Forbes Mongolia Awards 2019 бизнесийн шилдгүүдийг тодрууллаа

Бүлэг


Монголын бизнесийг дэлхийд таниулдаг гүүр болдгоороо үнэлшгүй ач холбогдолтой


Бизнесийн шилдгүүдийг тодруулах Forbes Mongolia Awards-2019 амжилттай болж өнгөрлөө. Уг ёслолд УИХ-ын гишүүд, сайд нар, гадаад орнуудаас Монгол Улсад суух Элчин сайдууд, гадны хөрөнгө оруулагчид, түүнчлэн бизнесийн шилдгүүд, шинэ санаачилга нэвтрүүлэгч энтрепренерүүд, тус сэтгүүлийн уншигчдын нэлээд хувийг эзэлдэг залуусын төлөөлөл гээд 700 орчим зочин хүрэлцэн ирсэн юм.


Forbes-ийн жагсаалтад багтсан компаниудын бизнесийн нэр хүнд Монголдоо тэргүүлнэ
Forbes Mongolia сэтгүүл гадаад ертөнцийн эдийн засаг, бизнесийн мэдээ мэдээллийг эх орондоо түгээхээс гадна, олон улсын зах зээлд Монголын бизнесүүдийг таниулдаг гүүр болдгоороо үнэлшгүй ач холбогдолтой. Сингапурт төвтэй Forbes Asia сэтгүүлээр дамжуулан Монголын Макс групп, LendMN, Lhamour зэрэг брэнд гадны хөрөнгө оруулагчдад хүрч байсан удаатай.

Forbes Mongolia сэтгүүлийн эрхлэн гаргагч Э.Долгион нээлтийн үеэр “Монголын ТОП 30 компани улсын нийт татварын орлогын талаас илүү хувийг бүрдүүлдэг. Бизнес нь өөрөө ажлын байр бий болгож, улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг чухал салбар юм. Forbes сэтгүүлийн нэг үүрэг нь тэдгээр бизнес, энтрепренерүүдийг дэмжиж, олонд таниулахад чиглэдэг. Монголын бизнес өрсөлдөх чадвартай, олон улсын түвшинд хүрсэн байна” гэсэн юм.

Mongolian marketing consulting group-ийн судалгаанд дөрөвдүгээр сарын байдлаар дотоодын сэтгүүлийн зах зээлийн хүртээмжээр Forbes Mongolia тэргүүлж байна.

Forbes Mongolia Awards-2019 олон улсын стандарт хангасан, хараат бус шалгаруулалтаар Монголын шилдэг 19 байгууллагыг шалгарууллаа. Худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, даатгал, бүтээн байгуулалт гээд салбар бүрийн шилдгийг нэрлэснээс гадна шилдэг франчайз нэвтрүүлэгч, энтрепренер, шилдэг өсөлттэй компани шалгаруулсан юм. Түүнчлэн дэлхий нийтээрээ хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн зорилгыг хангасан, нийгмийн хариуцлагатай компани, байгальд ээлтэй шилдэг санаачилгыг тодруулж алдаршууллаа.

Forbes-ийн жагсаалтад багтсан компаниудын бизнесийн нэр хүнд Монголдоо тэргүүлэх чиглэлд хүргэдгээс гадна дэлхийн зах зээлд танигдаж, бизнесийн хүрээгээ тэлэх том боломж гэж оролцогчид харж байна.

Forbes Mongolia-2019 шилдгүүд

Олон улсын стандарт, аргачлалыг баримталж тодруулсан шилдгүүдийг танилцуулъя.

Нийгмийн хариуцлагатай компани: "Мобиком" корпораци
Байгальд ээлтэй шилдэг санаачилга: Нутгийн шийдэл ТББ
Шилдэг энтрепренер: "Алтай холдинг" ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг
Соёлыг дэмжигч шилдэг байгууллага: "Непко паблишинг" ХХК
Шилдэг энтрепренер эмэгтэй: "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл
Хөдөө аж ахуйн шидэг компани: "Гацуурт" ХХК
Хөдөө аж ахуйн шилдэг технологи: "Батзол" ХХК
Хөдөө аж ахуйн салбарын манлайлал: "Эм Ти Эс" групп
Шилдэг тохижилттой орон сууц: Jardin Luxury Residence - S Development ХХК 
Амралтын шилдэг цогцолбор: Зайсан хилл цогцолбор-"Оюуны ундраа" групп
Худалдааны шилдэг компани: "Номин" холдинг
Үйлчилгээний шилдэг байгууллага: "Инвескор" ББСБ
Эрүүл мэндийн шилдэг байгууллага: "Интермед" эмнэлэг
Шилдэг өсөлт үзүүлсэн компани: "Сэрүүн" ХХК
Шилдэг үйлдвэрлэгч компани: "Монос" групп
Шилдэг франчайз нэвтрүүлэгч: "Макс центр" ХХК - Burger King
Шилдэг зочид буудал: Shangri-La Ulaanbaatar
Даатгалын шилдэг компани: "Бодь даатгал" ХХК
Боловсролын шилдэг байгууллага: "Олонлог" сургууль

