Машин сургалтын алгоритм ашиглан хоол амтлагч ургамлын амт оруулах чанарыг сайжруулжээ

UB Info

Хиймэл оюуны судлаач, эрдэмтэд хоолонд амтлахад хэрэглэгддэг базиликийн хоолонд амт оруулах чанарыг нэмэгдүүлэхийн тулд тус ургамалд байх, амт оруулах үүргийг гүйцэтгэгч бодисын хэмжээг хамгийн их түвшинд хүргэхэд шаардлагатай ургалтын нөхцөлийг хиймэл оюуны нэг салбар болох машин сургалтын алгоритмыг ашиглан тодорхойлсон байна.

Судлаачид базиликтай холбоотой туршилтаа АНУ-ын Массачусетс мужийн Мидлтон-д хөрсгүйгээр ургуулах гидропон төхөөрөмжүүдийг ашиглан тусгай хүлэмжид явуулсан байна. Уг хүлэмж нь доторх орчныхоо температур, гэрэл, агаарын харьцангуй чийг гэх мэт ургалтын нөхцөлийг тодорхойлох олон параметрийг автоматаар хянаж, удирдах боломжтой систем аж. Тэд ургуулсан ургамлынхаа амт оруулагч бодисын хэмжээг хийн хроматографи болон масс спектрометр ашиглан тодорхойлсон байна. Уг гаргаж авсан бодисын хэмжээнүүдээ “MIT” их сургууль болон “Cognizant” компани дээр хөгжүүлсэн машин сургалтын алгоритмуудад оруулж шаардагдах нөхцөлийг тогтоосон байна.

Судлаачдын мэдээлснээс үзвэл ургамлыг өдөрт 24 цагийн турш гэрэлд байлгахад ургамлаас өгөх амт хамгийн сайхан байсан байна. Энэ технологиороо ургамлын өвчинтэй тэмцэх чадварыг хэр зэрэг нэмэгдүүлэх боломжтой, мөн ингэж ургалтын орчныг нь өөрчлөхөд бусад төрлийн ургамлууд ямар хариу үзүүлж байгааг цаашид судлахаар төлөвлөсөн байгаа аж.

Судалгаатай холбогдуулан, “MIT” их сургуулийн “Media Lab”-ийн санаачилсан “Open Agriculture”-ийн дарга Калеб Харпер “Бид ургамалд фенотип үзүүлж гаднын нөлөө болон ургамал-орчны харилцан үйлчлэлийг судлах, хоорондоо сүлжээгээр холбогдсон төхөөрөмжүүдийг байгуулах маш их сонирхолтой” гэж хэвлэлд ярьсан байна. Судалгааны ажлын арга зүй, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл судалгааны багийн Plos One сэтгүүлд хэвлүүлсэн уг шинжлэх ухааны өгүүллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Ер энэ төрлийн байдлаар газар тариалангийн салбарт хиймэл оюуны алгоритмыг ашиглан ургамлын гарцыг нэмэгдүүлэх, шинж чанарыг сайжруулах сонирхол ихсэж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн жил Нидерландын “Wageningen” их сургууль “Autonomous Greenhouse” нэртэй тэмцээнийг зохион байгуулсан юм. Уг тэмцээнд оролцсон багууд хамгийн бага хэмжээний нөөц ашиглан өргөст хэмхийн гарцыг нэмэгдүүлэх алгоритм хөгжүүлэхээр өрсөлдсөн байдаг.

Эх сурвалж: www.technologyreview.com

САНАЛ БОЛГОХ