Бизнес эрхлэгчдэд дараагийн шинэ түүхээ эхлүүлэх боломжийг эрэлхийллээ

Мөнгө ба бизнес


Инновац, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, хүний нөөц гол үүрэг гүйцэтгэнэ


Coogle, Coca Cola, McDonalds, Microsoft, Toyota, Samsung, Apple, Nike зэрэг компани дэлхийг эзэгнэж, эдгээрийг удирдах лидерүүд тухайн улсад хамгийн үнэ цэнтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг. Тив дамжих бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүмүүсийн хэрэглээ болж, шинэ бизнесүүд тэдний зиндаанд хүрэх эсвэл энэ компаниуд шиг болох нууцхан хүсэл тээнэ. Монголын бизнесүүд ч ялгаагүй ийм төсөөллөөр урагшилж яваа.


Дотоодод шинээр хөгжиж буй гарааны компаниуд мөн адил МCS, “Гацуурт”, “МАК”, “Худалдаа хөгжлийн банк”, “Шунхлай”, “Петровис” групп шиг болно гэсэн ийм амбийц өвөртөлж, “чадна, хүрнэ, бүтээнэ” гэсэн өндөр итгэлтэйгээр бизнесийн түүхээ эхлүүлж буй. Шинэ үеийн лидерүүд ч төрөн гарч, тэдний төсөөлөл өнөөдрийн бизнесийн ертөнцийг өөрчилж эхэллээ. Гэхдээ өсөлт хөгжил бодсон шиг хурднаар, тийм амар хялбар ирдэггүй гэдгийг алхам тутам учрах сорилт, хүндрэл мэдрүүлнэ. Монголын компаниуд юун дээр алдаж байна вэ, юуг цаашид сайжруулах, өөрчлөх хэрэгтэй байна вэ. Эдгээр, хариулт өгсөн Growth Summit чуулга анх удаагаа боллоо. Энэхүү чуулган уулзалтад Монголын хөгжлийг тодорхойлж буй үндэсний компаниудын гүйцэтгэх түвшний удирдлагууд оролцсон. “Оюутолгой”, MCS, “Петровис” тэргүүтэй аварга компаниас гадна ЛэндМН, CallPro зэрэг ахицтай яваа шинэ компаниудын төлөөлөл арга, туршлага, сургамжаа нээлттэй хэлэлцүүлсэн юм.


Өөрсдийн эрхэлсэн салбарт ажлын байр олноор бий болгож, улсад татвар төлж, бизнесийн ярвигтай орчинд дасан зохицож, зах зээлийн чөлөөт эдийн засгийн түүхийг бичиж яваа шинийг санаачлагч нар өсөлтийн менежмент гэх шинэ ойлголттой нүүр тулж байна. Өсөлтийн менежмент нь хамгийн товчоор хэлбэл, хөгжил. Компани хөгжихгүй бол бизнес томрохгүй, зах зээл тэлэхгүй, улс орон урагшаа явахгүй гэсэн үг. Олон улсад түгээмэл дэлгэрч буй өсөлтийн менежментийн системийг байгууллагадаа нэвтрүүлэх цаг болсныг анх удаа зохион байгуулсан Growth Summit чуулган бизнес эрхлэгчдэд нэгийг бодуулж, холыг харах, хөгжлийн стратегиа эргэн харахад хүргэлээ.


Дэлхий нийтийн чиг хандлага ч энэ зүгт хэдийн хандаж, бизнесийн түншүүд илүү харилцагчаа бодсон, урт хугацааны тогтвортой өсөлтөө чухалчилсан шилжилт хийх болжээ. Өсөн дэвжиж байгаа бизнесээ томруулах хэрэгцээ, шаардлага манай улсын баялаг бүтээгчдэд эс хүссэн ч ирж байна. Зөвхөн нэг түвшинд өсөлтөө хадгалах бус зах зээлээ тэлэх энэхүү боломжийг Growth Summit чуулган олголоо. Товчхондоо, бизнес эрхлэгчдэд байгууллагаа томруулах, байгаа боломжоо илүү өргөнөөр харах цонхыг энэхүү арга хэмжээ нээх зорилготой юм.


Уг чуулганыг санаачлан зохион байгуулсан “Тогтох Трейд” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн “Захирлууд компаниа яаж илүү орчин үеийн бизнес загварт оруулах, одоо байгаа процесс, технологио хэрхэн шинэчлэх талаар түлхүү сонирхож байна” хэмээн онцолсон юм. Түүний хэлснээр бизнес эрхлэгчид сүүлийн 20 гаруй жилийн хөгжил, өнөөдрийн бий болсон амжилтын түүхдээ эрдэх бус дараа дараагийн өсөлт, тэлэлтээ зөвөөр тодорхойлох тийм хариуцлагатай үед иржээ. Компанийн захирлууд залуужиж, дараа үеийнхэн хүч түрэн гарч ирж байна.

БИЗНЕСЭЭ ШИНЖЛЭХ УХААНЧААР УДИРДАХ ЦАГ

Мэдлэг, боловсролын түвшнээр өмнөх үеэ шинэ cео нар давах ч хүмүүсээ ойлгох, багаа удирдан зохион байгуулах, нөхцөл байдлаа ойлгох гэх мэт захирлуудын тулгардаг бэрхшээлтэй хар ухаанаар “тулалдах” бус шинжлэх ухаанчаар хандах учиртайг чуулганд зочин илтгэгчээр оролцсон “Датаком”-ын үүсгэн байгуулагч Д.Энхбат хэлсэн юм. Зөвхөн шинэ үеийнхэн гэлтгүй манай бизнес эрхлэгчдэд байдаг нийтлэг сул талыг тэрбээр илтгэлдээ мөн хөндсөн билээ.

Тухайлбал, байгууллагын дижитал технологийн асуудал. Үүнийг зөвхөн нэг ажилтанд даалгах бус удирдлагууд өөрсдөө аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд нийцсэн ухаалаг үйлдвэр, үйлчилгээ явуулахын тулд зайлшгүй мэдэх, сурах ёстойг тэрбээр тэмдэглэлээ. тодруулбал, интернет технологийн наад захын мэдлэг, ойлголтоо захирлууд сайжруулах шаардлагатай болж байна. Ийм байснаар илүү өсөлт, тэлэлтийн тухай ярих, тэнд буй боломжийг олж харна гэдгийг оролцогчдод дуулгасан юм.

• Өсөлтийн менежмент нь хамгийн товчоор хэлбэл, хөгжил. Компани хөгжихгүй бол бизнес томрохгүй, зах зээл тэлэхгүй, улс орон урагшаа явахгүй гэсэн үг.
• Компанийн захирлууд залуужиж, дараа үеийнхэн хүч түрэн гарч ирж байна.
• Компанийг авч явж буй хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид анхаарал тавих хэрэгтэй байна.

Өсөлт бол шинэ орон зайд очих тухай яриа. Тиймээс үүнийг бий болгохын тулд өсөлт бүтээх орон зайгаа компаниуд өөрсдөө олох хэрэгтэй бөгөөд хайрцгаа зөв зураглах шаардлагатай аж. Тэрчлэн удирдлага ажилтан хоорондын хэлхээ харилцаа хүлээж буй бизнесийн өсөлтөд хамгийн чухал гэдгийг Growth Summit чуулганы илтгэгч нар дурдсан юм. Мөн компани хоорондын холбоос буюу шууд харилцаа цаашид хөгжих хэрэгтэй байгаа аж. Үүнээс гадна компаниуд төрөлжиж, өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ялгарахгүй бол өсөлтийн тухай ярихад, түүнийг төсөөлөхөд улам хүнд болж мэдэхээр байна.

Д.Энхбат захирлын хэлснээр тэрэлжид үйлчилгээ үзүүлж буй жуулчны баазууд үүний хамгийн тод жишээ. Хэдэн гэр, муухан гал тогоо, хоорондоо ижил хоолны цэс байгаа нөхцөлд энд өсөлт бус зах зээлд амьд үлдэх тухай яриа хамгийн хүчтэй байх нь. Тэгэхээр компаниуд төрөлжиж байж өнөөдрийн өсөлтөөс давсан өсөлт хүлээх хэрэгтэй болж байна. Компаниуд хэлхээ холбоо үүсгэж байж төрөлжих бөгөөд ингэснээр өрсөлдөх чадвараа ахиулах шинэ нөхцөл бүрдэх аж.

ӨСӨЛТИЙГ ЗӨВХӨН АШИГ, ОРЛОГООР ХЭМЖИХ НЬ ӨРӨӨСГӨЛ ГЭВ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.9 хувиар өссөн бол Азийн хөгжлийн банкны таамгаар энэ онд 6.7 хувиар өсөхөөр байна. Харин компаниудын хувьд зөвхөн ашиг, орлогоо нэмэгдүүлэх бус бизнесээ томруулснаар жинхэнэ өсөлт, хөгжил энд явагдана гэж илтгэгч нар тодотгов. Тиймээс хүний нөөцөө чадавхжуулах, технологийн ололтыг нэвтрүүлэх, боломжийг урьтаж харахаас ирээдүйд тухайн компанийн өсөлт, хөгжил тодорхойлогдохоор байна.

Монголд компани зөвхөн ажлын байр төдий байгаа бол одоо систем болох, цаашид дижитал систем рүү шилжих хэрэгцээ, шаардлага үүсээд эхэлчихлээ. Компаниуд алсын хараагаа өргөтгөх, дараагийн 30 жил рүү илүү том алсын хараатай орохгүй бол тэсэж үлдэхэд хүнд болох нь. Үүнд бэлэн байхын тулд тасралтгүй суралцах горимд орохоос бүх зүйл шалтгаалахаар байна. Өөрөөр хэлбэл, технологийн үсрэнгүй хөгжил бизнесийн загварыг өөрчилж, урьдын тогтолцоог орвонгоор нь эргүүлэх хэмжээний тийм хүчтэй явагдаж байгааг “Монгол Айди” компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбат хэлэв.

Чуулганыг шинэ технологи, хүний нөөц, байгууллагын соёл, хандлага, хэрэглэгч, харилцагч гэсэн үгээр тодорхойлж болох юм. Учир нь өсөлт бүтээхэд жин дарах төвлөрсөн гурван стратегийг “Bloomberg TV Mongolia”-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион “инновац, Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, хүний нөөц” хэмээн тодотгож, долоон арга замыг нэрлэсэн юм. Компанийг авч явж буй хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид анхаарал тавих хэрэгтэй. Үүнээс гадна харилцагчаа урамшуулах тэрхүү тогтолцоо манай улсад өнөөдөр тийм ч хангалттай түвшинд биш байгааг тэрбээр дурдсан юм.

Монгол Улс бизнес эрхлэх орчноороо хамгийн эрэлттэй орнуудын тоонд ордоггүй ч компаниуд өөрсдөө боломжийг олж харах, түүнийг бий болгоход Growth Summit зорьсон. 700 гаруй захирлууд чуулсан энэхүү арга хэмжээ өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг зарчмын дагуу өсөлтийг бий болгох гол хүмүүс нь ажилтнаас гадна түүнийг чиглүүлэх захирлууд гэдгийг илүү тодотгож, амжилттай яваа дотоодын компаниудын удирдлагууд сайн туршлагаа хуваалцлаа.

