Тасралтгүй өсөж буй зах зээл

Мөнгө ба бизнес


Ипотекийн зээлийн үлдэгдэл 3.7 их наяд төгрөгт хүрлээ


Орон сууцны ипотекийн зээл хэвийн олгогдож байна. Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй иргэдээ орон сууцжуулах уг хөтөлбөр хамгийн эрэлттэй байгаа. Тасралтгүй нэмэгдэж буй ипотекийн зах зээлийн өсөлт өнгөрсөн гурван жилийн хугацаанд огцом тэлсэн. Анх найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд ипотекийн зээлийн үлдэгдэл гурав дахин өсөж, 2.9 их наяд төгрөгт хүрч байсан. Тэгвэл өнөөдөр 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж эхэллээ.
Улаанбаатар хотод 2018 он хүртэл худалдан авах чадвараар баталгаажсан 64 мянган өрхөд орон сууцны эрэлт байна. Зах зээлээс хоёр дахин бага хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгосноор барилгажилт эрчимжсэн. Нийслэлд хэрэгжиж буй амины болон нийтийн орон сууцны 477 төслийн 106.8 мянган орон сууцны 46 мянга нь захиалга авч байна. Ипотекийн зээлийн хэмжээ 2010-2015 оны хооронд 10 дахин өссөн байдаг. Энэ утгаараа хамгийн өндөр өсөлттэй урт хугацаат зээлийн бүтээгдэхүүн бол ипотек болж байгаа юм.
Энэ оны тавдугаар сард арилжааны банкууд нийт 102 тэрбум төгрөгийн ипотекийн зээл иргэдэд шинээр олгосон байна. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3.7 их наяд төгрөг болж, нийт зээлдэгчийн тоо 83.2 мянгад хүрлээ. Нийт зээл авсан өрхийн 60 хувь нь сард 600 хүртэлх мянган төгрөгийн зээлийн төлөлт хийж байгаа аж. Энэ нь өндөр хүүтэй зээлтэй байсан үеэс өрхийн зардлын ачаалал 50 хувиар буурсан үзүүлэлт юм.
Зээлдэгчдийн 75.5 хувь нь цалингийн орлоготой бол 17.1 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 7.3 хувь нь хосолмол орлоготой иргэд байгааг Монголын ипотекийн корпорациас мэдээллээ. Монголбанкнаас сар тутам орон сууцны ипотекийн зээлийн тайланг танилцуулдаг болсон. Энэ оны тавдугаар сарын ипотекийн зээлийн тайлангаас үзэхэд, таван хувийн хүүтэй 21.1 тэрбум төгрөгийн зээлийг 439 зээлдэгчдэд олгосон байна.

Хамгийн өндөр өсөлттэй урт хугацаат зээлийн бүтээгдэхүүн бол ипотек болж байгаа юм
Харин найман хувиас таван хувь руу 9.2 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ. Банкуудын олгосон ипотекийн зээлийн дундаж хүү 8.3 хувьтай тэнцэж байгаа юм. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад зээлийн дундаж хүү 8.3 хувиар буураад байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээлийн хүү хоёр дахин хямдарсан гэсэн үг. Нийт орон сууцны зээлтэй иргэдийн 65 хувь нь шинээр зээл авч, 35 хувь нь хүү буурснаар өрхийн зардлаа хэмнэсэн гэсэн статистик үзүүлэлт бий.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд тавдугаар сард өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг дээрх шинэ тайланд дурджээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар буурч 18.4 хувьд хүрсэн байна. Ипотекийн зээлтэй нийт иргэдийн 60.4 мянга нь дээрх хөтөлбөрт хамрагдсан. Үлдсэн нь банкуудын өөрийн эх үүсвэр болон бусад эх үүсвэрээс санхүүжилт авсныг “Ипотекийн зээлийн тайлан”-д тэмдэглэжээ.
Арилжааны банкууд 2.4 сараас 30 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд дундаж хугацаа нь 19.7 жил байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн дундаж хугацаа тавдугаар сарын байдлаар 16.2 жил байгаа бөгөөд тухайн сард олгосон зээлийн дийлэнх буюу 47.3 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогджээ. Харин нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 71.9 хувь нь 16-20 жилийн хугацаатай байгаа юм.
Тавдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 99 хувь нь төгрөгийн зээл эзэлж байна. Үлдсэн нэг хувь нь валютын зээл байгаа юм. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь тавдугаар сарын байдлаар 2.8, чанаргүй зээлийн эзлэх хувь 1.1 хувьтай тэнцэж байна. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 61.5 сая төгрөг байгаа аж. Ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлийн тоонд ордог.
Энэ утгаараа бусад зээлтэй харьцуулахад чанаргүй зээл үүсэх нь харьцангуй бага, эргэн төлөлт сайтай зээлийн багцад тооцогддог. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.8 хувийг Улаанбаатар хотод, 23.2 хувийг олгосон зээл бүрдүүлж байгаа. Төрөөс орон нутагт ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх түлхүү сонирхолтой байгаа юм. Энэ хүрээнд зээлийн хүү болон урьдчилгааг бууруулах талаар нэг бус удаа хөндөх болсон. Үүний нэг хэлбэр нь таван хувийн хүү болж байгаа.


САНАЛ БОЛГОХ