Нийлүүлэлт тасалдсанаас нөөцийн махны хомсдол үүсчээ

ЗГМ: Тодруулга


Гэрээ хийсэн байгууллагууд хүргэлтээ цаг тухайд нь хийхгүй байна


Жил жилийн хавар махны олдоц багасч, үнэ өсөн иргэдийн нуруун дээр дарамт нэмдэг. Тиймээс яамны зүгээс намар, өвөлдөө мах нөөцөлж, хаврын хахир цагт борлуулах замаар махны үнийг тогтоон барихыг оролдоод цөөнгүй жилийг үджээ. Энэ жилийн хувьд махны үнэ бүр илүүтэй нэмэгдсэн нь олныг бухимдуулах шалтгаан болж байна. Хонины ястай мах 9000- ыг шүргэсэн бол үхрийн цул махны үнэ бүр талийгаад алга болсон. Махны үнэ галзуурч буй чухам энэ үед л нөөцийн махны хэрэгцээ хамгийн их тулгараад байгаа юм.


ХХААХҮЯ-ны зүгээс энэ жил дөрвөн мянган тонн мах бэлтгэжээ. Нөөцөлсөн махыг дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сарын 15-ныг хүртэл худалдаанд гаргах юм. Нийслэлийн хэмжээнд 67 дэлгүүрээр нөөцийн махыг худалдаж байгаа хэдий ч олдоц муу талаар иргэд гомдоллох болов. Тиймээс бодит байдал ямар байгааг сурвалжлахаар нөөцийн мах зарж буй зах, дэлгүүрүүдээр явлаа.


Бид хамгийн эхлээд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Буурал ээж” супермаркетыг зорин очив. тэр хавьдаа л томд тооцогдох тус дэлгүүрийн худалдагч Б.Отгонтуулаас махны борлуулалт хэр байгааг сонирхоход “Аль хэдийн  зарагдаад дуусчихсан. Ирсэн өдрөө л дуусчихдаг юм” хэмээн ярилаа. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Титэм” дэлгүүр, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Элбэг март” зэрэг тав, зургаан дэлгүүрээр ороход “ирсэн даруйдаа зарагдаад дууссан” гэх ижил хариултыг өгч байв. Эдгээр дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, цөөн хором ярилцаж үзлээ. “Нөөцийн мах хаагуур зарж байгааг мэдэхгүй байна. Өнөөдрийг хүртэл амтыг нь үзээгүй явна. Гэрийн ойролцоо байдаг дэлгүүрүүдээс асуухад дуусчихлаа, та дугаараа үлдээж болно, ирэхээр нь хэлье гэдэг. Ер нь энэ жил нөөцийн махны олдоц хаа сайгүй тааруухан байх шиг байна” хэмээн 51 настай Батболд өгүүлэв.

Нөөцийн махны эрэлт их боловч борлуулалт хангалтгүй байгаа нь эндээс харагдаж байлаа. Борлуулалт муу байгаа шалтгааныг “Буурал ээж” супермаркетын эрхлэгч Б.Одгэрэлээс тодруулахад “Гэрээ хийсэн байгууллага хүргэлт хийдэггүй. Өнөөдөр очиж амжихгүй гэж дандаа хэлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нөөцийн мах хэрхэн борлуулж байгаа талаар шалгаж, нөхцөл байдалтай танилцвал юу гэж хэлэхээ мэдэхгүй л сууна. Мах зарж байгаа зургаа явуул гэсэн. Ямар хоосон хөргөгчний зураг явуулалтай биш. Хүмүүс нөөцийн мах их асууж байна. Дуусчихсан, өнөөдөр хүргэлт ирээгүй гэхээр “худлаа мөнгө нэмж зарах гэлээ” гэж элдвээр хэлдэг. Өнгөрсөн сард манай дэгүүрт нөөцийн мах найман удаа ирсэн. Гэрээ хийсэн байгууллага гуравт нь л хүргэж ирлээ. Бусад үед нь бид өөрсдөө машинаараа очиж авчирсан. Манайх өнгөрсөн онд “Мах импэкс” ХХК-аас мах авч зардаг байхад ямар ч асуудал гардаггүй байсан юм. Цаашид ингэж ажиллаж чадахгүй болохоор гэрээгээ цуцлах гэж байгаа. Борлуулж буй махан дээрээ 200 төгрөг л нэмж зардаг болохоор бид өөрсдөө очиж авах гэхээр алдагдалтай байна” гэв. Тус дэлгүүр нөөцийн мах ирэх байх гээд өдөр бүр хоосон хөргөгч ажиллуулан хүлээж суудаг хэмээн худалдагч нь учирлаж байв. Ер нь тендерт шалгарсан компани махаа цаг тухайд нь нийлүүлэхгүй удаж буйгаас хомсдол үүсээд буйг цөөнгүй дэлгүүрийн эзэд хэлж байлаа.

Нөөцийн мах хайж олон дэлгүүрээр тэнүүчилсний эцэст 32-ын тойрогт байрлах “Бамбар” хүнсний дэлгүүрт зарж буйтай таарав. Тус дэлгүүр үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр зарж байлаа. Энэ нь ХХААХҮЯ-наас гаргасан нэгдсэн үнэ юм. Мөн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван кгаар ангилан савласан байв. “Бамбар” хүнсний дэлгүүрийн эзэн Б.Ганболор “Нөөцийн маханд лимит тогтоосон байсан. Үхэр болон хонины махыг нэг дор 300 кг-аас илүү өгдөггүй. Мөн даваа, лхагва , баасан гарагт мах өгөх хуваарь гаргасан байна лээ. Манай дэлгүүр мах худалдан авч буй нэг хүнд хоёр уутнаас илүүг өгдөггүй. Ингэж зохицуулалт хийхгүй бол бусад хүмүүст хүрэхгүй байна. Чингэлтэй, Дарь-Эх, Орбит, Тахилтаас хүртэл хүмүүс ирж авдаг” гэсэн юм. Махны үнэ тэнгэрт хадсан энэ үед бараг тал үнээр нь мах авна гэдэг боломжийн гэдгийг тэрбээр онцолж байв. Тэднийх нэг удаадаа 500-600 кг-ыг авдаг бөгөөд энэ нь өдөртөө дуусдаг гэв.

Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэглээ дунджаар 12.2 мянган тонн гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн жил энэ тооцоонд үндэслэн 12.8 тонн нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргаж байжээ. Харин энэ жил үүнээс гурав дахин багыг бэлтгэсэн нь амд ч үгүй, хамарт ч үгүй болсныг нөөцийн мах ирсэн даруйдаа зарагдан дуусч буй дүр зургаас харагдана. Нөгөө талаар чадна, болно хэмээн сайхан амлаж тендерт ялчихаад цагаа тулахаар махаа цаг хугацаанд нь нийлүүлж чадахгүй байгаа компаниуд хомсдол үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Тиймээс хариуцсан яам, хяналт тавих үүрэгтэй байгууллага нь үүнийг анхааралдаа авч, махны нийлүүлэлт тасалдахгүй байхад анхаарвал нэн сайн байна.
САНАЛ БОЛГОХ