Тэгш бус зохицуулалт өндөр хүү рүү түлхэв
Мөнгө ба бизнес
Тэгш бус шаардлага далд зах зээлийг дэмжихээс хэтрэхгүй
Мөнгөний бодлогын жолоог атгагчид нэг сумаар хоёр туулай буудаж буй. Энэ оноос эхлэн хэрэглээний зориулалтаар авсан иргэдийн зээлийн хугацаа болон өр, орлогын харьцаанд тааз тогтоож, санхүүжилтийн босгыг өндөрсгөсөн юм. Ингэснээр нэгдүгээрт, өмд, гутал, үнэтэй утас авахын тулд өмнөд хөрш руу урсгадаг валютын эргэлтийг дотоодод хазаарлаж, ам.долларын ханшийн өсөлтийг тогтоон барих, хоёрдугаарт, иргэдээ өрийн дарамтаас хамгаалж, иргэдийн хэрэглээний зээлийн санхүүжилтийг бизнес рүү чиглүүлэх зорилготой байв.
Давхар давхар зорилго тээсэн төв банкны бодлого ч байгаа онож, хэдхэн сарын хугацаанд Монголын санхүүгийн зах зээлд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирлаа. Хэрэглээний зээлийн хугацааг 2.5 жил, өр, орлогын харьцааг 70 хувиар хязгаарласан эхний гурван сарын хугацаанд зээл олголт буурч, импортын өсөлт бараг гурав дахин саарлаа. Гадагш урсах валютын хэмнэл саарснаар ам.долларын ханш ч гэнэт тогтворжив. Хэрэгжүүлсэн бодлого нь цаг үеэ ч, цэгээ ч тэр оносон тул төв банк улам урамшиж, энэ аргаараа үргэлжлүүлэн давшиж байна. Энэ сараас эхлээд арилжааны банкны хэрэглээний зээлийн босгыг дахин өндөрсгөж, иргэдийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар тогтоов.
Ингэснээр телевиз, тоос сорогч зэрэг ахуйн бараа, хурим найр, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг амьдралын аливаа үйл явдалд зориулсан зээл улам уруудах нь. Сүүлийн хоёр сард гэхэд арилжааны банкуудын шинээр олгосон хэрэглээний зээл энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс бараг гурав дахин буурчээ.
Харин энэ хугацаанд ББСБ-уудын зээл өссөн байх юм. Зээлийн өсөлт үргэлжилсээр байгаа гэж нэрээ нууцалсан ББСБ-ын ажилтан мэдэгдлээ. Одоогоор банк бус санхүүгийн салбарын энэ оны эхний улирлын үзүүлэлтүүд олон нийтэд ил болоогүй байгаа ч үлэмж өсөлтүүд эхнээсээ ажиглагдаж эхлэв. Тухайлбал, “ЛэндМН” ББСБ-ын энэ оны эхний хоёр сард олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.8 дахин өндөр байна. Тус банк бус санхүүгийн байгууллага 194 тэрбум төгрөгийн зээл олгосон нь төлөвлөгөөгөө давсан үзүүлэлт болохыг санхүүгийн тайландаа дурдсан байх юм.
Арилжааны банкуудыг босгыг өндөрсгөчихсөн тул мөнгөний гэнэтийн хэрэгцээ шаардлага тулгарч, сандарсан иргэд санхүүгийн зах зээлийн жижиг тоглогчдын үүдийг тогшиход хүрээд байна. “Банкнаас бусад санхүүгийн зах зээлд зээлийн эрэлт өсөх хандлагатай байна” гэж “инвескор” ББСБ-ын ТУЗ-ийн гишүүн, дэд захирал Р.Мөнхтөр телевизийн ярилцлагадаа хэлжээ. Ер нь ББСБ сүүлийн жил гаруйн хугацаанд санхүүгийн зах зээлд цахиур хагалж, зээл олголт, өөрийн хөрөнгө хэмжээгээ огцом ахиулж байгаа.
