ОХУ-ын давшилт монгол нүүрсийг шахна
Уул уурхай
ОХУ, Хятадын нүүрсний зах зээлд Монголтой ана мана, ач тач өрсөлдөх гэж байна
Азийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, нүүрсний эрэлт нэмэгдэх нь аль эртнээс тодорхой байв. Тиймээс газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гайхуулдаг ОХУ-д азийн зах зээлийг атгах амбиц энэ зууны эхнээс буцалж эхэллээ. Оросын алсын хараа, ашиг сонирхол азийн орнуудыг чиглэх зуур олон жилийн турш эрчим хүчний салбарт ганзага нийлж байсан барууны зарим оронтой хойд хөрш түнжин хагарч, түншлэлд нь ан цав үүсэх болов.
АЗИД ЭРЭМБЭ АХИУЛАХ АМБИЦ
Европын орнуудад газрын тос, байгалийн хийгээ зарж, улсын төсвийнхөө багагүй хэсгийг бүрдүүлдэг байсан ОХУ геополитикийн харилцаанаас үүдэн гол худалдагч авагчдаа алдаж, барууны орнууд ч хойд хөршийн экспортын гол бүтээгдэхүүнүүдэд худалдааны хориг тавилаа. Яг үүнтэй зэрэгцэн хойд хөрш эрчим хүчний салбарт баримтлах бодлогоо эрс өөрчилж, “Эрчим хүчний стратеги-2030” хөтөлбөр баталсан байдаг. Бодлогын зураглалаар байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг эрчим хүчний гол түүхий эдийн нийлүүлэлтээ ази руу чиглүүлж, дэлхийн хамгийн өсөлттэй зах зээлээс ашиг хүртэхээр шийджээ.
Энэ амбицынх нь нэг хэсэг болсон нүүрсний салбарыг эрчтэй дэмжиж, экспортыг нь ирэх 20 жилд хоёр дахин өсгөн, 430 сая тоннд хүргэх зорилт тавьсан юм. Бараг хагас тэрбум тоннд хүрэх нүүрсний нийлүүлэлтийг 82 ил, 64 далд уурхайгаас олборлохоор төлөвлөсөн.
Дэлхийн нүүрсний хамгийн том нийлүүлэгч болохын тулд ОХУ үйлдвэрлэлийн тулх цэгээ өөрчилж, олборлолтын сав газраа алс Дорнод, Сибирийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн байна. Улмаар алс хязгаар энэ бүс нутгуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон тооны орд уурхайн үүдийг нээж, хүчин чадлыг өргөтгөсөн. Далайн боомт болон төмөр замын хүчин чадлаа сайжруулан, шинэчлэх ажлуудыг ч ар араасаа хийжээ. Хойд хөрш нүүрсний салбарын үйлдвэрлэл болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжихэд нийт 22.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө ч гаргасан байгаа юм.
БОЛОМЖ БҮРИЙГ АТГАСАН НЬ
Ингээд зорилгоо тодорхойлж, ажлаа эхлүүлсэн оху зугуухан атлаа зогсолтгүй азийн зах зээл рүү довтолж эхлэх нь тэр. Нүүрсний салбарын сүүлийн 3-4 жилийн нөхцөл байдлыг харвал хойд хөрш зогсолтгүй давшилж, нүүрсний зах зээлд бий болсон сул зай, боломж бүрийг алдалгүй атгасан нь харагдана.
Олон улсын харилцаанаас үүдэн 2017 онд БНХАУ Хойд Солонгосын нүүрсэнд экспортын хориг тавьсан. Энэ хоригоос хамгийн их хожиж, урд хөршийг чиглэх нүүрсний нийлүүлэлтээ хамгийн эрчтэй хийгээд тогтмол тэлсэн тоглогч бол ОХУ. Хойд Солонгосын нүүрс хоригт хүлэгдсэн эхний гурван сард гэхэд хятадыг чиглэх ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт бараг 40 хувиар өсөж байжээ. Энэ өрсөлдөөнөөс нэг тоглогч ухрахад бусад нь орон зайг нь хэрхэн булааж болдгийг умард Солонгос болон хойд хөршийн жишээнээс харж болно.
Ийнхүү олон улс, ялангуяа, урд хөршийн зах зээлд зогсолтгүй урагшилж буй ОХУ-ын экспорт 2018 онд сүүлийн таван жилийн дээд цэгт хүрчээ. Мөн нүүрсний олборлолт нь 433 сая тоннд хүрсэн нь олон жил харагдаагүй онцлох үзүүлэлт аж. Энэ мэт нүүрсний салбар дахь оросын ялалтыг баталсан тоон үзүүлэлт, үр дүнгүүд хойд хөршийн хэвлэлүүдээр хөвөрч байна.
АВСТРАЛИЙН УХРАЛТ, ОХУ-ЫН ДАВШИЛТ
Одоогоор урд хөршийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлтээр австрали тэргүүлж, аман хүзүүнд нь Монгол Улс бичигдэж буй бол бидний араас ОХУ нэхэж яваа. Гэхдээ энэ оноос урд хөрш нүүрсний хамгийн том түншийнхээ нийлүүлэлтийг удаашруулж эхэлсэн. Зөвхөн хятад гэлтгүй дэлхийн нүүрсний зах зээлд дэндүү том байр суурь эзэлдэг австралийн тээвэрлэлт хятадын зарим боомтод саатсан нь энэ зах зээлд чамлахааргүй өөрчлөлт дагуулж мэдэхээр байгаа.
Хэдийгээр хоёр улсын аль аль нь хурц мэдэгдэл хийлгүй өдий хүрч буй ч өмнөд хөршийн хэд хэдэн боомтод австралийн нүүрсийг хяналт шалгалт нэрийн дор хязгаарласан нь үнэн. Цаашид ч энэ тодорхойгүй байдал хэрхэн үргэлжлэх нь асуулт хэвээр байна. Ингэснээр дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын зах зээлийн дархан аварга болох австралийн нийлүүлэлт саарахаар байна. харин үүнийг нь хэн нөхөх вэ.
Уг нь австралийн араас бичигдэх Монгол Улсад нийлүүлэлтээ ахиулах боломж хамгийн түрүүнд бий болмоор. Гэтэл энэ өрсөлдөөнд аль эртнээс бэлтгэсэн ОХУ биднийг түрүүлж гүйцээд, боломжийг ашиглах нь. Хятадын зарим боомтоор нэвтрэх австралийн нүүрс хязгаарлалттай нүүр тулсан энэ оны эхний гурван сарын байдлаар австралийн орон зайг хамгийн идэвхтэй ашиглаж буй орны тоонд орос улс бичигдэж байна.
Орос үнэндээ өнгөрсөн жилүүдэд гэрийн даалгавраа маш сайн хийсэн. Тойм тооцоогоор нүүрсний нөөц нэг их наяд тонныг давсан орос улс бидэн шиг ганцхан хятадад нүүрс борлуулдаггүй. Япон, БНСУ, Турк, АНУ зэрэг 80 улсад нийлүүлэлт хийж орлого олдог. Энэ улс сүүлийн жилүүдэд нэмүү өртөг шингээгүй түүхий нүүрсээ хилийн чанадад хямдаар зарах бус угааж, боловсруулан ахиу ханшаар борлуулах болсон. Ийм үйлдвэрийг олноор байгуулж, боловсруулсан нүүрсний хэмжээгээ 2017 онд гурван хувиар өсгөж, 195 сая тоннд хүргээд байна. Мөн дэлхийн нүүрсний салбарын гол үзүүлэлт болсон хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, 2000 оноос гурав дахин өсгөжээ.
Ийм хүчтэй, амбицтай, аль эртнээс өөрийгөө өрсөлдөөнд сойсон, олон улсын тавцанд нэр нөлөөтэй ОХУ, Хятадын нүүрсний зах зээлд монголтой ана мана, ач тач өрсөлдөх гэж байна. Ирэх жилүүдэд манай экспортын гол түшиц болсон хятадын нүүрсний зах зээлд ОХУ хэмээх хүчтэй тоглогчийн байр суурь улам нэмэгдэнэ. Гэтэл энэ өрсөлдөөнийг урьдчилан таамаглаж, анхаарч үзэх сөхөө ч үгүй тэнгэрийн тоогоо ярьсаар сууна.
Зам дэд бүтцээ сайжруулж, салбарын олборлогчдоо дэмжин, зах зээлийн ширүүн өрсөлдөөнд бэлтгэх бус харин ч төмөр замаа гацааж, төр, хувийн хэвшил хоёр нуруу нуруугаа харуулсаар. Гэтэл амбиц тээсэн хойд хөрш бидний энэ арчаагүй байдлыг өршөөж энэрэнгүй хандах нь юу л бол. Зах зээл дэх бусдын орон зайг булааж ирсэн зангаараа монголын бүх боломжийг зажлахгүй залгичих болов уу.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй