Бид босгыг нь давчихвал Япон худалдан авахад бэлэн
Зах зээл
Японоос олсон Монголын орлого өнгөрсөн онд чимээгүйхэн өсөв
Дэлхийн хамгийн өндөр босготой зах зээлийн нэг болох Японыг чиглэсэн Монголын экспорт сүүлийн нэг жилд бараг хоёр дахин өслөө. Хоёр улсын харилцааг улам зангидсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн турш арлын орныг чиглэсэн Монголын худалдаа үржихийн хүрдээр өсөөгүй. Үүнд ч Монголын цөөнгүй иргэн урамгүй хандаж, Японыг чиглэсэн экспортын дүнг чамлах хандлага ажиглагдаж байсан нь үнэн.
Гэтэл чамлахаар чанга атга гэдэгчлэн Японоос олсон Монголын орлого өнгөрсөн онд чимээгүйхэн өсжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2017 онд бид тус улс руу 15 сая ам.доллар хүрэхгүй борлуулалт хийж байсан бол өнгөрсөн онд 27 орчим сая ам.долларын орлого олсон байна.
Харин энэ хугацаанд манай улсын эдийн засаг сэргэснээр Монголыг чиглэсэн Японы худалдаа ч эрчимжсэн байна. 2018 онд Японы худалдаа хагас тэрбум ам.доллар давсан нь жилийн дүнгээр 50 гаруй хувиар өссөн дүн болов. Манай эдийн засгийн идэвхжил Японы автомашин болон тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг дэмжлээ. Японоос худалдан авсан Монгол Улсын импортын 70 орчим хувийг суудлын автомашин бүрдүүлж байна. Ийнхүү орчин цагийн худалдаа, бизнесийн хамтын ажиллагааны дээд хэлбэр болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан Монгол, Японы аль алиных нь худалдаа өнгөрсөн онд уралдан өсөв.
Японы нийлүүлэлтэд машин тоног төхөөрөмж жин дарж байгаа бол Монголын экспортод уул уурхайн болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн голлон нөлөөлж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Японыг чиглэсэн нийлүүлэлт нь тасарсан зэсийн хүдэр, баяжмалын борлуулалт 2018 онд эргэн сэргэсэн нь манай экспортын өсөлтийг чирсэн аж. Ингэснээр тус түүхий эд манай экспортын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлжээ. Өнгөрсөн онд Монгол Улс 4665 мянган тонн зэсийн хүдэр болон баяжмал Японд нийлүүлж, 6.9 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн онуудынхаас огцом өссөн үзүүлэлт. Монгол Улсын экспортын үндсэн бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхий эд ийнхүү Японд экспортолсон манай худалдааны өсөлтийг өдөөсөн байх юм.
Гэхдээ уул уурхайн түүхий эдийн өсөлттэй зэрэгцээд хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний урсгал тасралтгүй тэлсээр байгаа нь олзуурхууштай. Аж үйлдвэрийн хөгжлөөрөө хоцорч яваа Монгол Улсад дэлхийд чанар чансааг үлгэрлэдэг Японы лангуун дээр тавиад борлуулчих бараа, бүтээгдэхүүн үнэндээ олон биш. Гэхдээ арлын орны зах зээлд өрсөлдөх боломжтой хэмээн аминдаа горьдож, ашиг орлого олохоор онилж байсан гол бараа, бүтээгдэхүүний борлуулалт тогтвортой өссөөр байна. Тухайлбал, манай хөнгөн үйлдвэрийн салбарын нэрийн хуудас болдог ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт бараг зургаан сая ам.доллар руу дөхлөө. Үүнээс алчуур, ороолтны экспорт бараг 70 хувиар өсөв.
• Бид арлын орон руу өнгөрсөн онд 27 орчим сая ам.долларын экспорт хийжээ.
• Зэсийн хүдэр, баяжмалын нийлүүлэлт 2018 онд эргэн сэргэсэн нь Японыг чиглэсэн Монголын экспортын өсөлтийг чирсэн байна.
• Хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний урсгал тасралтгүй тэлсээр байгаа нь олзуурхууштай.
Зэврүүн өвлийг туулдаг япончууд Монголоос 2017 онд 60 орчим мянган алчуур, ороолт худалдан авч байсан бол өнгөрсөн онд 87 мянгыг авсан байх юм. Мөн мал, амьтны ноосон давуу, сүлжмэл эдлэл зэрэг дотоодод нэмүү өртөг нь шингэдэг, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 50-иас дээш хувиар өссөөр байна. Хэдийгээр бидний Япон руу нийлүүлдэг бараа, бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, тоо хэмжээ нь бага хэдий ч тогтвортой өссөөр байгаа нь яах аргагүй хоёр улсын хооронд байгуулсан түншлэлийн хэлэлцээрийн үр дүн.
Үүнээс гадна бидний Япон руу хийж буй экспортын орлогын 10 гаруй хувийг тусгай зориулалтын машин, механизм эзэлж байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч энэ улс Монголоос машин механизм, төхөөрөмж экспортолж байгаа нь сонирхол татах үзүүлэлт. Энэ төрлийн бизнесийг төдий л олон хүн мэддэггүй ч Японы тоног төхөөрөмжийн компани Монголд салбараа нээн, тусгай зориулалтын машин механизм болон тоног төхөөрөмж үйлдвэрлэж, Япон руу экспортолдог болжээ. Хоёр улсын худалдаа ялангуяа, Монголын экспорт алгуур боловч тогтвортой тэлсээр байна.
Учир мэдэх цөөн хүнийг эс тооцвол Монголын нийгмийн дийлэнх нь хоёр улсын түншлэл хэрэгжсэнээр бидний экспорт нүд ирмэхийн зуур огцом өсөж, монголчууд хэтэвчээ хялбархан түнтийлгэнэ хэмээн тооцсон байж мэднэ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр Монгол Улс 97 бүлгийн 7200 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнээ Япон руу нийлүүлэхэд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр болсон. Ийнхүү дэлхийн худалдааны хамгийн том тотгор болох экспортын тариф бидний өмнө намссанаар Монголоор овоглосон бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд үнийн хувьд өрсөлдөх чадвартай болсон нь үнэн.
Гэхдээ дэлхийд чанарыг тодорхойлдог энэ зах зээл үнээс гадна стандарт, шаардлага хэмээх босгыг тэргүүнд тавьдаг нь тодорхой болсоор байна. Өөрөөр хэлбэл, өнгө, үзэмж муутай эсгий углааш хийчихээд түүнийгээ япончуудад зарах гээд хэчнээн хичээгээд нэмэргүй болохыг манай дотоодын үйлдвэрлэгчид ойлгож эхэлжээ. Тиймээс худалдан авагчийн хүсэл сонирхол, стандарт шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүчээр худалдах гэж муйхарлах бус ул суурьтай хандаж, судалгаагаа ахиулж, бэлтгэлээ базаахад анхаарах болсныг мэргэжлийн хүн хэлж байна.
Чанарыг нэрийн хуудсаа болгодог энэ улсад чанарыг л санал болгож байж бүтээгдэхүүнээ борлуулах нь. Үүний тулд Японы зах зээлийн хэрэгцээ шаардлага сонирхлыг илүү судлах чухал байгаа аж. Тухайлбал, “Монгол Базальт” компани хөвөн чулуу дулаалгын материалаа Японд нийлүүлэхээр сүүлийн хоёр жил бэлтгэж байгаа аж.
Бид хэрэгцээ шаардлагыг нь хангаж, бэлэн болж чадвал арлын оронд борлуулалт хийх боломж, зах зээл Монголыг хүлээсээр байна. Харин боломжийг чулуу болгох нь бидний овсгоо самбаа, хурдаас хамаарах нь тодорхой.
/Япон улсын Jenesys хөтөлбөрт хамрагдаж, уг нийтлэлийг бичив./
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй