Аялал жуулчлалын ирээдүйг инновац зураглана

Мөнгөний бодлого


Дэлхийн аялал жуулчлал хиймэл оюун ухааны үр шимийг ашиглаж байна


Дэлхийгээр зугаалах жуулчдын тоо дээд цэгтээ хүрсэн сүүлийн жилүүдэд энэ салбарт олон жил ноёрхсон зарим компани санхүүгийн гачигдлын улмаас дампуурлаа зарлаж эхэллээ. Уг нь үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр аяллын компаниудын ашиг орлого нь тэнгэрт тулмаар. Гэвч энэ зах зээлийн том тоглогчид эсрэг үр дүн үзүүлсэн нь бусад салбарынхны анхаарлыг татсан юм.


Аялал жуулчлалын салбарын аварга загаснууд яагаад эхнээсээ амьсгал хурааж эхлэв. Дэлхийн жуулчдын хандлага, зан төлөв сүүлийн арван жилд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, инновац, технологи хүчтэй нэвтэрсэн нь энэ зах зээлийг орвонгоор нь эргүүлээд байна. Google Travel-ийн судалгаагаар өнгөрсөн онд дэлхийн нийт жуулчдын 74 хувь нь зөвхөн интернэтээр дамжуулан аяллын төлөвлөгөөгөө гаргажээ. Харин ердөө 13 хувь нь аяллын агентлаг ашигласан байна. Аялал жуулчлалын салбарын аварга компаниудын ажлыг атганд багтдаг гар утас булааж эхэлсэн тул томоохон бизнес эрхлэгчид санхүүгийн хүндрэлтэй нүүр тулаад байгаа аж. 2017 оны байдлаар гэхэд нийт жуулчдын 45 хувь нь зөвхөн гар утсаа ашиглан аяллын бүх хэрэгцээгээ зохицуулдгийг TripAdvisor-ийн судалгаанд дурджээ.


ИННОВАЦААР БЯЛХДАГ ВЬЕТНАМ


Ийнхүү жуулчдын хандлага өөрчлөгдсөн тул улс орнууд ч энэ салбарын уламжлалт стратегиа шинэчилж, цоо шинэ арга барилаар өрсөлдөж байна. Тухайлбал, Монгол шиг алт, зэс, нүүрсний нөөц гээд байх баялаггүй атлаа эдийн засгийн өсөлтөөрөө азийг хошуучилж буй Bьетнам улс ДНБ-ий орлогынхоо арван төгрөг тутмын нэгийг аялал жуулчлалаас олдог. Коммунист засаглалтай энэ улс сүүлийн 20 орчим жилд аялал жуулчлалын салбартаа шинэчлэлийн салхи сэвэлзүүлснээр жилд 15 сая жуулчин амархан татчихаж байна.


Тэгвэл энэ улс яаж ийм олон жуулчныг өөртөө татаж, халаасыг нь хоослоод байна вэ. Аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн суурь болох байгалийн үзэмж, хосгүй соёлын өв вьетнамд харамгүй заяасан нь үнэн. Гэхдээ тэд байгалиас заяагдсан энэ өгөгдлүүдээ инновацтай хослуулжээ. Энэ улс инженер, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэхгүй ч аялал жуулчлалын салбартаа шинэчлэл нэвтрүүлж, төлбөр тооцоо, онлайн захиалга гээд бүх төрлийн үйлчилгээгээ дижитал хэлбэрт шилжүүлжээ. Мөн аялал жуулчлалын салбарыг шинэ санаа, шинэлэг технологиор хүчирхэгжүүлэх инновацын төвийг азийн хөгжлийн банктай хамтран байгуулж, олон олон гарааны компанийг төрүүлсэн байх юм. Шил шилээ даран мэндэлсэн эдгээр компани тус улсын аялал жуулчлалын салбарыг уян хатан байлгах шинэ санаа сэдэж, бүх төрлийн үйлчилгээг гар утастай уях шийдлийг санал болгодог.

Энэ дунд инээд хүрмээр, сонин санаанууд ч илүүддэггүй байх юм. Тухайлбал, 25 настай Мин жуулчдад зориулсан зоогийн газрын бизнес эрхэлдэг. Тэрбээр олон жуулчин хоолоо идэхээсээ өмнө заавал зургийг нь дарж, нийгмийн сүлжээнд түгээдгийг анзаарчээ. Тиймээс хоолны амт чанараас гадна үзэмжид анхаарах нь зүйтэй болохыг ойлгосон. Ингээд хоолны гэрэл зургийг илүү өнгөлөг бас үнэтэй мэт харагдуулдаг хачир, ширээ засах аргуудыг судалж, эцэст нь хэд хэдэн шийдэл олсон байна. Тодруулбал, ногоон нимбэг, элдэв төрлийн ургамлыг нэмэлт хачир болгон өгдөг байна. Эдгээр нь тухайн хоолонд амт нэмэхгүй ч ухаалаг утсаар гэрэл зураг авахад харин өнгөлөг “хачир” болдог тул хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байх юм.