АМЖИЛТАНДАА ИТГЭ

“Петровис” компанийн хүний нөөцийн захирал Д.Одонтуяа “Компани жижиг ч бай, том ч бай хүмүүстээ итгэх хэрэгтэй. Итгэл үзүүлэх нь чухал. Ингэж чадвал илүү өсөж, хөгжих боломжтой” гэж онцолсон бол зочин илтгэгч Стив Поттер “Суралцахаа болих мөчид өсөлт зогсдог. Би өөрийгөө найрал хөгжмийн удирдаач гэж хардаг. Өөрийгөө багийн тоглогч гэж бодох дуртай ч бизнес бол ихэнхдээ шийдвэр гаргалт байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Монголын компаниуд зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, өнөөдөр улс орны хөгжлийн гол ноён нуруу болж, ачааны хүндийг үүрч яваа. хэдий тийм боловч бизнесүүд нэг түвшинд тогтох, компанийн засаглалаа сайжруулах, хүний нөөцөө чадавхжуулах шаардлагатай тулгарч буй. Ийм үед Growth Summit болсноороо онцлог байсныг оролцогчид хэлж байна. Тэрчлэн өнөөдрийн нийгмийн хамгийн завгүй, бүтээлч, бас хариуцлага өндөр хүмүүсийн бүтэн нэг өдрийг тэдний хөгжилд, тэдний бизнест ажил хэрэгчээр үнэ цэнтэй мэдлэгийн хөрөнгө оруулалт хийв.

Бизнес эрхлэгчид цаг хугацаанд харам. Хэдий тийм боловч Growth Summit тэдний хувьд шинэлэг, том хөрөнгө оруулалт байлаа. Тиймээс чуулганы танхим дүүрэн байсныг энд цохон тэмдэглэе. Сүүлийн үед болж буй чуулган, хурал оролцоо маш багатай явагдах болсон. Тэгвэл Growth Summit үүнээс өөр, ажил хэрэгч уур амьсгал дунд өрнөсөн юм. Компаниуд хэдийгээр томорсон ч дараагийн шатны шилжилтээ хэрхэн хийхээ мэдэхгүй мухардах, арга ухаан дутах үед өсөлтийн менежментийн шилдэг арга барил, туршлагуудад чих тавих, өөрсдийн бизнест шууд хуулбарлах эсвэл санаа авахаар баялаг мэдлэгээр бялхсан юм.

ЗГМ: ТОДРУУЛГА

Компанийн өөрсдийн хөгжлийг хөндөж байгаа нь чухал

Д.Тунгалаг /”Урбан” компанийн ТУЗ-ийн дарга/

-Компанийн өөрсдийн хөгжлийн асуудлыг хөндсөн ийм төрлийн чуулган, арга хэмжээ тэр болгон болоод байдаггүй. Тиймээс чуулганы ач холбогдол, үнэ цэн нэмэгдэж байна. Ийм төрлийн арга хэмжээгээр бизнес эрхлэгчид цангадаг юм байна гэж ойлголоо. Залуучууд их идэвхтэй оролцож байна. Бизнесээ хөгжүүлэх, илүү өсөлт бүтээхэд, бусдаас арга туршлага судлах нээлтэй платформ байх нь нэгнээсээ суралцах маш том завшаан. Бизнес байнга хөгжиж байх ёстой. Дэлхийтэй хөл нийлүүлж явахын тулд бусдыг сонсож, мэдлэг, мэдээллээ үргэлжилж шинэчилж байх нь зөв. Эдгээрт нийцсэн арга хэмжээ болж байна.

Бизнес эрхлэгчдэд боломж олгож байна

Д.Хулан /”Natural Essentials” компанийн захирал/

-Маш сонирхолтой, өгөөжтэй, сонссон хүнд үлдэц ихтэй арга хэмжээ болж байна. Бизнесийнхэн байнга уншиж, өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаардаг. Хэдий тийм боловч мэдлэг, туршлага яах аргагүй чухал. Үргэлж шинэ зүйлээр өөрсдийгөө цэнэглэж байх ёстой. Өдөр тутмын ажилд автагдаж хамаг цаг, заваа зарцуулдаг. Тэгвэл өнөөдрийнх шиг том дүр зургаар нь харж, тайван суугаад туршлага, мэдлэгээ хоорондоо ярилцах нь ховор. Мэддэг боловч тэр болгон хэрэгжүүлдэггүй энгийн зүйлүүдийг энд ярилцаж, сайн туршлага, олон улсын ололтыг хуваалцаж байгаа нь чухал. Бизнес эрхлэгчид хөндлөнгөөс өөрсдийгөө тэр боломжийг олгож байна.
САНАЛ БОЛГОХ