Чи чадна. Чамайг чадахыг би мэдэж байна. Одоо хий!

UB Info

Ажилд ороогүй удаагүй байсан юм. Муухан оюутан, маруухан ажилтан байлаа. Захирал маань нэг даалгавар өгсөн юм. Би ихэд эргэлзэнгүйгээр захирал руугаа хараад хэллээ. “Захирлаа би чадах болов уу даа” гэж. Над руу нэг муухай харснаа:

“Чи чадна. Би мэдэж байна. Одоо хий!” гэсэн.

Би бага зэрэг айсан бас бага зэрэг сэдэлжсэн. Тэгээд аанхаа би чадна гэж бодоод ажилдаа орж билээ. Яг үнэндээ тэр нь ямар даалгавар байсан, хамгийн гол нь би тэрийг нь хийж чадсан эсэхээ одоо мартжээ. Гэхдээ хэзээ ч мартдаггүй үгтэй болсон нь “Чи чадна. Би мэдэж байна. Одоо хий!” юм. Үнэхээр хүчтэй бас утга, учиртай үг юм л даа. Үүнтэй мөн ижил утгатай зүйлийг алдарт Форд-н хэлсэн байдаг. Тэр нь:

“Та чадна гэвэл таны зөв. Та чадна. Та чадахгүй гэвэл бас л таны зөв. Та чадахгүй” гэсэн.

Гоё байгаа биз. Нөгөө чадна, чадахгүй. Амжилт, азгүйдэл хоёрын чинь голд ердөө шийдэх л асуудал байсан гэхээр. Гэхдээ бодит байдал дээр энэ ч бас яг үнэн биш л дээ. Заримдаа чадна гээд шийдсэн ч бүтэлгүйтэх юм байлгүй л яахав. Тийм бүх зүйл бүтээд байдаг зүйл гэж юу байх вэ дээ.

Санаа нь үүнээс арай жаахан өөр юм. Тэр нь юу ч байсан зүгээр л зориглоод хийж байгаарай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та хийхээр шийдээд, түүнийхээ төлөө тэмцэж буй тэр л хамгийн чухал нь гэсэн үг юм л даа. Эерэг үр дүн гэдэг сайхан л даа. Гэхдээ түүнээс ч илүү сайхан зүйл нь түүний төлөө явж буй тэр зам юм. Тэр зам л таны амьдралыг тодорхойлдог. Таны амьдрал нэг удаагийн амжилт гэх цэг юм уу ? түүний төлөө тэмцсэн тэр зураас юм уу гэдэгт оршиж буй юм.

Эх сурвалж

САНАЛ БОЛГОХ