Энэ мэт жижиг гэлтгүй шинэ санаа вьетнамын аялал жуулчлалын уламжлалт хэв маягийг өөрчилж байна. 2018 оны байдлаар Ази, Номхон далайн аялал жуулчлалын салбар жилд таван хувиар өссөн бол вьетнамынх үүнээс хоёр дахин хурдтай урагшилж байна. Энэ хурдаараа тус улсын аялал жуулчлалын салбар 2020 он гэхэд 19 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй.

ТЕХНОЛОГИ ТҮШСЭН ИСПАНИ

Тэгвэл Европын аялал жуулчлалын гол төвийн нэг испани улс дата өгөгдөл, хиймэл оюуныг аялал жуулчлалын салбартаа ашиглаж байна. Ингэснээр тус улс жуулчдын зан төлөв, сонирхлыг нь танадаж, үүнд нь тулгуурлан үнэ цэн, хүсэл мөрөөдөл цаашлаад санхүүгийн байдлыг нь хүртэл танин мэддэг байна. Улмаар үүнд тохируулан аяллын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэдэг байна. Энэ нь эргэх холбоо бүхий аялал жуулчлалыг бий болгож, жуулчдыг дахин испанийг зориход хүргэдэг аж. Мөн хэр баргийн юманд гайхаж алмайрахаа больсон орчин үеийн жуулчдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд виртуал технологийг үзвэр, үйлчилгээний салбарууддаа түгээмэл ашиглаж байна.

Инновацаар зэвсэглэснээр жуулчлалын өрсөлдөөнд бид бэлэн болно
Ер нь дэлхийн аялал жуулчлалын салбар шинэ санаа, шинэлэг технологи ашиглан улам ухаалаг, илүү хүчирхэг болсоор байна. Цаашлаад аялал жуулчлалын олон төрлийн үйлчилгээг гар утастай уяж, хурууны үзүүрээр бүхнийг хийх боломжийг олгохоор зорьж байгаа аж. Тиймээс энэ салбарын ирээдүйтэй тоглогчид тооцогддог Сингапур, Арабын Нэгдсэн Эмират Вьетнам зэрэг орон зөвхөн аялал жуулчлалын салбарт зориулсан инновацын төв байгуулж буй.

Гэтэл хосгүй унаган байгаль, ховорхон соёлын өлгий гэгддэг Монгол Улсын аялал жуулчлалын салбар дэлхийн жуулчидтай хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу. Орчин цагийн жуулчид, ялангуяа, залуус тур оператор компанид нэмэлт мөнгө төлөхөөсөө илүү гар утсаа хөтөч, орчуулагч болгоод хямд зардлаар аялахыг илүүд үзэж байна. Гэтэл манай орон нутгийн гэлтгүй хотын зарим зочид буудалд онлайнаар захиалга өгөхөд түвэг чирэгдэл учирдаг хэмээн гадаадын нэг бус жуулчин учирлаж байв. Өнөө хэр бид жуулчдыг татах наад захын дэд бүтцээ ч дижитал хэлбэрт шилжүүлээгүй байна.  Ийм атлаа сая саяар нь жуулчин татна хэмээн том ярьсаар өдий хүрлээ. Бидэнтэй адил аялал жуулчлалын салбарынхаа үүдийг нээсэн Вьетнам улс 15 сая жуулчин амархан татаж байхад Монголыг зорих жуулчдын тоо сая ч хүрэхгүй байгаа.

Салбарын бодлого ч боловсон ариун цэврийн байгууламж, хогийн цэг барихаас дээшлэхгүй хэвээр. Гэтэл дэлхийн аялал жуулчлал өнөөдөр тоон өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухааны үр шимийг хэрэгжүүлж, энэ зах зээлд өрсөлдөхөөр зэхэж байна. Орчин цагт зөвхөн ховор байгалийн үзэмж, онцгой соёл уламжлалаар түрий бариад жуулчдыг татна гэдэг амаргүй болж байна. Харин эдгээр давуу талаа хөзөр болгоод зогсохгүй инновац, технологиор зэвсэглэж байж дэлхийн аялал жуулчлалын талбарын өрсөлдөөнд бид бэлэн болох нь. Эс бөгөөд энэ салбарын өрсөлдөөнөөс бид юу ч хүртэж чадахгүй нь. Дээрээс нь бид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нүсэр дэд бүтэц, их хэмжээний хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг шаардлагатай хэмээн ярьдаг. Гэтэл үнэндээ сүржин төсөл, хөтөлбөрүүдээс гадна энэ салбарыг хэний ч санаанд оромгүй жижигхэн санаа, хэн хүний хийж чадах чимхлүүр ажил, багахан санаачилга өөрчилж болдгийг харж болохоор байна.
САНАЛ БОЛГОХ