Монголын өвлөөр дөлгөөн Дон урсана
Үзэл бодол
Хөрш Орос гүрний драмын урлагт Москвагийн уран сайхны эрдмийн театр (МХАТ), Ленинградын драмын их театр (БДТ) үеийн үед манлайлдаг юм. М.Шолоховын “Дөлгөөн Дон” романыг найруулагч Г.А.Товстоногов жүжиг болгон найруулж нэр хүнд нь тэнгэрт гарсан юм. Энэ бол 1970-аад оны сүүлч. Харин энэ жил, өнөө өвөл ОХУ-ын Кемеровогийн СУИС-ийг төгссөн хэдэн жүжигчин Михаил Шолоховын “Дөлгөөн Дон”-ыг эх хэлээр нь Монголдоо авчирч үзэгчийн зүрх сэтгэл, тархи мэдрэхүй дундуур урсгаж байна.
Урсгалын эх ундарга дээр нь Ундармаа жүжигчин зогсоно. Учир нь М.Төгөлдөр, Б.Ариунхишиг, Д.Цолмон нарын жүжигчид “Дөлгөөн Дон”-ы гол дүрүүдийг амилуулан унаган орос хэлээр нь хүргэж буй. Ухаантай жүжигчин Ундармаа ээлтэй, ивээлтэй жүжигчин юм. Эх нутагтаа ирээд “өнчирсөн ”, орос хэлтэй монгол жүжигчдийг алган дээрээ тосч аваад элэг зүрхэндээ эвийлэн бөөцийлж, уран бүтээл хийх орон байр, хөрөнгө төсвийг гаргаж өгчээ. Саяхны амралтын өдөр хүүхдүүд намайг жүжгээ үзэж зөвлөгөө өгөхийг урилаа. Туул голынхоо эрэгт мөртөө Дөлгөөн Доны дөлгөөн урсгал илэх шиг, бас илбэдэх шиг боллоо. Жүжигчдийн ур чадвар үнэнхүү өндөр байлаа. Орос хэлээр түүртэж зовох байтугай унаган хэл нь мэт мэдрэмж, сэтгэгдэл төрүүлж байв. Сэтгэлийн ачаалал тэмүүлэл, догдлол, гуниг гутрал, баяр бахдал жүжигчдийн тоглолтоор “чихцэлдэн” гарч жүжгийн уур амьсгал, нөхцөл, орчин дунд яалтгүй татан оруулна. “Дөлгөөн Дон”-ы үйл явдал дүрийн зөрчлийг Григорий (Төгөлдөр), аксиния (ариунхишиг) хоёрт төвлөрүүлжээ. Зөрчил гэдэг гаднаа “оволзох”-ын нэр бус сэтгэл дотроо “тэмцэлдэх”-ийн үлгэр гэдгийг хоёр жүжигчин даанч тодорхой харуулж байна. “Дөлгөөн Дон” романаараа уншигчдад танил болохоос жүжгийн хэлбэрээр танил бус юм. Алтан үеийн аварга жүжигчин, алдарт найруулагч С.Гэндэн 1963 онд М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийг Улсын драмын театрт тавьж, жүжигчин Я.Чимэд-Очир тоглосон дүрээрээ “Шукарь” хэмээн алдаршсан түүхтэй. Тэрнээс хойш Михаил Шолохов Монголд залраагүй юм. Өнөө өвлийн орсон буурын шүд тачигнасан хүйтнээр өвгөн Шолохов ирж “Дөлгөөн Дон”-оо монгол үзэгчдийн сэтгэл зүрхэн дундуур урсгалаа. Энд тоглож буй жүжигчид нь хар алтны орон Кузбасс нутгийн нэрт жүжигчин В.В.Мирошниченкогийн гараар мэргэжил, ур чадвар эзэмшсэн хүмүүс. Жүжигчдийн тоглолт мэргэжлийн өндөр түвшинд гарчээ. Дүрүүдийн боловсруулалт сайн болжээ.
Г.Товстоногов октябрийн хувьсгалын 60 жилийн ойд зориулж “Дөлгөөн Дон”-ыг тавихаар шийдээд М.Шолоховын охинд хандаж л дээ. Ленинградад амьдарч байсан тэрбээр “Та нар Дөлгөөн Дон”-ыг сонгосондоо айхгүй байна уу гэж асуужээ. Хариуд нь Г.Товстоногов “Айж байна шүү. Айсандаа сонгосон байхгүй юу” гэсэн гэдэг. Монгол жүжигчнээс би “Дөлгөөн Дон”-ыг яагаад сонгов, орос хэлээр яагаад тоглох болов? гэж би асуулаа. “Орост жүжигчний сургууль төгссөн болохоор” гэлээ. Энэ бол зориудын хариулт байх. Харин Ундармаа тосч хариулахдаа “Орос хүний сэтгэлийг, орос хэлний яруу тансгийг үзэгчдэдээ хүргэх гэсэн юм” гэж байна. Тийм биз дээ. Григорий Мелехов бол хүний дээд жинхэнэ “эрийн хугархай”. Боловсрол мэдлэг муутай боловч ухаалаг, уран яргай аргатай, үнэн мөний төлөө өөрийгөө золиосолсон эр хүн. Ээдрээт эмгэнэлт хувь заяа Григорийг тойрон эргэлдэж байна. Донын казак боловч Гамлетийн хувилбар дүр юм. Жүжигчинд тоглох “мөлжүүртэй” дүр юм. Төгөлдөр бахдам сайхан тоглож байна, цаашдаа туршлага сууна. Ур чадвар жигдэрнэ, өснө, төлөвшинө. Ирээдүй сайхан байна. Ариунхишиг Кемеровогиийн СУИС-ийн бахархалт оюутан байсан. Театрын олон наадмуудаас шилдэг дүрийн шагналыг удаа дараа хүртсэн. Аксиньягийн дүр уншихад нүдэнд харагдаад биежиж амилаад байдаг дүр шүү дээ. Ариунхишиг Аксиньяг бүр амилуулж байна. Сэтгэлийн далд ачаалал, тэмүүлэл, тэсрэлт, догдлол, хувьсал өөрчлөлт гээд. Тэр нарийн үйлдлүүдийг ариунхишиг тун чадварлаг гаргаж байна. Аливаа нэгэн албадлага, зориудын хүчлэлгүй, дотор сэтгэлээс ундран гарч буй үйлдэл дунд тэр амьдарч байлаа. Өнгөрсөн түүх бус өнөө цагийн амьдрал сэтгэл дундуур урсана. Театр бол гэгээрэл сэхээрэл юм. “Дөлгөөн Дон” үзэгч таныг зорин дөлгөөхөн урсаж буй. Улаанбаатарын утаа униар дундуур уянгалан урсаж, гунигт муу бүхнийг үлдэн хөөж буй “Дөлгөөн Дон”-оо гэж ...
"Ю Фильм" Уран Бүтээлийн Нэгдэл "U Stage" театрын Хаврын уран бүтээлүүдийн нэг болох "Тихий дон" эмгэнэлт жүжиг 5 сарын 10 нд 19 цагаас АСЕМ гэр театрт ганцхан удаа ОРОС хэл дээр тоглогдох гэж байна. Тасалбарыг Ufilm.mn захиалж 88078161 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй