Японд цагаан захтнаар ажиллах боломж ч бидэнд бий

АЙЛЧЛАЛ


Ажиллах хүчээр цангаж буй арлын орон ур чадвараа ахиулах боломж олгож байна


Бум бужигнасан Наритагийн нисэх буудалд газардмагц дүрэмт хувцастай хөгшид таныг хамгийн түрүүнд угтана. Жилд 40 гаруй сая хүний зорчигчийн хөл дарагддаг тээврийн энэ зангилааг зохицуулах амаргүй үүргийг японы ахмадууд нугалж байна. Цав цагаан бээлий өмсөж, “албан хаагч” гэсэн бичгийг дүрэмт хувцасныхаа энгэрт хадсан тэд нисэх чиглэл, хил гаалийн зааврыг зорчигчдод зааж, зөвлөх үүрэгтэй. Бас болоогүй нислэгийн чиглэл, онгоцны дугаар зэргийг англиар түгдрэлгүй хэлчихнэ.


Манайд гавьяаны амралт гэх гоё нэрээр хөдөлмөрийн зах зээлээс жийгдэж, дийлэнх нь үр ач нараа асрах, эсвэл өдрийг гадаа нарлан цаг нөхцөөж харагддаг хөгшид Японд амсхийх завгүй, англиар ярьсан шигээ амьдарч байна. Зөвхөн нисэх буудал гэлтгүй зоогийн газар, худалдааны төвүүдэд үс буурал, нуруу бөгтгөр хөгшид түүртэлгүй зочдод үйлчилж, арилжаа хийх аж.


Автомашины Toyota-д борлуулагчаар ажиллаж байсан Ямаматэ тэтгэвэрт гараад гэргийтэйгээ хамтран зоогийн газар нээж, захиалгаар хоол хийх болжээ.


Ингээд зогсохгүй Японы уламжлалт хоолны талаар блог хөтөлдөг аж. Монголд нас явж, хөдөлмөрлөх үе нь өнгөрсөн хэмээн ажлын байрнаас мултардаг өндөр настнууд Японы худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын ачааны багагүй хэсгийг үүрч байгаа нь бахархмаар. Гэхдээ хөдөлмөрлөх хүчээр ангах болсон энэ улс аргагүйн эрхэнд эрүү өвдөг нийлэх дөхсөн өвгөдөө зарж байна уу даа гэж бодогдохоор.


Энэ нь учиртай. Их наран улсын хүн ам хасах утгыг чиглээд долоон жил болж байна. 2018 оны жилийн эцсийн дүн хараахан ил болоогүй ч 2017 оны байдлаар Япон улсын хүн ам 126 саяд хүрч, сүүлийн долоон жил дараалан буурлаа. Гэтэл жилээс жилд багасч буй тус улсын нийт иргэдийн гуравны нэг нь 65 ба түүнээс дээш насны ахмадууд. Гурван хүн тутмын нэг нь өндөр насалсан тус улс хүн хүчээ шавхаж, ахмадууддаа ачаанаасаа үүрүүлэхээс аргагүй болсон нь энэ.


Энэ оны тавдугаар сард гэхэд Япон улсад нээлттэй ажлын байрны тоо бараг хагас зуун жилийн дээд цэгт хүрч, 100 хүн тутамд 160 нээлттэй ажлын байр ногдож байгаа. Гэтэл хөдөлмөрлөх хүчний цангаа цаашид тайлагдахгүйг таамаг тооцоо баталж эхлэв.


Японы Засгийн газрын тооцоогоор тус улсын ажиллах хүчний тоо 20 хүрэхтэй үгүйтэй жилийн дараа 13 саяар буурч, 52 саяд хүрэх бол хүн амын тоо нь ч уралдан уруудах таамагтай байна. Эдүгээ 127 саяыг шүргэж буй тус улсын хүн амын тоо 20 гаруй жилийн дараа 110 сая хүртлээ буурах урамгүй үзүүлэлтийг Японы эрүүл мэндийн яам танилцууллаа.


Толгой өвтгөсөн тоонууд ар араасаа хөвөрч эхэлсэн тул их гүрний бодлого тодорхойлогчид ч уналтыг сөрөх арга хэмжээ авч эхлээд байна. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлд үүсэх ажиллах хүчний цоорхойг ахмад настнууд болон гадаадын иргэдээр нөхөх арга замыг эрэлхийлж байгаа юм. Ялангуяа, ажиллах хүчээр хамгийн их ангах хөдөө аж ахуй, нийгмийн халамж, барилга, зочид буудал, хөлөг онгоцны үйлдвэрлэл зэрэг таван салбарт гадаадын ажиллах хүчийг татахаар төлөвлөж байна. 2025 он гэхэд хагас сая ажиллах хүч гаднаас авахаа мэдээлсэн.


Ер нь ширээний ард суудаггүй, бидний нэрлэдгээр хар ажлыг Зүүн өмнөд Азийн иргэд нугалж байна. Нарийн мэргэжил шаарддаггүй бүх төрлийн цэвэрлэгээ, үйлчилгээнээс гадна худалдааны төвүүдэд Вьетнам, Бангладеш зэрэг орны иргэд ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн төвийн өнцөг булан бүрт үүдээ нээж буй дөхөм дэлгүүрүүд шиг худалдааны цэгүүдэд гадаадын иргэд ажиллаж байна.


