Х.Баттулга, Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээр хийв

Улс төр


Төлөөлөгчид “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурав


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Ерөнхийлөгчийн анхны айлчлалын бүрэлдэхүүнд гадаад харилцаа, Зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон шадар сайд нар багтсан юм. Хоёр улсын удирдагч нарын хэлэлцээрийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Ардын их хурлын талбайд БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс гадна төрийн өндөр, дээд албан тушаалтнууд нь угтан авсан бөгөөд хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссан байв.

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийхээр Ардын их хурлын ордныг зорьсон юм. Талууд Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө, хөгжлийн зам болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. Үүнээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт сайд нар гарын үсэг зурав.

2018 оны наймдугаар сард БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд хоёр орны худалдааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.доллар хүргэх зорилго тавьсан юм. Монгол Улсын худалдааны гол түнш БНХАУ-тай хийсэн худалдааг харвал оны эхний улиралд нийт бараа эргэлтийн 62 хувь буюу 1.9 орчим тэрбум ам.доллар нь тус улсад харьяалагдаж байна. 2019 оны эхний гурван сард Монгол Улс 7.7 сая тонн чулуун нүүрс экспортолсны 97.7 хувийг БНХАУ-д гаргажээ. Мөн жоншны экспортын 67.1 хувь, молибдены баяжмалын 83.6 хувийг БНХАУ-д гаргажээ.

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд хоёр орны зам тээврийн салбарын сайд нар зам, тээврийн салбарт авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протоколд сайд гарын үсэг зуржээ. Энэ нь “Бүс ба Зам” уулзалтын нэгэн угтал баримт бичиг болж буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдрөөс гурван өдрийн турш “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцох юм.
САНАЛ БОЛГОХ