Иргэд ББСБ-ууд руу хошуурч, зээл авах нь нэмэгдсэнийг анзаарсан зарим сүйхээтэй бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа эрс өөрчилж, банк бус санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Бас зарим худалдааны компани дэргэдээ санхүүгийн бичил үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй нь цөөнгүй. Гар утас, цахилгаан бараа, гэр ахуйн тавилга, үнэтэй хувцас хэрэглэл гээд хэрэглээний зориулалттай бараа бүтээгдэхүүнээ лизингээр борлуулсаар байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний А компани гэхэд дэргэдээ бичил санхүүгийн байгууллага байгуулж, сард 1.8-1.9, жилийн 21-23.8 хувийн хүүтэй зээлээр импортын бараагаа иргэдэд борлуулсаар. Энэ хэрээр хэрэглээний зээл бичил тоглогчдоос авах иргэдийн тоо нэмэгдэж, импортыг хазаарлан, өрийн дарамтаас хамгаалах гэсэн давхар зорилго тээсэн зохицуулах байгууллагын бодлого нь яг адилхан үйлчилгээ үзүүлж, ив ижилхэн нөлөө дагуулж буй зах зээлийн зарим хэсэгт огт үйлчлэхгүй өдий хүрлээ. Зохицуулах байгууллагуудын сул орхисон энэ хэсэгт зай бий болж, зах зээлд үүссэн тэрхүү цоорхойгоор хэрэглээний зээл хяналтгүй урссаар.
Ялангуяа, санхүүгийн бичил тоглогчид нийт зээлийнхээ 80-90 хувийг иргэдэд олгож, бизнесээ тэжээдэг. Тэдний зээл олголт өсөхийн хэрээр иргэдийн нуруун дээрх өрийн дарамт улам нэмэгддэг. Албаны зарим хүмүүсийн зах зээлд бага жин дардаг хэмээн тодорхойлж буй ББСБ-ууд гэхэд хэдийн 250 мянган иргэнд 900 орчим тэрбум төгрөгийн зээл олгочихоод байна.
Хэдийгээр манай санхүүгийн зах зээлд банк давамгайлдаг ч сүүлийн жилүүдэд бусад тоглогчид хурдтай томорч эхэлсэн. Бичил санхүүгийн зах зээлийн томоохон тоглогч болох ББСБ-уудын хөрөнгийн хүчин чадал буюу актив өсөж, 1.3 их наяд төгрөг рүү дөхөж, тэргүүлэгч Монголын топ зургаан банкны нэгтэй эн зэрэгцээд байна. Ингэснээр санхүүгийн зах зээлийн нэг хэсэгт хязгаарлалт тавиад, нөгөөг нь сул орхиод байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, ижил зах зээлийн тоглогчдын заримыг нь “ивий минь”, “хөөрхий минь” хэмээн илт өрөвдөж толгойг нь илээд, бусдыг хавчиж хязгаарлаад байна гэсэн үг.
Гэтэл шударга зарчмаар өрсөлдөх учиртай ижил зах зээлийн тоглогчдод тэгш бус шаардлага тавиад эхлэхээр энэ нь эргээд санхүүгийн салбарт сөрөг нөлөө дагуулахаас хэтрэхгүй. Банкны шаардлагыг хүчээр өндөрсгөөд эхлэхээр мөнгө хайсан иргэд хаашаа хандах бол. Арга мухардсан иргэд арилжааны банкнаас өндөр хүүтэй санхүүгийн үйлчилгээний үүдийг татахаас өөр аргагүй болно.
Банкнаас бусад санхүүгийн зах зээлд зээлийн эрэлт өсөх хандлагатай
Цаашлаад өдрийн зээл, ломбард зэрэг мөнгө хүүлэл рүү түлхэж, далд хэлбэрийн зах зээл хүрээгээ тэлэхэд хүрнэ. ингэснээр иргэдээ өрийн дарамтаас хамгаалж, импортыг хумих зорилготой төрийн бодлого жинхэнэ мөнгө хүүллийг дэмжиж ч болзошгүй.
Төр үнэхээр л иргэдээ өрийн дарамтаас хамгаалахыг зорьж байгаа бол иргэдийн зээлээр амь зогоодог бичил санхүүгийн байгууллагуудад тохирсон зохицуулалтыг хариуцдаг газрууд нь хийх шаардлагатай байна. Эс бөгөөс нуухыг авах гээд иргэдийг өндөр хүүтэй өрийн дарамт руу улам түлхэх вий.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй