Үнэр бол Паркинсоны өвчнийг эрт илрүүлэх боломж

UB Info

Хүн төрөлхтөн ямар нэг өвчнийг оношлоход үнэрийг хэдэн мянган жилийн өмнөөс хэрэглэж ирснийг илтгэх баримт бий. Гэхдээ орчин үеийн анагаах ухаанд үнэрийг тийм ч их ашиглаад байдаггүй. Харин одоо бол нэгэн шинэ судалгааны үр дүнгээс харахад эцсийн байдлаар баттай оношлоход бэрхшээлтэй Паркинсоны өвчнийг эрт илрүүлэхэд үнэрийг ашиглах боломжтой болсон аж.

Амьтдын ертөнцийн хувьд бол биеэс нь ялгарч буй үнэр бол тухайн амьтны биеийн болон сэтгэл зүйн байдлыг нь илэрхийлэх дохио болдог. Жишээлбэл, хулгана ямар нэг байдлаар стресстэй нөхцөлд орохоороо тодорхой үнэр ялгаруулж байдаг. Хүний бие ч мөн үүнтэй адил функцтэй бөгөөд биеийн янз бүрийн хэсгээс үнэртэй болон үнэргүй, олон төрлийн ууршимтгай органик химийн бодисууд ялгаруулдаг байна. Эдгээр бодис нь тухайн хүний нас, хүйс, идэж буй хоол хүнс бүр генетикийн нөхцөлөөс нь хамаардаг байна. Хүн өвчилснөөр биеэс нь байнга ялгарч байдаг үнэрийн бодисуудад нь химийн өөрчлөлт гардаг.

Өвчнийг үнэрээр нь дамжуулан оношлох нь тийм ч гайхаад байх зүйл биш аж. Эртний Грекийн Гипократ (эмчийн тангаргийг түүнээр нэрээр нэрлэдэг) нь хүний биеэс ялгарч буй үнэрийг ашиглан оношилгоо хийх боломжтой тухай, бүр зарим өвчний үед шээснээс нь ямар өвөрмөц үнэр гардаг тухай бичиж үлдээсэн байдаг. Аль 1776 онд хэвлэгдэж олны хүртээл болсон нэгэн судалгааны үеэр Мэтью Добсон (Matthew Dobson) гэх Англи эмч сахрын өвчтэй хүний шээсийг нэрж сахар шиг амт, үнэртэй цагаан өнгийн нунтгийг гаргаж авсан байдаг. Харин сүүлд уушгины хавдартай, уушгины өрөвсөлтэй, элэгний өрөвсөлтэй, сахартай эсхүл бөөрний үйл ажиллагаа нь муудсан гэх мэт өвчтэй хүмүүсийн амьсгалаар гарч буй хий нь химийн найрлагын хувьд өөр өөр байгааг судалж тогтоосон. Гэхдээ мэдрэлийн системтэй холбоотой өвчнүүдийн үед ганц нэг тохиолдлоос бусад нөхцөлд тухайн өвчинтэй холбоотойгоор ямар нэг үнэрийн өөрчлөлт гардаг гэх баталгаа бараг байхгүй байсан юм. Харин шизофрени өвчний үед онцгой үнэр ялгардгийг нэлээд дээр илрүүлсэн байдаг.

Судлаач Жой Милн (Joy Milne)-ийн нөхөр Паркинсоны өвчнөөр өвдсөн аж. Гэхдээ Жой нөхрийг нь энэ өвчнөөр өвдсөн болохыг оношилж тогтоохоос өмнө түүнээс өвөрмөц үнэр үнэртэж байгааг анзаарч энэ талаар судалсан байна. Паркинсоны өвчний үед хүний өөхний булчирхайгаас ялгардаг арьс хамгаалах зориулалттай тосонд өөрчлөгдөх клиник шинж тэмдэг үзүүлдэг ба судлаач Жойгийн хувьд тэрээр энэ шинж тэмдэг үүсэхээс өмнө ялгарч буй үнэрээр нь нөхрөө Паркинсоны өвчнөөр өвдсөн байгааг мэдсэн байгаа юм. Иймээс өөхний булчирхайгаас ялгардаг тосноос гардаг үнэрийг өгч буй бодисын өөрчлөлтийг мэдэрснээр Паркинсоны өвчнийг эрт, шуурхай илрүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн энэ арга барилыг ашиглаад өвчний явцыг мэдэх боломжтой юм. Энэ талаар түүний багтайгаа хамтран гүйцэтгэсэн судалгааны ажлыг ЭНД дарж уншина уу!

