Барилгын сэргэлтийг барааны үнийн өсөлт угтах нь

Мөнгөний урсгал


Барилгын материалын ханш 5-6 хувиар өсөх төлөвтэй


Өвлийн турш үл хөдөлсөн өргөгч кранууд “амь” орж, сунайсан гурван сарыг амарч өнгөрөөсөн барилгачид ажилдаа ханцуй шамлах цаг ирлээ. Шинэ барилга, байшингийнхаа зургийг хэдийн санаандаа зурагласан хэн бүхэн төсөв, төлөвлөгөөгөө гаргаад эхэлсэн энэ үед бүтээн байгуулалтын чанар, ханшид хамгийн хүчтэй нөлөөлдөг түүхий эд, бараа материалын ханш хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхлоо. Тухайлбал, барилгын араг яс болдог арматурын ханш тонн нь 1.78-1.8 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс ялимгүй өсчээ.


Манай арматурын эрэлтийн дийлэнхийг хилийн чанадын бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Одоогоор дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эс тооцвол энэ төрлийн бүтээгдэхүүний томоохон хэмжээний нийлүүлэгчид цөөрчээ. Мөн сүүлийн 2-3 жилд барилгын салбар удааширснаас дотоодын жижиг тоглогчид ч хаалгаа барихад хүрсэн. Үүнээс үүдэн дотоодын арматурын зах зээл гадаадын үйлдвэрлэгчдийн атганд орж, үнэ ханш ч өсөж эхэлсэн байна. Өнгөрсөн намар бүр арматурын нийлүүлэлт тасалдаж, үнэ ханш ч огцом өсөж байв.


Харин сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчид хүч түрэх болсон цементийн ханш харьцангуй тогтвортой байна. Хэдэн жилийн өмнө манай зах зээлийг эзлээд байсан урд хөршийн цементийн импорт өдгөө бараг зогсчээ. Бага хэмжээний импортын цемент зүүн аймгуудын хилээр нэвтэрч байгаа аж. Түүнчлэн тоосго болон блокийн үнэ ялимгүй өсчихсөн байна. Нэг ширхэг тоосго 290 төгрөгтэй тэнцэж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 30 төгрөгөөр өссөн үзүүлэлт. Одоогоор тоосгоны үйлдвэрүүд хэдийн ажиллаж буй бол блокийнх хараахан эхлээгүй байна.


Барилгын голлох материалын үнэ ханш бүтээн байгуулалтын улирлыг угтан өссөн дүр зураг гол худалдааны төвүүдэд ажиглагдаж байна. “Ер нь бараа материалын ханш мэдэгдэхүйц өссөн. Жижиглэнгийн барааны үнэ дор хаяж 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн нь үнэн” хэмээн “Цайз” захад барилгын материал борлуулдаг Х.Наран ярилаа. Тэрбээр лангуун дээрээ өрсөн цонх, ванн зэргийн зай бөглөдөг силикон руу заагаад “Энэ л гэхэд өнгөрсөн жил 3000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин одоо бөөний үнэ нь 3500 төгрөг болсон” хэмээн хэлсэн юм. Ирэх саруудад барилгын материалын ханш 5-6 хувиар өсөх төлөвтэй гэж “Барилга Эм Эн” компанийн ерөнхий захирал Г.Батсүх таамаглаж байна.

Үнийн өсөлтийг хэд хэдэн хүчин зүйл өдөөж байгаа аж. Худалдаачдын хэлж буйгаар өнгөрсөн жилийн өдийд 350 төгрөгтэй тэнцэж байсан юанийн ханш өдгөө 400-г шүргэж байна. Өөрөөр хэлбэл, үнийн самбарт өдөр бүр өөрчлөгддөг валютын ханш ийнхүү бараа материалын үнийг автоматаар хөдөлгөжээ. Мөн хил гаалийн хяналт чангарснаас энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлоход улам амаргүй болсон байна. “Өмнө нь бараагаа УАЗ-469 машины орой дээр ачаад оруулж ирдэг байлаа. Одоо нэмэлт төлбөр төлдөг болсноор тээврийн зардал өссөн” хэмээн хэлэх худалдаачид ч байна. Энэ хэрээр манай барилгын материалын эрэлтийн бараг тэн хагасыг бүрдүүлдэг импортын барааны үнэ өсчээ. Үүнээс гадна дотоодод шатахуун түлшний үнэ өссөөр буй нь бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлснийг дотоодын үйлдвэрлэгчид хэлж байна.

