Израйльчуудын саранд хүрэх хүчин чармайлт нурсан ч өрсөлдөөн үргэлжилсээр

UB Info

Израйлчуудын сансрын аппарат сарны гадаргуу дээр буухын даваан дээр сүйрсэн. Сүйрлийн шалтгаан нь буухын яг өмнөхөн тохиолдсон хөдөлгүүрийн болон холбооны асуудалтай холбоотой байгаа юм. Сансрын аппаратыг “SpaceIL” гэх Израйлийн хувийн хэвшлийн байгууллага зохион бүтээсэн аж. Хэрвээ буулт амжилттай болсон бол энэ нь төхөөрөмжөө саран дээр буулгасан анхны хувийн компани болох байсан юм. Мөн энэ алхмын дүнд Израйльчууд АНУ, ЗХУ болон Хятад улсын дараа саранд хүрсэн дөрөвдөх улс болох байлаа.

Израйльчуудын сар луу илгээсэн төхөөрөмжийн нэрийг “Beresheet” гэх ба энэ нь Еврей хэлээр эхлэл гэсэн утгатай аж. Энэ нэрийг Израйльчуудын дунд явуулсан санал хураалтаар сонгосон байна. Уг төхөөрөмжийг АНУ болон Индонезийн сансрын төхөөрөмжүүдтэй цуг “SpaceX” компанийн “Falcon 9” сансрын хөлгөөр өнгөрсөн 2 дугаар сард хөөргөсөн аж.

“Beresheet”-ийг бүтээх санааг анх 2010 онд Винетрауб, Ярив Баш, Кфир Дамари гэх гурван Израйль залуус “Google” компанийн ивээн тэтгэсэн “Google Lunar XPRIZE” тэмцээнд өрсөлдөх зорилгоор гаргасан бөгөөд улмаар тэд “SpaceIL” компаниа байгуулсан байдаг. Энэхүү тэмцээн нь саран дээр өөрийн автомат төхөөрөмжөө буулгаад хамгийн багадаа 500 м зай туулж, сарны өндөр нягтаршилтай зургийг дэлхий рүү илгээх гэх мэт хэд хэдэн даалгавар гүйцэтгэж чадсан хувийн компанид 20 сая ам долларын шагнал олгох тэмцээн юм.

Тэдгээр Израйль залуус “Beresheet”-ийг хэрхэн бүтээсэн талаар товч сонирхуулъя. 2011 онд тэднийг санаагаа Израйлийн Сансрын агентлаг дээр танилцуулж илтгэл тавьсны дараа сонсогчдын дунд байсан нэгэн хүн хүрч ирээд тэднээс “Та нарт тэгээд мөнгө байгаа юм уу?” гэж асуусан ба тухайн үед тэд бие бие рүүгээ харснаа мөнгө байхгүй гэдгээ хэлсэн аж. Гэтэл нөгөө хүн та нар манай ажлын оффис дээр хүрээд ир би та нарт 100 мянган доллар өгье гэж хэлсэн байдаг. Тэр хүн бол Израйлийн бизнесмен, тэрбумтан Моррис Кан гэгч байсан аж. Моррис Кан нь хожмоо “SpaceIL”-ийн Ерөнхийлөгч болсон ба түүний тусламжтайгаар “SpaceIL” нь АНУ-ын казиногийн тэрбумтан Шелдон Адельсонаас 16.4 сая долларын хандив авч чадсан байдаг.

Моррис Кан “Саранд хүрэх зорилго бол Израйльчууд бидний ур чадварыг харуулах бөгөөд инновац, хүсэл эрмэлзэл, сониуч зан болон нэгдэх чадвар бол бидний ДНК-ийн нэг хэсэг мөн Аполло хөтөлбөр АНУ-д хэрхэн нөлөөлсөн шиг Израйлийн залуу үеийг сансар судлалд сонирхолтой болгохыг хүссэн” гэж ярьж байжээ.

1.5 м-ийн өндөртэй “Beresheet” нь дотроо Израйлийн соёлын эд өлгийн зарим зүйлсийг сарны гадаргууд хадгалах зорилгоор авч явсан. Үүнээс гадна НАСА-гийн лазер гэрэл ойлгогчийг тээвэрлэж явсан аж. Энэ ойлгогч нь цаашид бусад сансрын хөлгийг сарны орбитын ойролцоо эсхүл дотор хөдлөхөд байрлалыг нь нарийн хэмжиж тодорхойлоход ашиглагдах байсан юм. Мөн Израйлийн “Weizmann Institute of Science” хүрээлэнгийн бүтээсэн соронзон-метр байсан ба энэ төхөөрөмж нь сарны чулуулгуудын “локаль” соронзонгийн шинэ хэмжилтүүдийг хийж сарны гарал үүслийг судлах зорилготой байсан аж.

Өрсөлдөөн үргэлжилсээр...

“Google Lunar XPRIZE”-ийн 20 сая долларын төлөөх тэмцээний даалгавруудыг биелүүлэх хугацаа 2018 онд дууссан бөгөөд “SpaceIL” болон бусад багууд бүтэлгүйтэж энэ тэргүүн байрын шагналыг авч чадсангүй. Гэхдээ уг тэмцээнийг санаачлагч “XPRIZE Foundation”-ийн зүгээс 5 сая доллартой тэнцэхүйц жижиг хэмжээний шагналуудыг өгсөн байдаг.

Тэмцээний зарим оролцогчид тухайлбал АНУ-ын “Astrobotic”, “Moon Express” болон Японы “ispace” нь ойрын хугацаанд өөрсдийн бүтээсэн робот төхөөрөмжийг сарны гадаргууд буулгахаар зорьсон хэвээрээ байгаа юм. Мөн эдгээр оролцогчдоос гадна бусад компаниуд болон улс орнууд сар луу зорьж байгаа билээ.

Тодруулбал, “SpaceX” нь 2023 оны эхээр Японы нэгэн уран бүтээлчийг багийн бусад 8 зорчигчийн хамт сарны ойролцоо “Dragon” хөлгөөрөө нисгэхээр төлөвлөсөн байгаа юм. Мөн “Blue Origin” компани саран дээр буух хөлгөө хөгжүүлсээр байна. АНУ, Европ, Хятад, ОХУ, Энэтхэг, Япон болон Өмнөд Солонгос гэсэн улсууд сарыг судлах хөтөлбөрөөрөө өрсөлдөж байгаа юм.

Эх сурвалж: www.scientificamerican.com


САНАЛ БОЛГОХ