Шат ахисан “Бүс ба Зам” илүү ашигтай

АЙЛЧЛАЛ


Уг санаачилгын үр дүн, үйл явцыг дахин хэлэлцэх цаг иржээ


Бээжин “Бүс ба Зам”-д 700 тэрбум ам.доллар “цутгаад” байна. БНХАУ-ын удирдлагууд өрнө, дорныг хэлхэхээр ийн хамаг хүчээ дайчилж буй ч хээл хахууль, хүний эрхийн зөрчил, хөгжиж буй орнуудын өрийн дарамт зэрэг сүүдэр энэ төслийн хоолойг боомилж, ирээдүйд нь эргэлзээ төрүүлэх болсон юм.


Үүнтэй зэрэгцээд Зүүн өмнөд Азийн орнуудад сонгуулийн мөчлөг эхэлж, бүс нутгуудын худалдаа, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх учиртай энэ төсөл улстөрчдийн хэрүүлийн алим болчихоод байна. Одоогоор тус санаачилгад нэгдсэн долоон орон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой шүүмжлэл дагуулж, зарим нь төслөө цуцлах хүртэл арга хэмжээ авч эхэллээ. Евразийг эдийн засгийн бүслүүрээр холбох энэ санаачилгыг тойрсон саар мэдээллүүд хөврөхтэй зэрэгцээд чихэнд чимэгтэй сайн мэдээллүүд ч зогсолтгүй урсаж байна.


2018 оны байдлаар БНХАУ болон уг санаачилгын гишүүн орнууд хоорондын нийт худалдаа зургаан их наяд ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өслөө. Уг санаачилгыг сонирхсон болон нэгдсэн орны тоо жилээс жилд өссөөр буй өөдрөг үзүүлэлт ч бий. Мөн дэд бүтэц, үйлдвэржилтийн шинэ бүтээн байгуулалтууд ар араасаа ашиглалтад орж, улс орнуудын хөгжилд эергээр нөлөөлж эхэлсэн. БНХАУ-ын банкууд энэ санаачилгын хүрээнд 440 тэрбум ам.долларын зээл олгоод байна гэж тус улсын төв банкны тэргүүн И Ган мэдэгдлээ.


• БНХАУ-ын банкууд энэ санаачилгын хүрээнд 440 тэрбум ам.долларын зээл олгоод байна гэж тус улсын төв банкны тэргүүн И Ган мэдэгдлээ.
• Хятад юанийн ханшаа ирэх жилүүдэд тогтвортой барихаа амласан нь урд хөршөөс их хэмжээний юанийн зээл авлаа гэхэд ханшийн дарамтад өртөх магадлалыг бууруулав.
• Шат ахисан, шинэчлэгдэн сайжирсан энэ санаачилгад Монгол Улс идэвхтэй хамрагдаж чадвал бидэнд хоцрогдол бус хожил болох бус уу.


БНХАУ-ын санаачилсан энэ төслийн тухай эерэг, сөрөг мэдээллүүд ийн дэлхийгээр ид хөвөрч буй энэ үед “Бүс ба Зам”-ын дээд хэмжээний чуулган БНХАУ-ын Бээжин хотод болсон юм. Гараанаас гараад хэдийн зургаан жил болчихоод буй Евразыг дамнасан худалдааны замыг дахин байгуулах төслийн үр дүн, үйл явцыг дахин хэлэлцэх цаг ирчихээд байгаа. Тиймээс дээд хэмжээний чуулган ч шинэ санал санаачилга, өөр уур амьсгал дор болж өнгөрлөө. Нэр хүнд нь сүүлийн үед сэвтэх болсон “Бүс ба Зам”-д итгэх итгэлийг сэргээхэд БНХАУ-ын удирдлагууд анхаарч буй нь чуулганаар ил болов. Энэ хүрээнд зургаан жилийн турш замнасан замаа эргэн харж, “Бүс ба Зам” төслийн үйл явцыг дахин тодотгож, эрс шинэчлэн хэрэгжүүлэхээ уг санаачилгын “автор”, БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин мэдэгдлээ. Ингээд зогсохгүй төслийн санхүүгийн урсгал, зарцуулалтыг шилэн болгож, авлигаас ангид байлгахад онцгой анхаарна. Бас байгальд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг зүтгүүлэхээ мэдэгдсэн нь “Бүс ба Зам”-ын хүрээнд урьд өмнө нь сонсож байгаагүй шинэ өнцөг, танил биш санаачилга байлаа.

Үүнээс гадна энэ төслийг хөгжиж буй орнуудыг өрийн занганд оруулах БНХАУ-ын арга заль гэж зарим улс шүүмжилдэг. Гэтэл дээд хэмжээний чуулганаар хятад улс юанийн ханшаа ирэх жилүүдэд тогтвортой барихаа амласан нь урд хөршөөс их хэмжээний юанийн зээл авлаа гэхэд ханшийн дарамтад өртөх магадлалыг бууруулав. Мөн урд хөршийн санаачилгыг төдий л тоодоггүй байсан Австри, Швейцар, Сингапур, Япон, Франц, Канад, Испани, Нидерланд, Бельги, Итали, Австрали зэрэг хүчирхэг орнууд нэгдэж эхэлсэн нь бусад оронд итгэл дагуулж байна. Барууны орнууд ийн эргэн харж эхэлсэн нь “Бүс ба Зам” дахь хятадын ганцаарчилсан тоглолтыг хязгаарлаж, учирч болох эрсдэлийг багасгана гэж шинжээчид таамаглаж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэлхий дахинд 2013 онд гэнэт танилцуулсан энэ санаачилгад эргэлзэх, өрийн дарамт, хятадын атганд орох вий хэмээн цөөнгүй орон өнгөрсөн жилүүдэд болгоомжилж байсан нь үнэн. Гэхдээ олон жил үргэлжилсэн эргэлзээ одоо эхнээсээ тайлагдаж байна.

БНХАУ өнгөрсөн жилүүдэд тив дамнасан эдийн засгийн энэ интеграцчилалдаа аль болох олон орныг хамруулж анхаарч, хүрээгээ тэлэхээр зорьж байв.  Тиймээс урин дуудсан, урам зориг өгсөн мэдэгдлүүдийг ар араасаа хийж байсан бол одоо илүү ажил хэрэгч хандахаар ханцуй шамлаж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, “Бүс ба Зам” санаачилга хөгжлийн шат ахиж, илүү ил тод, илүү эрх тэгш, илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй болж өөрчлөгдөхөөр байна.  Ингэснээр ирэх жилүүдэд илүү чамбай “Бүс ба Зам” санаачилга Евразид хэрэгжинэ гэсэн үг.

“Бүс ба Зам”-ыг эдийн засгийн зургаан коридор зангидаж буйн нэг нь Монголыг дайрч байгааг бид мэднэ. Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбох энэ коридорын хүрээнд бүтцээ сайжруулж, авто болон төмөр замын төслүүдээ урагшлуулахаа зорьж байгаа. Гэхдээ бид өнөөг хүртэл энэ санаачилга даган мэндэлсэн санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татаж чадаж, мөнгөний урсгалаас хүртэж чадаагүй л яваа. Гэтэл биднийг тойроод “Бүс ба Зам”-аар овоглосон бүтээн байгуулалтууд сүндэрлэж, Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахаар бүтээн байгуулалт өрнүүлээгүй өдий хүрсэн.

Монгол Улс бүс нутгийн энэ хөгжил дэвшлээс хоцорч, говийн ганц айл шигээ торойгоод үлдсээр буйдаа битүүхэн гуниглах болсон нь үнэн. Гэтэл гутарч, толгойгоо гудайлгах цаг хараахан болоогүй аж. Учир нь “Бүс ба Зам” өмнөх алдаа дутагдлаа засаж сайжруулан, цоо шинэ өнгө төрх, дэг журамтайгаар эргэн ирэх гэж байна. Хэрэв шат ахисан, шинэчлэгдэн сайжирсан энэ санаачилгад Монгол Улс идэвхтэй хамрагдаж чадвал бидэнд хоцрогдол бус хожил болох бус уу.

Ирэх жилүүдэд илүү чамбай “Бүс ба Зам” санаачилга Евразид хэрэгжинэ
150 гаруй улс, олон улсын байгууллагыг нэгтгэсэн “Бүс ба Зам” санаачилга бол дэлхийн хэмжээний төсөл. Энэ санаачилгын зах зухаас нь зүүгдэж, жаахан хэрчмээс хүртэхэд л тэр нь бидэнд чамлахааргүй орлого болно. 

Эдийн засгийн коридорын хүрээнд бид авто болон төмөр зам зэрэг дэд бүтцийн гол төслүүдээ урагшлуулахаар зүтгэж буй. Гэтэл энэ аварга санаачилгад дижитал торгоны зам, эрчим хүчний шугам сүлжээ гээд зөөлөн, хатуу бүх төрлийн хэлхээ холбоо багтсаар буй. Тухайлбал, дижитал торгоны замын хэлхээ холбоотой хэлхэгдсэнээр монголчууд дэлхийн инновац, технологийн урсгалтай нэг замд орж чадна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцохдоо эрчим хүчний хамтын ажиллагааг онцолж, “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг хөндсөн нь ийм учиртай. Эрчим хүчний шугам сүлжээнд Монгол Улс холбогдлоо гэхэд энэ нь бидэнд өргөн боломж дагуулна.

Бид “Бүс ба Зам”-ыг авто болон төмөр замын хэдэн төслөөр төсөөлж, түүнийгээ зүтгүүлсээр ирсэн. Хил хязгааргүй боломжийг дагуулсан Евразийн интеграцчилал бидэнд зөвхөн дэд бүтэц гэлтгүй хамтын ажиллагааны шинэ төсөл боломжуудыг ч санал болгож буйг анхаарах цаг нэгэнт болжээ.
САНАЛ БОЛГОХ