Аттестатчиллаар хариуцлагагүй компанийг уул уурхайгаас “шахдаг” болно

Түүхий эд


Уул уурхайн компаниуд өөрсдийгөө үнэлж эхэлнэ


Уул уурхайн салбар хоногийн 24 цагт 8.1 тэрбум төгрөг төсөвт бүрдүүлж байна. Энэ нь 1000 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор босгох хэмжээний мөнгө. Ийм хэмжээний баялгийг нэг хоногт үйлдвэрлэн өрсөлдөх чадвартай салбар манай улсад өнөөдрийн байдлаар алга. Он гарснаас хойших хоёр сарын хугацаанд уул уурхайнхан төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Эдийн засгийн өсөлтөө тун өөдрөг зураглах боломжийг бидэнд экспортын 85 хувийг бүрдүүлж буй уул уурхай олгож байгаа.


Хэдий тийм боловч тус салбарынхан муу нэртэй үлддэг. Ялангуяа, улс төрийн сонгууль ойртсон үед тэднийг харлуулах, адлах, хамгийн муу муухайгаар хэлэх нь энүүхэнд. Ингэж оноо цуглуулдаг, олон хүнд таалагдах зэр зэвсгээ болгодог “технологи” арга барил мэт удамшиж байна. Гэтэл цалин, тэтгэвэр, тэтгэмж, өнөө сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих төсвийн мөнгөний эх сурвалж нь уул уурхай болж, эндээс л олон айл өрхийн амьдрал ахуй, хувийн хэвшлийн ашиг орлого шалтгаалах аж. Үүнийг олж харахыг эс хүссэн нь уул уурхайг үгүйсгэж, өөрсдийнхөөрөө дэвсэлж байдаг. Иргэний нийгмийн байгууллагынхан ч компаниудыг элдвээр дарамтлах нь наад захын үзэгдэл болсон.

Гэхдээ ийм эмзэг, эмгэнэлтэй, дорой байдалд хүрэхэд уул уурхайнхан өөрсдөө буруутай болдог тал бий. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр нийгмийн хариуцлагагүй нь хариуцлагатай яваа нэгнээ баллаж, нийгэм тэр чигээрээ уул уурхайг зэвүүцэх хандлагыг дэвэргэх аж. Энэ байдалтай цаашид уул уурхайн салбарынхан эвлэрч бус харин хариуцлагагүй компанийг олон нийтэд өөрсдөө зарлаж, салбараа муу муухай болгоны жишээ болохоос аварч үлдэхээр шийдсэн байна. Тиймээс Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн удирдлагуудын хэлснээр компаниудыг магадлан итгэмжлэхээр судалж эхэлжээ. Тодруулбал, Канадын уул уурхайн ассоциацитай хамтарч компаниуд өөрийгөө үнэлдэг аттестатчиллын системийг оруулж ирэхээр судалж байгаа аж. Энэ нь салбараа эрүүлжүүлэх, компаниудын өөрсдийн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн байна.

Канад болон Австрали зэрэг улсын уул уурхай хөгжлийнх нь хөрөнгө оруулагч болж буй орнуудад компаниудаа хариуцлагатай болгох үүднээс дээрх аргыг түгээмэл ашигладаг байна. Тэрчлэн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо холбогдох төрийн агентлаг, мэргэжлийн холбооноос гаргасан хариуцлагатай байдлын индекс үзүүлэлтийг харгалзан үздэг аж.

Улсын төсөвт жилд хоёр их наяд төгрөгийн орлого төвлөрүүлдэг уул уурхайн салбарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийдэг, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө ажилладаг, цаг хугацаанд нь тайлан, мэдээллээ үргэлж ирүүлж, татвар хураамжаа төлдөг сайн компани саараасаа илүү олон. Гэвч тэдний хариуцлагатай байдлыг хариуцлагагүй хэдхэн компани баллуурдаж, уул уурхайг хөгжүүлэх хэрэггүй гэх ойлголтод иргэдийн олонх нь итгэхэд хүргэж мэдэхээр байна. Говь-Алтай аймгийн Бигэр, Баянхонгор аймгийн Баян-овоо, Галуут сумынхантай уулзахад нутгийн иргэд олборлолт хийгээд орхисон нүх сүв, улаанаар эргэсэн гол усны бохирдлыг хамгийн эхэнд бухимдан тоочиж байсан юм.