Жил хагасын дараа эхлэх гэж буй 2020 оны Токиогийн олимпыг угтаж ирэх хоёр жилд гаднын ажилчдын тоог чамгүй нэмэхээр төлөвлөжээ. Токио даяар олимпын бэлтгэл өрнөж байна. Барилга байгууламжийн бүтээн байгуулалтууд хэдийн жигдэрсэн. Одоо олимпын үеийн аюулгүй байдлыг хангах хүчний байгууллагуудын сургуулилт өрнөж, уг наадамд зориулсан технологийн дэвшлүүдээ танилцуулсаар. Өнгөрсөн долоо хоногт тусгай олимпын тамирчдад туслах роботууд бэлэн болсныг дуулгав. Мөн Японы урдаа барьдаг компани, аж ахуйн нэгжүүд хэдийн бараа, бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд олимпын лого байрлуулж, томоохон дэлгүүрүүд өнцөг булан бүрт наадмын бэлгэдэл бүхий эд зүйлсийг өрсөн байна.


• Япон хэлийг гүнзгий сурч чадвал үндсэн мэргэжлээр ажиллах боломж бусад улстай харьцуулахад өндөр байдаг аж.
• Хөдөлмөрлөх хүч, хүн хэмээх капитал аль улс, нийгмийн амин баялаг, орлуулж болшгүй эрдэнэ болохыг хөгжлөөр тэргүүлэгч энэ улсын жишээ харуулж байна.
• Японд хөдөлмөрлөх боломжийг хар ажлаар төсөөлж болохгүй.

Далайгаар хүрээлүүлсэн энэ улс гадаад ертөнцөд илүү нээлттэй бодлого баримталж байна. Япон улсын Засгийн газар ажиллах хүчний хомсдолын эсрэг гаднаас олон мянган хөдөлмөр эрхлэгч татах тухай шинэ хууль баталсан. Хэзээ мөдгүй хэрэгжиж эхлэх энэ хуулийн хүрээнд гадаадын 300 мянга гаруй иргэн Японы барилга, газар тариалан, асаргаа сувилгааны салбарт ажиллах боломжтой болж байна. Тухайлбал, дадлагажигчдын визээ хөнгөлж, оюутныхыг чангалаад байгаа аж. Япон улсад суралцахаар зорьсон монгол оюутнууд ч үүнийг хэлж байна. Сурлагын чанар, идэвх цаашлаад биеэ авч явах соёл гээд олон хүчин зүйлийг нь харгалзах болсныг манай оюутнууд хэлж байлаа. Хэрэв алдаа дутагдал гаргавал суралцах эрх бүхий визийг нь өөрчилж байгаа аж. Мөн Японд суралцахаар болсон цөөнгүй залуус суралцах визээ ажиллах болгожээ.

Гэхдээ Японд хөдөлмөрлөх боломжийг хар ажлаар төсөөлж болохгүй. Хэрэв япон хэлийг гүнзгий сурч чадвал үндсэн мэргэжлээр ажиллах боломж бусад улстай харьцуулахад өндөр байдаг аж. Тухайлбал, сэтгүүлч мэргэжилтэй магистрын зэрэг горилон суралцаж буй Г.Дэлгэрмаа Япон хэлний өндөр мэдлэгтэй бол үндсэн мэргэжлээрээ ажиллах боломж бий хэмээн ярилаа. Өөрөөр хэлбэл, монголчуудын дийлэнх нь хилийн чанадад хар бор ажил хийж, цэнхэр захтнаар ажилладаг. Тэгвэл япон хэл, соёлд гүнзгий нэвтэрсэн бол цагаан захтнаар ажиллаж, цалин өндөр авах боломж ч байна. Товчхондоо, энэ улс ажиллах хүчээр ангаж байна. Хэдийгээр хүнийг орлох роботуудыг технологийн эзэнт гүрэн болсон Япон улс эдийн засгийн олон салбартаа ашиглаж байгаа ч хөгжлийн үнэ капитал болсон хүнийг юу ч орлохгүй хэвээр. Тиймээс энэ улс үүдээ дэлгэж байна. Наран улсын энэ цонх үеийг ашиглан, ажлын туршлага, ур чадвараа ахиулах боломж монголчуудад байна. Япон орон урин дуудаж буй энэ үеийг бид залуусаа чадавхжуулж, соёл боловсрол, хүмүүжлээ ахиулж чадвал дэлхийн хамгийн үлгэр жишээ, хөдөлмөрч ард түмнээс суралцах зүйл Монголд бий. Нөгөө талд, хөдөлмөрлөх хүч, хүн хэмээх капитал аль ч улс, нийгмийн амин баялаг, орлуулж болшгүй эрдэнэ болохыг хөгжлөөр тэргүүлэгч энэ улсын жишээ харуулж байна.

/Япон улсын Jenesys хөтөлбөрт хамрагдаж, уг нийтлэлийг бичив./
САНАЛ БОЛГОХ