яаран сандран баталлаа.

Төрийн дарамт, шахалт түмний амьдрал хэцүүдэхэд хүргэж мэдэх нэг шалтаг, шалтгаан нь болж байна. Бизнесийн таатай орчныг бий болгохоо үргэлж ярьдаг сайд түшмэлүүд хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчтай нь үргээх “ажиллагаа” явуулсаар. Үүний хариуд ам.долларын ханш бидний хэрэглээг улам үнэтэй болгож, өдөр ирэх тусам ард иргэдийн худалдан авах чадвар муудах нөхцөлийг улстөрчид бий болгочихлоо.

Мөн Зөрчлийн тухай хуулиар үг хэлэх, шударга бусын эсрэг тэмцэх эрхээ ард түмэн чөдөрлүүлсэн. Үнэнийг ярих хэн нэгний амыг үдэж, хөл гарыг нь хуулиар “хүлж” байна. Тэвчээрт хүртэл хязгаар байдаг юм шүү. Эдийн засаг хүнд байгаа гэж олон нийтэд тайлагнах атлаа төсвийн мөнгөөр тив дамжин зугаалах томилолт, хүлээн авалтын чинь зардал үнэндээ буурч гийгүүлсэнгүй. 2018 онд эдийн засаг 6.8 хувиар өссөн гэх боловч иргэдийн амьдралд наалдсан зүйл даанч үгүй. Харин улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд, нөгөө л эрхэм гишүүдийн л амьдралд ахиц дэвшил тод томруун гялтайх.

Граммын эдийн засаг нийслэлийн захын гэр хорооллоос хальж орон нутагт тархлаа. Үндэсний статистикийн хорооны үзүүлэлтээр хөдөлмөрийн зах зээл дэх бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2017 оноос хойш дорвитой буурсангүй. Улстөрчид төсвөө алдагдалтай баталж, улмаар татвараа нэмэх замаар өөрсдийн алдаатай бодлогоо иргэдийн боломжоор баллуурдаж байна. Ингэж иргэдээсээ хулгайлдаг төр энэ дэлхий ертөнцөд манайхаас өөр байна уу. Популист удирдагчийнхаа шуналд сөхөрсөн Венесуэл бидний тэмүүлсэн ирээдүй гэж үү.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Төрийн оролцоо томрох тусам авлига тэлж, хувийн хэвшил хумигдаж, улмаар эдийн засгийн жам ёсны хөгжлийг гацааж, ажилгүйдэл, ядуурлыг бий болгож байна” хэмээн өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг дүгнэсэн. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар, манай улс авлигын индексээр 175 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2017 оныхоос 16 байраар ухрав. Авлига нэмэгдэж байгааг энэ үзүүлэлт гэрчилнэ. Татвар, хураамж нэмэгдэх тусам үүдээ барих аж ахуйн нэгжийн тоо өсөж, энэ хэрээр ажилгүйдэл газар авах эрсдэл эдийн засагт нэгэнт бий боллоо. Төр таны зовж олсон цалинг татвар нэрээр ховх сорж, үүгээрээ өөрсдийн популист бодлогоо санхүүжүүлж, эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд ардчиллын үнэ цэнийг ч шанаадахад бэлэн байна.
САНАЛ БОЛГОХ