Гамшиг, гамшиг гэдэг хэрнээ хоргодох байраа ч бэлдээгүй байна

Үзэл бодол


Социализмын үеийн хоргодох байруудыг агуулахын зориулалтаар ашигладаг


Энэ сарын 25-нд улс орон даяар гамшгийн эсрэг сургуулилт нэгэн зэрэг болно. Нэгэнт гай гамшиг хэлж биш, хийсч ирдэг болохоор бид үүнд бэлтгэлтэй байх нь чухал. Тиймдээ ч төр засгийн түвшинд бодлогоор дэмжиж, гар бие оролцож буй. Ядаж л газар хөдлөлтийн гамшиг тохиолдлоо гэхэд орон байрнаасаа хэрхэн гарах, хаана цугларах, аюулгүй байдлаа яаж хамгаалах гээд сурч, мэдсэн байх шаардлагатай зүйл их. Харин гамшиг тохиолдвол иргэд хаана очиж хоргодохоо хэр мэддэг бол. Ер нь болзошгүй гамшгийн үед ашиглах хоргодох байр гээч зүйл Монголд байна уу гэдгийг сонирхож үзлээ.

СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ХОРГОДОХ БАЙРУУД ОДОО БИЙ ЮУ

Өмнөх нийгмийн үед манай улс гэнэтийн дайралт болон осол сүйрлээс тун ч их болгоомжилж, бэлэн байдлаа дээд зэргээр хангадаг байв.  Хүйтэн дайн дэлхий ертөнцийг хоёр туйлд хувааж, цөмийн зэвсгийн аюул нүүрлэх эрсдэл байсан болохоор газар доорх хоргодох байруудыг бэлддэг байсан гэдэг. “Бидний үеийнхний ихэнх нь хоргодох байруудыг мэддэг байлаа. Бүр заримыг нь аваачиж оруулж үзүүлдэг байсан. газар доор нүх ухаад гаргасан сүртэй байгууламж байсан гэж ярьдаг. Ямар ч байсан гамшиг тохиолдоход энд ирж хоргодох юм байна гэдгээ бид мэддэг байсан. Харин одоо ямар байдгийг сайн мэдэхгүй юм” хэмээн 55 настай Г.Бат-Очир ярив.

Тухайн үед манай улс газар доорх хоргодох байр арваадыг барьсан гэдэг. Зарим нь ДЦС-3, ДЦС-4, “Сүү” ХК, “Мах импекс” компанийн хашаанд байжээ.  Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эдгээр хоргодох байрыг арчлахтай манатай болсон тул тэр чигт нь орхисон гэдэг. Одоо зарим нь эдгээр компанийн агуулахын зориулалтаар ашиглагддаг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байв. Харин бусад нь мартагдаж, шороонд булагдаад өнгөрсөн бололтой.

Сүхбаатарын талбайн доор байдаг хоргодох байрыг одоо хүртэл ашигладаг гэх ам дамжсан яриа бий. Энэ нүхэн хонгил урагш мушгиралдан явсаар их тэнгэрийн аманд хүрдэг гэх нь ч бий. Гэнэтийн гамшиг тохиовол төр засгийн удирдлагуудыг аюулгүй газарт эсэн мэнд хүргэх зорилгоор одоо хүртэл ашигласаар байгаа аж. Гэхдээ энэ талаарх мэдээллийг албаныхан ихэд нууцалдаг юм билээ.

22 БАЙГУУЛАМЖИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР СОНГОЖЭЭ

Япон тэргүүтэй олон орон газар хөдлөлт зэрэг гэнэтийн гамшиг тохиовол дунд сургуулийн биеийн тамирын заалыг хоргодох байр болгон ашигладаг. Манай улс бас энэ талаар ярьж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрсөн ч одоогоор албан ёсны шийдвэр гарч, ашиглаад эхэлсэн нь алга. Гэхдээ өнгөрсөн жил онцгой байдлын албаныхан нийслэлийн удирдлагуудтай хамтраад барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, паспортжуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

218 сургуульд газар хөдлөлтийн үнэлгээ хийгдээгүй байна
Одоогоор нийслэлийн хэмжээнд буй 240 сургуулийн ердөө 22-т нь үнэлгээ хийж, паспортжуулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, эдгээр 22 байгууламжийг хоргодох байрны зориулалтаар ашиглахаар урьдчилсан байдлаар сонгожээ.  Харин үлдсэн 218 сургуулийн тухайд паспортжуулах шаардлагатай буюу газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаарх үнэлгээ хийгдээгүй байгаа юм. Төдий тооны сургууль газар хөдлөлтөд хэр тэсвэртэй нь тодорхойгүй байна гэсэн үг.