Бизнесийн боломж зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгддэггүй

Нийгмийн хариуцлагатай компани-“Мобиком” корпорацын Ерөнхий захирал Тацуяа Хамада

-Аливаа бизнес хэдийгээр ашиг орлогыг чухалчилдаг ч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг гол зорилго болгодог боллоо. Манай компанийн хувьд мобайл сүлжээг хөгжүүлэхээс гадна нийгэмдээ хувь нэмэр оруулах ёстой гэж үздэг. Бизнесийн боломж гэдэг нь зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгддэггүй. Бид сүлжээгээ ашиглан боловсрол, хүүхэд хамгааллын талаар мэдээлэл түгээхээр төлөвлөсөн. Мөн төрийн болон ТББ-тай хамтран орон нутгийн иргэдэд энэ чиглэлийн мэдээллийг түлхүү хүргэхээр зорьж байна. Жил бүр энэ салбарт хариуцлагатай ажиллах болно.

10 мянга гаруй дотоодын үйлдвэрлэгчээ дэмждэг

Худалдааны шилдэг компани “Номин холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан

-“Номин” сүүлийн гурван жилд хамгийн их и-баримт хэвлэсэн байгууллагаар шалгарч, холбогдох яамны сайдаас шагнал авч байлаа. Сүүлийн гурван жилд 350-аад тэрбум төгрөгийн татвар төлсөн. Манайд 360 гаруй мянган карт эзэмшдэг үйлчлүүлэгч бий. Худалдан авагчдаас гадна 10 мянга гаруй бараа нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байна. Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж ажилладагтаа баяртай байдаг.

Компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлахад идэвхжүүлж өглөө

Шилдэг энтрепренер “Алтай холдинг” компани ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг

-Монголын компаниудын дунд эрүүл өрсөлдөөн явуулж, олон улсын стандарт оруулж ирж буйд талархаж байна. Монголын компаниудад нийгмийн хариуцлагаа ухамсарлах, эрүүл мэнд, боловсрол, спортын салбарын хөгжлийг тэтгэхэд идэвхжүүлж өглөө. Forbes Mongolia сэтгүүлийн хамт олонд талархснаа илэрхийлье гэсэн юм.

Экспортод чиглэсэн гурван үйлдвэрлэгчээ олон нийтийн компани болгоно

Шилдэг үйлдвэрлэгч компани “Монос” группийн Гүйцэтгэх захирал Х.Ананд

-Манай “Монос” группийн эмийн үйлдвэрлэл 2009 оноос эхэлсэн. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтарч ажилласан төсөл 2016 он хүртэл үргэлжилсэн. Дэлхийн GMP стандарт, ISO лабораторийн 17025 стандарт гэх мэт шаардлагуудыг хангасан тул экспортод гаргах бүрэн боломжтой. Цаашдаа таван охин компаниа GMP стандартад хүргэх зорилготой байна. IPO гаргасан “Монос хүнс” ХК-иараа дамжуулан Зүүн өмнөд Азийн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлохоор ажиллаж байна. “Монос косметик” компани гоо сайхны бүтээгдэхүүнээ урд хөрш рүү экспортлохоор судалж байна. Экспортод чиглэсэн энэ гурван үйлдвэрлэгчээ IPO гаргаж, олон нийтийн компани болгоно.

Хөрс, усны бохирдолтой тэмцэхэд маш олон жорлонг өөрчлөх шаардлагатай

Байгальд ээлтэй шилдэг санаачилга-Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл

-Бид “Жорлонгоо өөрчилье” төслийг эхлүүлээд 18 сарын нүүр үзэж байна. Судалгаанд маш их хугацаа зарцууллаа. Монгол өвлийн улиралтай учраас олон улсын стандартын нийтлэг шийдэл тохирдоггүй. Хөрс, усны бохирдолтой тэмцэхэд маш олон жорлонг өөрчлөх шаардлагатай байна. Тиймээс бид хамгийн хямд үнээр олон жорлонг өөрчлөх хувилбар гаргаж чадлаа. Олон улсын байгууллагуудад илтгэл тавьж, төслөө танилцуулсан. Байгальд ээлтэй хэрэглэгчийг олноор бий болгох суурийг тавихаар төслийнхөө хоёрдугаар шатыг эхлүүлж байна.
САНАЛ БОЛГОХ