Амжилттай сурахад туслах 6 чанар

UB Info

Зарим хүмүүс төрөлхийн сурах дуртай байдаг. Харин зарим хүмүүс сурах нь зайлшгүй хийх ёстой зүйл гэж боддог ч үүнээс айх айдастай болсон байдаг. Дараагийн шатанд хүрч ахиж дэвших эсхүл өөр чиглэлээр ажиллахын тулд та шинэ мэдлэг, ур чадварт суралцах хэрэгтэй болно. Та ямар ч шалтгаантай байсан ирээдүйгээ илүү гэрэлтэй болгоход шинэ мэдлэг эзэмших гэдэг таны зорилт байх ёстой. Иймээс амжилттай суралцагчдад байдаг дараах чанаруудын талаар зөвлөгөөг хүргэе.

Өөртөө итгэлтэй байх

Амжилттай суралцагч “Би ухаалаг, би мундаг, илүү мундаг болохын тулд эдгээр шинэ мэдлэг, ур чадварыг эзэмших ёстой” гэдэгт үргэлж итгэж, дотроо байнга санаж байдаг. Өөртөө итгэлтэй хүмүүс алсын зорилгодоо илүү төвлөрөхөөс шалгалтын дүн гэх мэт шалдар булдар зүйлсээр хөөцөлдөөд байдаггүй. Гэхдээ дүн гол утга учир биш ч өдөр бүр шинэ зүйлс сурахад тань туслах нэг төрлийн “багаж, хөдөлгүүр” болж байдаг. Өнөөдөр гэдэг өдөр бол өчигдөр гэдэг өдөр дээр суурилсан байдгийг санах хэрэгтэй.

Эмх цэгцтэй байх

Энэ нь мэдээжийн боловч маш чухал учир зайлшгүй дахин сануулж байгаа юм. Эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай хүн бол цаг хугацааны сайн менежер байх бөгөөд аль ажилд цаг хугацаагаа түлхүү хуваарилахаа сайн мэддэг. Нөгөө талаас эмх цэгцтэй байна гэдэг хийх ажлуудаа хэрхэн зөв дэс дараалалд оруулахаа мэдэж байхыг хэлж буй. Хийх ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж, хамгийн чухлаас нь гүйцэтгэж эхэлнэ гэсэн үг юм. Суралцагчийн хувьд та бүх ажил, хичээлээ төлөвлөж, төлөвлөгөөгөөрөө явах ёстой. Эмх цэгцтэй, зохион байгуулалттай байснаар гэнэтийн зүйлсэд бага цочирдох эсхүл сүүлийн минутад ажлаа дуусгах зэргээс хол байж чадна.

Ажлын төлөвлөгөөтэй байх

Та өдрийн аль үед хамгийн эрч хүчтэй байдаг вэ? Хичээлийн дараа юу эсвэл оройн хоолоо идсэний дараа юу? Өглөө, оройны аль үед эрч хүчтэй байдаг вэ? Эсвэл өдрийн аль аль үеүдэд эрч хүчтэй байдаг вэ? Өөрийгөө сайн ажиглаж эдгээр асуултуудад хариулт гаргах хэрэгтэй. Эрч хүчтэй байгаа үедээ чухал ажлуудаа хийхээр төлөвлө. Төлөвлөж байхдаа өөр хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Тухайлбал, бусад зүйлсэд сатааралгүйгээр урт хугацаагаар сууж сурна гэдэг амаргүй, яаж ч хичээгээд төвлөрч чаддаггүй үе гэж байдаг. Тийм үеүдийг аль болох богино, цөөхөн байлгах хэрэгтэй. Мөн шөнийн хангалттай нойр гэдэг чухал зүйл. Таны бие бүрэн сэргэхэд хоногт 6, 7 магадгүй 8 цаг унтаж амрах хэрэгтэй бол тэр л хугацаагаараа амрах хэрэгтэй. Энэ нөхцөл хангагдсанаар таны толгой сэргэг, ой санамж сайн байхыг анхаар.

Асуу

Сургууль гэдэг суралцах ёстой газар учир сайн асуух хэрэгтэй. Багш, найз, гэр бүлийнхэн болон ангийнхнаасаа сайн асуух хэрэгтэй. Ингэснээр сурч буй зүйлээ бүрэн сурах боломжтой болно. Үүний тулд сурахад “тэнэг асуулт” гэж байдаггүйг анхаараарай. Бусдын юу гэж бодохыг мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх хүслээсээ дээгүүр тавих хэрэггүй.

Суралцах

Хүн бүрд суралцах сайн хэвшил байдаггүй. Зарим хүмүүс зөвхөн шалгалтад зориулж сурдаг байхад зарим нь хоосон цээжилдэг. Эдгээр нь танд урт хугацааны мэдлэг өгөхгүй. Иймээс сургалтын материалаа байнга давтан харж бай. Мөн өөртөө тохирсон сургалтын хэв маягаа тодорхойлох хэрэгтэй. Тодруулбал, ном сурах бичиг уншиж суралцдаг уу эсхүл асуултад хариулах байдлаар сайн суралцдаг уу гэдгээ мэд. Зарим хүмүүс флаш карт (flash card) ашигласнаар сайн сурдаг.

Хичээлийн үеэр тэмдэглэл сайн хөтөлж сурах нь ашигтай. Ингэснээр хичээлийн үеэр анхаарал төвлөрөл сайн байхаас гадна тэмдэглэж авсан зүйлс дараа шалгалтад бэлтгэхэд хэрэг болдог. Мөн сайн суралцаж чаддаг орчин нөхцөлөө тодорхойлох хэрэгтэй.

Ийм орчин нь анхаарал сарниулах зүйлсийг зайлуулсан байхыг шаардана. Телевизор, гар утас гэх мэтийг мартсан байх учиртай. Бас бусадтай хамтран суралцах нь гайхалтай давуу талтай. Өөртэйгөө адил зүйл сурч буй хүмүүстэй хамтран суралцсанаар суралцаж буй зүйлдээ олон талаас нь хандаж чадах бөгөөд дараа нь бие биедээ тайлбарлаж өгснөөр ганцаараа сурснаас илүү ихийг ойлгох боломжтой.

Өөрийгөө идэвхжүүлэх

Сайн суралцагч зөвхөн тохиромжтой нөхцөлийг хүлээхээс илүү зорилгодоо хүрэхийн тулд байгаа нөхцөлдөө зохицсон төлөвлөгөө гаргаж чаддаг. Мөн өөрт ашигтай байгаа нөхцөлөө хамгаалж байх хэрэгтэй. Жишээ нь, таны ирэх долоо хоногийн шалгалттай чинь өөр ямар нэг ажил давхацвал зайлшгүй хийх ёстой байсан ч тэр ажлаас татгалзаж сурах хэрэгтэй. Энэ нь зөвхөн суралцахад төдийгүй амьдралынхаа бүхий л нөхцөлд хэрэгжүүлж байх ёстой хандлага юм.

Хүн өөртөө зорилго тавьж, түүндээ хүрснээр маш их аз жаргал, баяр баяслыг мэдэрдэг. Сайн суралцагч байх нь зорилгодоо хүрэхэд тань хэрэгтэй, чухал зүйлсийн нэг юм.

Эх сурвалж: www.scholarship-positions.com
САНАЛ БОЛГОХ