Фукушима Дайчи ЦЭХС-ын усан сангаас түлшийг авч эхэллээ

UB Info

Японы ТЭПКО компани 4-ээр сарын 15-нд Фукушима Дайчи цөмийн эрчим хүчний станцын III нэгжийн ашигласан түлш хадгалах зориулалттай усан сангаас цөмийн түлшүүдийг гаргаж эхэлснээ зарласан байна. Энэ нь одоо явагдаж буй уг станцыг ашиглалтаас гаргах үйл ажиллагаанд чухал дэвшил болж байгаа юм.

Тэд 4-ээр сарын 15-ны өглөөний 8:50 минутын үед түлшний тавиураас эхний түлшний багцыг авч өөр усан санд, хадгалах зориулалттай контейнерт хийсэн байна. Харин өдрийн 5:25 минутын үед 4 дэх түлшний багцыг контейнерт шилжүүлж дуусжээ. Уг зөөх ажиллагааг бүгдийг нь алсаас удирдаж явуулсан бөгөөд ажиллагаа ямар ч хүндрэлгүй, аюулгүйгээр гүйцэтгэгдэж дууссан аж.

2011 оны 3-аар 11-ний өдөр хэвийн ажиллаж цөмийн станцад байгалийн давагдашгүй хүчний улмаас учирсан ослоор станцын бүх эрчим хүч алдагдаж, голомтын түлш хайлан реакторыг хөргөх боломжгүй болсон бөгөөд энэ үеэр маш их хэмжээний устөрөгч хуримтлагдаж, химийн дэлбэрэлт болсноор реакторын барилгын дээд хэсэг сүйрсэн юм.

ТЕПКО ашиглалтаас гаргах үйл ажиллагааны эхэн үеэр ариутгах болон цацрагийн хамгаалалтыг байгуулсны дараа дэлбэрэлтээс үүссэн барилгын хэлтэрхийнүүдийг зайлуулах үйл ажиллагааг гүйцэтгэсэн байдаг. Дараа нь энэхүү III нэгжийн барилгын нурсан орой дээр бөмбөгөр хэлбэрийн дээвэр, түлшний багцыг зөөх машин болон краныг суурилуулсан аж.

Одоо хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөгөөр хадгалах контейнерыг түлшний 7 багцаар дүүргэж, таглаж битүүмжлээд усан сангаас авч газрын доорх нөхцөлд байрлуулах бөгөөд дараа нь нэмэлт таглаагаар таглах аж. Энэ бүгдийг амжилттай болсны дараа түлшний багц агуулсан контейнерыг бусад станцын нэгжүүдийн түлшийг хамт хадгалах дундын усан сан уруу галт тэргээр шилжүүлэх аж.

III нэгжийн усан санд ашигласан түлшний 514 ашиглаагүй түлшний 52 багц байгаа бөгөөд ТЕПКО нь 2021 оны 3-аар сар гэхэд бүгдийг нь аюулгүй газар луу шилжүүлж дуусгахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: www7.tepco.co

САНАЛ БОЛГОХ