Уг судалгаанд Паркинсоны өвчтэй 43, мөн өвчлөөгүй эрүүл 21 хүмүүсийг хамруулж тэдгээр хүмүүсийн дотуур цамц болон нурууны дээд мөн дух хэсгийг марлаар арчиж авсан дээжүүдийг хооронд нь харьцуулж шалгасан байна. Эдгээрээс үзэхэд өвчтөнүүдийн суганд Паркинсоны өвчнөөс шалтгаалсан үнэр илрээгүй ба харин өөхний булчирхайн тос ихээр ялгарч байдаг дух, нурууны дээд хэсгээс тодорхой хэмжээгээр илэрсэн байна. Судлаачид үнэр үүсгэж буй химийн бодисыг нарийвчлан тогтоохын тулд дулааны хий ууршуулагчтай хроматограф масс спектрометрийг ашигласан бөгөөд үнэрийг үүсгэж байж болох кандитат бодисын тоог хэдэн зуугаас 17 болтол нь багасгаж чадсан байна. Судалгаагаар мөн эдгээр 17 бодисын холимог эсхүл тэдгээрийн зөвхөн 9 юм уу 4-ийх нь холимог Паркинсоны өвчний өвөрмөц үнэрийг үүсгэж байгааг баталсан байна. Гэхдээ уг судалгааг харьцангуй цөөн буюу 60 гаруй хүн дээр явуулсан байгаа тул цаашид бүр олон хүнийг хамарсан судалгаа хийх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.
Цусны шинжилгээ, тархины скан гэх мэт зорилтот шинжилгээ хийгээгүй үед эмч нар Паркинсоны өвчнийг танихдаа тухайн хүний мэдрэлийн системд гарч болох зарим голлох шинж тэмдгүүдийг ашигладаг. Тэдгээр шинж тэмдэг нь бусад мэдрэлийн гаралтай өвчний шинж тэмдгүүдтэй ойролцоо байдаг тул буруу оношлох асуудал ихээхэн гардаг байна. Энэ судалгааны нэг үр дүн бол Паркинсоны өвчний үед өөхний булчирхайн тосонд анализ хийж уг өвчнийг илрүүлэх боломжтойг харуулж чадсан явдал юм. Уг өвчнийг эрт илрүүлж чадвал шаардлагатай эмчилгээг хийж хүндрэлийн шатнаас нь урьдчилан сэргийлэх боломжтой.

Тухайн өвчнөөс улбаатай үнэрийг ашигласан био маркерыг хөгжүүлэх эрмэлзэл сүүлийн 40-өөд жил хүчтэй явж байгаа ч ахиц муутай байсан юм. 1980-аад онд хүний үнэрлэх эрхтний системийг дуурайлгасан “электрон хамар” гэгддэг төхөөрөмжүүд бий болсон ч зөвхөн судалгаа шинжилгээний явцуу хүрээнд ашиглагддаг байсан. Харин энэ судалгааг амжилттай хийснээр эрдэмтэн судлаачид ирээдүйд Паркинсоны болон бусад халдварт эсхүл хавдрын гаралтай өвчнүүдийг илрүүлэх, бүр тухайн хүний хордолтын шинж тэмдгийг ч илрүүлэх чадвартай, нарийвчлал сайн “электрон хамар”-ыг зохион бүтээхэд нэг алхам ойртож чадлаа.
САНАЛ БОЛГОХ