Он гарснаас хойш хамгийн том осол уул уурхай, түүний дотор алтны салбарт гарлаа. Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан гэнэтийн ослоос болж дөрвөн уурхайчин амь насаа алдсан нь олборлох салбарын унаж яваа нэр хүндийг улам газардуулсан юм. Уул уурхайн салбарынхан ч эгнээнд яваа нэгнээ өмгөөлж, хамгаалах бус харин тэднийг энэ байдлыг шүүмжилж байлаа. Дөрвөн хүний амь нас хариуцлагагүй уул уурхайн төлөөс болж, гашуун сургамжийг энэ салбарт үлдээсэн. Уурхайн талбайд аюулгүй ажиллагааг сахин хангаагүйгээс болж уурхайчны амь нас эрсдэх тохиолдол зөвхөн үүгээр хэмжигдэхгүй.

Нийгмийн хариуцлагагүй нь хариуцлагатай яваа нэгнээ баллаж байна
Улс даяар нуранги дундаас уурхайчдыг эрэн хайх ажиллагааг чих тавин хүлээсэн өдрүүдэд хариуцлагатай болон хариуцлагагүй болон уул уурхайн ялгаа, зааг улам тод мэдрэгдэв. Уул уурхайг хариуцлагагүй хөгжүүлж, зөвхөн ашгийн төлөө хөөцөлдвөл ямар хор хохирол дагуулдаг дээрх гэнэтийн осол бидэнд харуулсан.

Монголд уул уурхайн олон улсын сайн туршлагыг нутагшуулж, хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тэргүүнд тавьдаг компанид “Оюутолгой” тэргүүтэй гадаадын хөрөнгө оруулагчидтай компани илүү үлгэр дуурайл болж байгаа. Мөн үндэсний хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай МАК, “Монполимет”, “Энержи ресурс, орон нутгийн өмчит “Тавантолгой” хариуцлагатай уул уурхайг дотооддоо өнгөлж явна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Гантөмөр “Аль нэг улстөрчийн нэрээр түрүү барьсан, тэдний өмгөөлөлд багтсан компаниуд хариуцлагагүй үйл ажиллагаатай, хууль, журам зөрчдөг. Ийм компаниуд эргээд салбарынхаа нэр хүндийг унагадаг болсон” гэв.

“Эрнст энд Янг” олон улсын аудитын компанийн 2018 онд хийсэн судалгаагаар уул уурхайн 600 компанийн захирлууд нийгмийн тусгай зөвшөөрлийг тэргүүн эрсдэл гэж үзжээ. Нийгмийн тусгай зөвшөөрөл буюу тухайн орон нутгийн иргэдийн дэмжлэг, итгэл хүлээнэ гэдэг уул уурхайн хэр баргийн компанид амар олдох завшаан биш болж байна. Ялангуяа, хариуцлагагүй компанийн салбартаа үлдээсэн толбо эргээд шинэ төслүүд хэрэгжих боломжийг үгүйсгэж эхэллээ. Хариуцлагагүй жижиг уурхай уулын ам, хөндийд шургалах болсноор бидний төсөөлдөг тогтвортой уул уурхайн хөгжил алсарч мэдэх нь. Жижиг компаниудын хууль, дүрмийг завхруулах үзэгдэл салбарын хөгжлөө татаж унагах хэмжээнд байна. уул уурхайнхан салбараа эмчлэх оролдлого хийж байна энэ.

Байгалийн баялагт тулгуурлан өндөр хөгжилд хүрсэн орны жишээ цөөнгүй. Австрали, Канад, Өмнөд Африк, Казахстан, ОХУ, БНХАУ гээд бүгд уул уурхайн салбарт тулгуурлан, эдийн засгаа цэнэглэж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулж байна. Нөгөө талд хариуцлагагүй уул уурхайг өөгшүүлснээс үүдэн баларсан Латин Америкийн орнуудын гунигтай жишээ хөгжиж буй орнуудад “сурах бичиг” болох аж. Дээр дурдсан орнууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, компаниуд нь хариуцлагатай байсны хүчинд улс нь хөгжиж, өөрсдөө тив, улс дамнасан компани, корпорац болон өргөжсөн түүхтэй. Уул уурхайг хөгжүүлж, сүүлийн 20 жилд нэг ч удаа эдийн засгийн хямралд өртөөгүй орны нэг бол Австрали.  Тэдний нууц нь хариуцлагатай уул уурхайг авч үлдсэнд оршдог.
САНАЛ БОЛГОХ