Гэтэл энэ жил их бүтээн байгуулалт барилгын салбарт өрнөхөөр байгаа. 2016 оноос хөөс нь арилж, өсөлт нь саарсан энэ салбар сүүлийн саруудад эргэн сэргэж эхэлсэн. 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.6 их наяд төгрөгийн барилга, бүтээн байгуулалтын ажил хийхээр хүлээгдэж буй нь 2017 оныхоос тав, 2018 оны дүнтэй харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн барилгын салбарыг мөнгөөр ундаалах олон улсын төслүүд ч дуусахгүй. Олон улсын байгууллагууд болон донор орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн нийт өртөг мөн л хоёр их наяд төгрөг рүү дөхөж байгаа. Тухайлбал, азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх бол БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1070 айлын орон сууц барина. мөн БНСУ-ын 500 сая ам.долларын зээл гээд энэ жил барилгын компаниудыг завтай байлгах ажлууд мундахгүй нь.

Энэ хэрээр барилгын материалын эрэлт нэмэгдэнэ. Харин энэ эрэлт үнийн өсөлттэй нүүр тулж, иргэд төдийгүй бизнес эрхлэгчдийн зардал өсөж, хэтэвч нимгэрэх нь. Нөгөө талаас, энэ эрэлтийн багагүй хувийг гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн бүрдүүлж буй тул ирэх саруудад барилгын материалын импорт нэмэгдсэнээр валютын гадагшлах урсгал эрчимжиж, төгрөгийн ханшид дарамт болох эрсдэл ч хүлээж байна.

Нэгэн цагт барилгын материалын нийт эрэлтийнхээ бараг 80 хувийг хилийн чанадаас зөөдөг байсан монголчууд цемент, блок, хадаас зэрэг хөгжлийн гол түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэж, энэ хэрээр импорт буурч, валютын гадагшлах урсгал багассан. Гэсэн хэдий ч энэ зах зээлийн нийт бараа бүтээгдэхүүний тал хувийг гадаадаас худалдан авч байгаа учраас биднээс үл хамаарах ханшийн дарамт, хил гаалийн хяналтад цаашид өртсөөр байх нь. Монгол шиг ид хөгжиж, хотжилт хүрээгээ тэлж буй улсад ирээдүйд ч барилгын салбар эрчтэй хөгжиж, энэ хэрээр бараа материалын эрэлт өсөх нь тодорхой.

Тиймээс барилгын салбарыг, цаашлаад бизнес эрхлэгчид болон энгийн иргэдийг ханшийн өсөлт, хил гаалийн хяналт зэргээс үүдсэн бараа материалын үнийн өсөлтөөс хамгаалахын тулд дотоодын үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй байна.

Байр суурь

Барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаяр

Энэ жил барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байна. Харин энэ хөрөнгө оруулалтыг дотоодын барилгын компаниуд яаж шингээх, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Үндэсний худалдан авалтын тухай хуулийн дагуу аль болох дотоодоос бараа материалаа худалдан авахыг хичээнэ.

"Монмач" компанийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлтуяа

Өндөр бүтээмжтэй, байгаль орчин болон эдийн засгийн хэмнэлтэй техник тоног төхөөрөмжийг ашигласнаар барилгын компаниуд зардлаа хэмнэх боломжтой. Шатахуун, цахилгааны зардлыг барилгын компаниуд багасгаснаар урт хугацаанд багагүй нөлөө үзүүлнэ.

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар

Валютын ханш эрсдэл дагуулж байгаа. Сүүлийн хэдэн жил энэ салбар зогсонги байдалд орсноос орон сууцны борлуулалт буурлаа. Мөн энэ салбарын бодлого тодорхойгүй байснаас гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол буурлаа. Энэ онд нөхцөл байдал өөрчлөгдөх болов уу гэж найдаж байна. Барилгын компаниудад татаас олгож, гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй.

САНАЛ БОЛГОХ