“Хоргодох байрны зориулалтаар ашиглаж болох барилгуудыг урьдчилсан байдлаар сонгож, нийслэлийн барилгын чанарын хэлтсээр үнэлүүлсэн. Ашиглаж болох талаар эцсийн шийдвэр гараагүй байна. Манай байгууллагын зүгээс болно гэж үзээд саналаа оруулбал нийслэлийн удирдлагууд шийдэх учиртай. Гэхдээ үүнээс өмнө хийх ажил их байна. Ядаж л түр байрны стандартаа батлуулах ёстой. Одоохондоо бол санаа төдий л байгаа гэж ойлгож болно” хэмээн ОБЕГ-ын дэд бүтэц, газар хөдлөлт хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Хишигбаатар тайлбарлав. Эдгээр газрыг хоргодох байраар ашиглах эцсийн шийдвэр гарвал газар хөдлөлтөд илүү тэсвэртэй болгон хүчитгэхээс гадна гамшгийн үед зайлшгүй шаардлагатай дулаан хувцас, хэрэглэл материал, хоол хүнсээр хангах юм байна. Гэхдээ албаны хүний хэлсэнчлэн бодит ажил болоход хол байгаа аж.

ХҮН АМЫН 85 ХУВЬ НЬ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙНА

Манай орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1905 онд Булнайн нурууны газар хөдлөлтөөр 350 км газарт том хагарал үүссэн бөгөөд энэ нь өдгөө ч бүрэн эдгэрээгүй гэдэг. Хамгийн сүүлд 1957 онд Баянхонгор аймгийн нутагт 12 баллын хүчтэй газар хөдлөлт болоход 800 км урт ангал тогтсон байдаг. Тухайн үед хүн ам тархай бутархай суурьшдаг байсан болохоор айхтар хохирол амсалгүй өнгөрсөн юм.

Тэгвэл өдгөө нийт хүн амын 85 хувь нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулж байв. Тухайлбал, манай орны нийт газар нутгийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 19.6 хувь нь ес болон түүнээс дээш баллын ангилалд хамрагдаж байгаа аж.

Хамгийн сүүлд Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлийн шинэ хагарал үүссэнийг тогтоогоод буй. Хагарлын эхний цэг нь хотын баруун зах дахь улаанчулуутын хогийн цэг бол нөгөө цэг нь “Скай ресорт” цанын баазын ойролцоо очиж буй. Энэ хоёрын хооронд шугам татаад үзэхээр нийслэл хотын төв цэг буюу Сүхбаатарын талбайгаар дайрч байгаа юм. 

“Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотыг тойроод нийт долоон идэвхтэй хагарал байна. Тодруулбал, Хустайн, Эмээлт, Шархай, Авдар уул, Гүнжийн болон Багануурын хагарал. Судалгааны үр дүнгээр улаанбаатар хотыг тайван бус, газар хөдлөлтийн идэвхтэй нутаг гэж үзсэн. 2005 оноос эхлээд Улаанбаатарт болж байгаа газар хөдлөлт огцом өссөн. Жилдээ 100 гаруй удаа газар хөдөлдөг байсан бол зарим жилд 2800 хүрсэн. Хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт 4-5 удаа боллоо. Жишээлбэл, 2015 онд болсон гүнжийн газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгдсэн” хэмээн ШУА-ийн одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлах салбарын эрхлэгч М.Өлзийбат манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

Үүнийг бичихдээ мууг зөгнөж, олон нийтийг айдаст автуулахыг хүссэнгүй. Харин газар хөдлөлтийн гамшиг хэзээ ч нөмөрч болзошгүй гэсэн албаны хүмүүсийн үгийн дахин сануулж, бид болзошгүй аюулд бэлэн үү гэсэн улигт сэдвийг дахин хөндөхийг зорьсон юм. Үнэнийг хэлэхэд монголчууд бид болзошгүй аюулын үеэр авах арга хэмжээний талаар тун ч нимгэн мэдлэгтэй улс. Нийслэлийн удирдлагуудын хувьд болзошгүй гамшгийн үеэр ашиглах түр хоргодох байруудыг байгуулна гэж үйл ажиллагааны чиглэлдээ тусгасан ч өнөө хэр бодит ажил болгож амжаагүй л явна.

Гэтэл стандарт гээч зүйлийг мөрдөхөө больсон өнөө үед шинээр баригдаж буй барилгуудын хэдэн хувь нь газар хөдлөлтөд тэсвэртэй бол. Гай гамшиг тохиолоо гэхэд ямар арга хэмжээ авч, хаана очиж хоргодохоо энгийн иргэд мэдэж байна уу гээд асуудал их. Тиймээс мууг зөгнөлөө гэж ундууцахын оронд онцгой байдлын албанаас зааж буй сургалтуудад идэвхтэй хамрагдаж, анхан шатны мэдлэгтэй болох нь чухал байна. Нөгөөтэйгүүр шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хариуцсан ажлаа шуурхайлж, түр хоргодох байруудаа бэлэн болгож, олон нийтэд нээлттэй зарлах нь чухал. Гай гамшиг хэдийд ч нөмрөөд ирж магадгүй мэргэжлийн хүмүүсийн үгийг эцэст нь дахин нэг сануулъя.
САНАЛ БОЛГОХ