Хурал, уулзалтын үр дүнг хэрхэн гаргах вэ?

UB Info

Гадаадад ч бай дотоодод ч бай, том ч бай жижиг ч бай ямар ч салбарын уулзалт, хуралд оролцох үед олж авсан шинэ санаануудаа өөртөө авч үлдээн, цаашид ажил хэрэг болгох хүсэл хэн бүхэнд байдаг. Энэ үед хэрхэн үүнийг хэрэгжүүлж болох талаар товчхон мэдээлэл хүргэе.

Санаагаа бичиж тэмдэглэ. Хурлын үеэр бусдаас сонссон эсхүл өөрт тань төрсөн шинэ санааг аль болох түргэн тэмдэглэж авах хэрэгтэй. Хурал дээр байхдаа ч юм уу эсхүл хурлаас гараад зочид буудлын өрөөндөө очих үедээ ч юм уу бүр болохгүй бол гэр лүүгээ буцах замдаа санаануудаа аль болох дэлгэрэнгүй бичиж ав. Ингэснээр тэдгээр санаануудыг мартах аюулгүй болно. Энэ зөвлөгөөг уншиж байхдаа ч та гол санаануудыг нь бичиж авах хэрэгтэй байж болох юм. Цаасан дээр бичиж үлдээсэн бэх гэдэг хүний санах ойноос ч хүчтэй зүйл.

Бусадтай харилц. Хийхээр төлөвлөж буй ажлынхаа төлөвлөгөөг бусдад ярьж, хуваалцах нь өөрийгөө хариуцлагатай байлгах хамгийн шилдэг арга. Хэрэв шинэ санаанд тань бусадтай хамтарч ажиллах асуудал байгаа бол та хурлаас ирэнгүүтээ тэдгээр хүмүүстэйгээ утсаар ярих, мэйл бичих зэргээр зэргээ холбоо тогтоож санаагаа хэлэх хэрэгтэй. Бусадтай хамтран ямар нэгэн ажил хийхээр болох нь тухайн ажлыг хурдан хугацаанд дуусгах сэтгэл зүйн сэдэл төрүүлдэг. Энэ зөвлөгөөний өөр нэг санаа нь танд ямар нэг санаа төрөөд бусдаас лавлаж асуух хэрэг гарвал заавал асуух хэрэгтэй гэсэн санаа юм. Жишээ нь, эрдэм шинжилгээний хуралд оролцож байх үед танд тухайн илтгэгчийн ярьж буй, хараахан хэвлэгдээгүй байгаа ажлын талаар шинэ санаа төрвөл хурлын дараа илтгэгчтэй харилцаж өгүүллийнх нь эх хувийн хуулбарыг гуйж болно.

Эрэмбэл. Танд шинэ санаа төрвөл тэрхүү санаагаа бусад ажлуудтайгаа хэрхэн зохицуулж хийх эрэмбийг тогтоох хэрэгтэй.

Цаг хугацаа зарцуул. Ямар нэг зүйлийг зав чөлөөтэй болохоороо хийгээд дуусгачихна гэж бодох амархан ч тэр зав чөлөөг өөртөө гаргах хамгийн хэцүү байдгийг сана. Шинээр төрсөн санааг тань хэрэгжүүлэх ёстой хугацаа өнөөдрөөс 2 долоо хоногийн дараа байсан ч өдөрт ядахдаа 30 минут эсхүл 1 цагийг тэр ажилдаа зарцуулах хэрэгтэй. Бүр урт хугацааны төсөл байсан ч өөртөө өдөр тутмын дадал бий болгох хэрэгтэй. Ямар нэг ажлыг тогтмол анхаарч бага багаар урагшлуулснаар эцэст амжилтад хүрэх болно.

Судалгаа хий. Шинэ төрсөн санаануудтайгаа холбогдуулан урьд хийгдсэн ажлуудын талаар судлах хэрэгтэй. Ингэснээр аль санаа илүү их амжилтад хүрч болох, аль санаа хэрэгжүүлэхэд арай хялбар байх зэргийг мэдэх болно. Мөн энэ үед санаагаа хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг зурж эхлэх хэрэгтэй.

Өөр хэн нэгнийг оролцуул. Хурал, семинараас сурсан зүйлээ ажил дээрээ буцаж ирээд баг эсхүл салбарын түвшинд уулзалт хийж сурч мэдсэн, шинээр төрсөн санаа оноогоо хамтран зүтгэгчидтэйгээ хуваалцах үедээ таны санааг хамгийн сайн ойлгож, тань шиг догдолж буй хэн нэгнийг олох хэрэгтэй. Тэр хүнийг хэрэгжүүлэх багтаа элсүүлэх хэрэгтэй. Ингэснээр санаа тань хэрэгжих нэг алхам болно.

Эх сурвалж: www.cen.acs.org

САНАЛ БОЛГОХ