“Дубайн гэрээ” -тэй холбоотой 24 баримт

UB Info

Сүүлийн үед дуулиан шуугиан дагуулаад байгаа “Дубайн гэрээ” буюу “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-тэй холбоотой 24 баримтыг онцолж байна.

Баримт 1. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10 дугаар сарын 6-нд батлагдсан.

Баримт 2. 2013 оны 7 дугаар сард Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоосноор 17.3 хувь (2011) хүрч байсан эдийн засгийн өсөлт 7.9 (2014) болж огцом буурсан.

Баримт 3. 2015 оны 5 дугаар сарын 18-нд “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” батлагдсан.

Баримт 4. “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” зурагдсанаар Оюу толгойн уурхай үйл ажиллагаа явуулах хугацаанд Монгол Улсын Засгийн газар татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр төслийн нийт үр ашгийн 53 хувийн өгөөжийг хүртэх боломжтой болсон гэж тооцоолсон байна. 

Баримт 5. Монгол улсад татвар, хураамж бусад төлбөр хэлбэрээр 2.4 тэрбум ам доллар төвлөрүүлсэн. Гүний уурхай ашиглалтад орохоор Монгол Улсын төсөвт орж ирэх орлого огцом нэмэгдэх аж.

Баримт 6. “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” зурагдсанаар Өмнөговь аймгийн Ханбогд сум, Манлай сум, Баян-овоо сум, Даланзадгад сумдтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулахаар болсон.

Баримт 7. 2015 онд хөрөнгө оруулахаар шийдсэн 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг олон улсад нэр хүндтэй 20 гаруй банк, экспортын агентлаг, олон улсын санхүүгийн хэд хэдэн институтийн нэгдсэн консорциум санхүүжүүлжээ. Эдгээр байгууллагын итгэл найдвар дэлхийн санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын нэр хүндийн илэрхийлэл болно гэж эдийн засагчид хэлдэг.

Баримт 8. Энэ нь уул уурхайн нэг төсөлд олгосон дэлхийн хамгийн том санхүүжилт болон түүхэнд бичигдсэн юм. Ийм хэмжээ, нөхцөлтэй зээл авч чадсанаар “Оюу толгой” компанид төдийгүй Монгол Улсад итгэх итгэлийг олон улсын тавцанд өсгөж, Монголын үндэсний компаниуд гаднын томоохон банкуудтай хамтран ажиллах үүд нээгдсэн гэж хэлж болно. Мөн Монгол Улсын ирээдүйд гаргах бондын үнэлгээнд эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулан гадаад санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулав.

Баримт 9. Оюу толгойн бүлэг орд нь: ЗЭС (1 тонн баяжмал дахь агуулга: 25% ),АЛТ (1 тонн баяжмал дахь агуулга: 0.0018%), МӨНГӨ (1 тонн баяжмал дахь агуулга: 0.0038% ) агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг.

Баримт 10. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд энэ хүдрийн биет нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог.

Баримт 11. Газрын гадаргаас 700 метрийн гүнд тархай байрлалтай орших эдгээр бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй учир геотехник болон эдийн засаг талаасаа Блокчлон олборлох аргыг ашиглах нь хамгийн зөв шийдэл гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ арга нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан дороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргахыг хэлж байгаа аж. Хүдрийг урьдчилан тооцоолсны дагуу нарийн хяналт дор нурааж авна.

Баримт 12. Блокчлон олборлох аргаар мэргэшсэн компани дэлхий дээр цөөхөн байдаг. Үүнд та бидний мэдэх “Би-Эйч-Пи Billiton” болон “Рио тинто” багтдаг. Өнөөдөр блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж буй 17 л уурхай байдаг. Үүн дээр Оюу толгой нэмэгдэх юм.

Баримт 13. Гүний уурхайн технологийн гол хөдөлгөгч хүч гүний уурхайн олборлолтын зураг төсөл, барилга угсралт, үйл ажиллагааны шилдэг технологийг эзэмшсэн дэлхийн түвшний мэргэжилтнүүд ажиллаж байна.  Блокчлон олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал чамгүй өндөр боловч цаашдын үйл ажиллагааны зардлууд нь олборлолтын бусад аргаас харьцангуй хямд гэнэ. Үйл ажиллагааны зардал хямд учир бага агуулгатай эрдэс баялгийг ч үр ашигтай олборлох боломж бүрдүүлж буй.

Баримт 14. Гүний уурхайд баригдах дэд бүтэц: А.Засварын 3 газар, B.Өрмийн машин засварын 2 газар, C.Түлш түгээх 2 газар, D.Тэсрэх бодисын 1 агуулах, E.2 бутлуур, F. Шингэн зуурмагийн 1 газар, G.10 км урт туузан дамжуулга

Баримт 15. Туузан дамжуулгын нийт урт нь 10 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ.

Баримт 16. Хамгийн гүн босоо ам нь Блю Скай цамхгийг 12 давхарласантай тэнцэнэ.

Баримт 17. Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилуудын нэвтрэлтийн нийт урт нь 200 км байна (дийлэнх хэсэгтээ 5.5м өндөр, 5м өргөнтэй, үргэлжилсэн шулуун биш, олон үет байна).

Баримт 18. Гүний уурхайн V босоо амаар секундэд 750 метр/куб, цагт 2,700,000 метр/куб бохир агаар сорж гадагшлуулдаг. Энэ нь "Blue Sky" цамхгийн дайны 18 барилгыг хангахуйц агаар нэг цагт гаргадаг гэсэн үг.

Баримт 19. Гүний уурхайн хамгийн том байгууламж болох Анхдагч бутлуур нь 46 метр өндөр аж. Оронд нь Эрх чөлөөний хөшөөг бүхэлд нь багтаах боломжтой гэсэн үг.

Баримт 20. Гүний уурхайд ажилладаг уурхайчны бүх хамгаалах хувцас тоног хэрэгслүүд нийлээд ойролцоогоор 7-8 кг болдог.

Баримт 21. Гүний уурхайн гэрэлтүүлэггүй орчинд маш харанхуй байдаг бөгөөд бүх ажилтнууд дуулганы гэрлээ байнга ашиглах хэрэгтэй байдаг. Хамгаалалтын дуулганы гэрэл бүтэн 24 цаг тасралтгүй цэнэгээ барьдаг.

Баримт 22. Гүний уурхай руу ордог хүн тээврийн өргүүр өдөрт дунджаар 47 удаа дээш доош аялал хийдэг. Өдөрт 61 км зам туулдаг гэсэн үг.

Баримт 23. Гүний уурхайн аврах баг 150 гишүүнтэй. Армиар бодвол энэ нь бүхэл бүтэн нэг отряд болох бөгөөд аврах багийн 12 гишүүн нь эмэгтэй аж.

Баримт 24. Гүний уурхайд гэнэтийн ослын үед ашиглах нийт 33 хоргодох байр байдаг. Нийтдээ 1,235 хүний багтаамжтай.

Эх сурвалж: 24tsag.mn

САНАЛ БОЛГОХ