Сайн засаглалаас шинэ хувьцааны шимийг хүртэнэ

Нийтлэлчийн булан


Шинээр IPO хийсэн есөн компанийн долоогийнх нь хувьцааны ханш буурчээ


Монголчууд хувьцаа руу дахин хошуурч эхэлсэн сүүлийн жилүүдэд хувь болон хувьсгалын хөрөнгийн биржид нийт есөн компани шинээр хувьцаагаа арилжжээ. Хөрөнгө оруулагчдын сонирхол татахаар бүтээгдэхүүн өдрийн од мэт байсан дотоодын зах зээлд жил хагасын өмнөхөн “Айтүүлс” IPO гаргаснаар үндэсний компаниуд дуу дуугаа авалцан хувьцаагаа худалдаж, хөрөнгө оруулалт татаж эхэлсэн билээ. “Лэндмн ББСБ”, “Монгол базальт”, “Эрдэнэ ресурс Девелопмент Корпорэйшн”, “Анд энерги”, “Ард даатгал” зэрэг компанийн дотоодын зах зээлээс татсан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ одоогоор 50 тэрбум төгрөг дөхөөд байна. Хоёр жил хүрэхтэй, үгүйтэй хугацаанд тэд компаниа үнэлж, тодорхой хувийг нь хувьцаа хэлбэрээр олон нийтэд борлуулаад, оронд нь ийм хэмжээний санхүүжилтийг иргэд, хөрөнгө оруулагчдаас авч чадав. Банкны зээлээс бага хүү, урт хугацаатай санхүүжилт татсан эдгээр компани өдгөө үйл ажиллагаагаа өргөтгөж, шинэ үйлдвэр, үйлчилгээ нээн гялалзаж байна.


Тэгвэл эдгээр компанид итгэж мөнгөө өгөөд, оронд нь үнэт цаастай болсон иргэд, хөрөнгө оруулагчдын хувьцааны ханш ингэж өсөж, хэтэвч нь үүн шиг зузаарсан болов уу. Хөрөнгийн зах зээлийн хоёр дахь давлагаа эхэлсэн үе буюу 2017 оны сүүлийн хагасаас хойш IPO хийсэн зарим компанийн хувьцааны ханштай танилцана уу. Дийлэнх хувьцааны ханш уналт руу уралдан уруудсан урамгүй дүр зураг харагдаж буй за.


Уг нийтлэлээр компанийн засаглалаа сайжруулж, олон нийтэд нээлттэй болж, монголын бизнесийн орчин, хөрөнгийн зах зээлийн сэргэлтийг түүчээлж буй компаниудыг буруутгаж, шинэ давлагааг шүүмжлэх гэсэнгүй. Гэхдээ бидний магтаж, зарим иргэний хураасан хэдэн төгрөгөө дэнчинд тавьж буй энэ сэргэлтийн цаана үл тоож боломгүй сүүдэр нуугдаж буйг шинэ хувьцаануудын ханшийн муруй илэрхийлнэ.


Сүүлийн жил хагасын хугацаанд IPO хийсэн есөн компаниас ердөө “Мандал даатгал”, “Лэнд МН”-ийн хувьцааны ханш өсөж, бусдынх нь үнэт цаас уналтын зүг чиглэсээр байна. Тухайлбал, араасаа олон шинэ хувьцаа дагуулсан, булган сүүлтэй “Айтүүлс” компани 100 төгрөгийн үнэ бүхий 13 сая ширхэг энгийн хувьцаа гаргаж байв. Компанийн хувьцааны өөрчлөлт хөрөнгийн биржийн цахим хуудсанд тэмдэглэгдэж эхэлсэн үе буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 13-нд 132.25 нэгж байсан бол энэ дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 88.8 төгрөгтэй тэнцэж байна. Мөн хөрөнгийн зах зээлийн отгон гишүүн болох “Ард кредит” компанийн ханш сар гаруйн хугацаанд 87.8 төгрөгөөс 78.8 хүртлээ унав. Гэвч эдгээр уналт шил шилээ дарсан хувьцааны сураг, зах зээлийн идэвхжилээр халхлагдаж, олон нийтийн анхаарлын гадна үлдсээр буй.

Гэхдээ бүгд унаж, уруудчихаагүйг өмнө нь хэлсэн билээ. Өнгөрсөн жилийн өдийд хөрөнгийн зах зээлд хөл тавьж байсан “Лэнд МН”-ийн нэгж хувьцааны ханш өнгөрсөн оны гуравдугаар сарын 14-нд хоёрдогч зах зээлийн арилжаагаа 25 төгрөгөөр эхлүүлж байсан бол өдгөө 67.6 төгрөгтэй тэнцэж байна. Жилийн хугацаанд тус компани хувьцааны ханшаа бараг 2.6 дахин өсгөв.

“Мандал даатгал”, “Лэнд МН”-ийн хувьцааны ханш өссөн
Мөн “Мандал даатгал” компанийн үнэт цаасны ханш хагас жил гаруйн хугацаанд 10 гаруй хувиар чангарчээ. Эдгээр компанийн хувьцааг худалдан авсан иргэдийн мөнгө ийнхүү 10 хувиас 2.6 дахин өсөж байхад ханш нь хоног хоногоор уруудаж буй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө өдрөөс өдөрт үнэгүйдсээр. А компанийн үнэт цаасны ханш 50 хувиар унахад л тус компанийн нэгж хувьцааг 100 төгрөгөөр авсан иргэн хөрөнгө оруулалтынхаа тэн хагасыг ханшийн уналтын улмаас салхинд хийсгэнэ гэсэн үг.

Ингэж үнэт цаасны уналтаас үүдэн иргэдийн мөнгө үнс болж буй нь нэг талаас бага мөнгөөр богино хугацаанд их ашиг олох хүсэлтэй, хөрөнгө оруулах мэдлэг, туршлага, сэтгэл зүй бүрэн төлөвшөөгүй жижиг хөрөнгө оруулагчид зах зээлийг тогтворгүй байдал руу хөтөлж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Гэхдээ хэдхэн сарын зайтай ижил зах зээлд хувьцаа арилжсан зарим компанийн хувьцааны ханш тасралтгүй өсөөд байхад заримынх нь үнэт цаас яагаад уруудаад байна вэ. Тэгээд бүр ижил салбарт яг адилхан үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн хувьцааны ханш нэмэх, хасах хоёр туйлыг чиглэж буй нь яавч үл тоож болохгүй өнцөг.

• Хөрөнгө оруулагчдын сонирхол татахаар бүтээгдэхүүн өдрийн од мэт байсан дотоодын зах зээлд жил хагасын өмнө “Айтүүлс” IPO гаргаснаар үндэсний компаниуд дуу дуугаа авалцан хувьцаагаа худалдаж, хөрөнгө оруулалт татаж эхэлсэн.
• Компаниуд дотоодын зах зээлээс татсан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ одоогоор 50 тэрбум төгрөг дөхөөд байна.
• Яг адилхан үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн хувьцааны ханш нэмэх, хасах хоёр туйлыг чиглэж буй нь яавч үл тоож болохгүй өнцөг.

Сүүлийн жилд хувьцааны ханшаа өсгөж буй “Лэнд МН” компани үйл ажиллагаагаа эрчтэй тэлж, санхүүгийн зах зээлд шинэ шинэ үйлчилгээ нэвтрүүлсээр буй. Улирал тутам үйл ажиллагааны тайлангаа тогтмол танилцуулдаг байсан тус компани энэ оноос эхлэн сар бүр иргэд, олон нийтэд энэ мэдээллээ дэлгэхээр болсон. “Компаниуд улиралд тутам тайлангаа танилцуулснаар үйл ажиллагаа нь өсөн уруудаж буйг хөрөнгө оруулагчид мэддэг. Гэтэл нэг улирал буюу гурван сарын хугацаанд томоохон арилжаанууд хөрөнгийн зах зээлд өрнөдөг ч чухам ямар шалтгааны улмаас болсон нь жижиг хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байдаг. Үүний цаана нь мэдээлэлд ойр хүмүүст давуу тал бий болж, тэдний ашиг олох боломж нэмэгддэг. Зах зээл дэх мэдээллийн энэ тэгш бус байдлыг багасгахын тулд сар бүр тайлангаа танилцуулахаар болсон” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тайлбарлаж байв.

Үүнээс гадна шинээр хувьцаа гаргасан компаниудаас “Мандал даатгал”, “Лэнд МН”, “Монгол базальт”, “Ард даатгал” компани өнгөрсөн оны ашгаасаа хөрөнгө оруулагчдадаа ногдол ашиг олгохоо мэдэгдлээ. Энэ мэтээр өөрт итгэж мөнгөө өгсөн түнш буюу хөрөнгө оруулагчийнхаа итгэлийг дааж, тэднийг урамшуулж, урт хугацаанд хамтран ажиллахын тулд компаниуд хичээл зүтгэж гаргаж буй нь сайн жишээ.

Анхдагч зах зээлд хувьцаагаа арилжсан компаниуд иргэд, аж ахуйн нэгжээс татсан хөрөнгөөрөө ийм ч том үйлдвэр барилаа, ингэж ч үйл ажиллагаагаа өргөжүүлж, экспорт хийлээ хэмээн өрсөн гайхуулах аж. Гэтэл энэ өсөлтийн түшиг болсон иргэд буюу өөрөөсөө ч харамлан байж хувьцаа авчихсан, байр авахаар хадгалж байсан хэдэн төгрөгөө үнэт цаасанд шилжүүлчихсэн иргэдийн амьдрал ийн дэвжин дээшилсэн болов уу. Арай хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж олсон багахан мөнгөө хувьцаа дагасан хошууралд алдчихсан иргэн олон байгаа юм биш биз.

Бизнес бол итгэл, харилцан ашигтай хамтын түншлэл дээр тогтдог тасралтгүй үйл ажиллагаа. Энэ зах зээлээс хоёр тал хоёулаа ашиг хүртэж байж, бизнес урт хугацаанд өсөн дэвжинэ.

Чихэнд чимэгтэй үгсээр сурталчилгаа хийж, өндөр ашиг амлаад дотоодын зах зээлээс хямд санхүүжилт татах нь компаниудын эн тэргүүний зорилт байх нь мэдээж. Гэлээ гээд хүссэн санхүүжилтээ татчихсан бол хувьцааны ханш унах, хөрөнгө оруулагчдын мөнгө үнэгүйдэх нь падлийгүй хэмээн хэнэггүй загнаж болох уу.

1990-ээд оны хөрөнгийн зах зээлийн их давлагаагаар дотоодын олон компани хувьцаагаа арилжсан ч дийлэнх нь хувьцааны арилжаа нь идэвхгүй, “амьд” эсэх нь тодорхойгүй байсаар 20 жилийг үдэж байна. Хэрэв шинээр IPO хийж буй компаниуд эхнээсээ хариуцлагагүй, санаснаа авмагцаа ор сураггүй алга болсоор байвал яг тэдний өрөөсөн дугуй болж хувирна. Эргэх холбоогүй, идэвхтэй бус хувьцаат компаниудын цаана аль салбарын эсвэл ямар хэмжээтэй аж ахуйн нэгж гэхээсээ илүү тус компанийг хэн, ямар баг удирдаж, компанийн засаглалыг хэрхэн хэрэгжүүлж буй нь үүнийг тодорхойлж байна.

Шинэ бүтээгдэхүүнээр зах зээлийн лангуу дүүрч, хөрөнгө оруулагчдын сонголт солонгорч байгаа нь эерэг өөрчлөлт. гэхдээ энэ сэргэлт иргэд, олон нийтэд ээлтэй, өгөөжтэй байж компаниуд цаашид санхүүжилт татаж, үнэт цаасны зах зээлийн өсөлт үргэлжилнэ. Эс бөгөөс хэн ч, юу ч хүртэхгүй. Монголын ард түмэн энэ зах зээлээс өгөөж хүртэх ёстой болохоос биш ханшийн уналтад өртөх учиргүй.

САНАЛ БОЛГОХ