Төр, бизнесийн нэгдлийн цэг-шинэ форум

Мөнгө ба бизнес


Элит эрхмүүд, шилдэг татвар төлөгчид нэг дор чууллаа


Дэлхий хурдаа хасаж байна. Зөвхөн дэлхий гэлтгүй 12 тэрбум ам.доллараар хэмжигддэг Монголын балчир эдийн засгийн өндөр өсөлт энэ он хүртэл үргэлжлэх ч ирэх онуудыг хэрхэн үдэх нь өнөө хэр тодорхойгүй байна. Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад дотоод, гадаад зах зээл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Орвонгоороо эргэж буй дэлхийн эдийн засаг бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчдээс шинэ дэг журам, арга шийдэл нэхсээр. Тиймээс энэ шинэ босгон дээр манай улсын санхүү, эдийн засгийн хамгийн нөлөө бүхий элит эрхмүүд, шилдэг татвар төлөгчид нэг дор чуулж, Монголын хөгжлийн эргэлтийн цэгийг тодорхойллоо.


Шинэ уур амьсгал, шинэчлэлийн салхи дагуулсан энэ чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, бизнес эрхлэгч нартай санал бодлоо хуваалцсан юм. Бизнесийн салбараас төрсөн Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ эдийн засгийн чуулганы индрээс хувийн хэвшлийн дуу хоолойг сонсож, дэмжихээ мэдэгдсэн нь оролцогчдын талархлыг хүлээв.


Тэрбээр энэ үеэр бизнес эрхлэгчидтэй илэн далангуй ярилцах зангиагүй уулзалтад хувийн хэвшлийг урилаа.


Төр, хувийн хэвшил нэг дор цуглах боломж олгосон энэ чуулганаар Монголын хөгжлийн өмнө томоос том асуултын тэмдэг болсон “Аж үйлдвэрийн эрин”, “Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү”, “Хувийн хэвшлийн оролцоо-Жижгээс том руу”, “Монголчууд хөгжилд бэлэн үү” сэдвээр өрнөсөн юм.


ШИНЭ ХЯМРАЛД БИД БЭЛЭН ҮҮ


Хямрал, хүндрэл, сүйрлийн аль нь болохыг одоогоор тодорхойлоход хэцүү эрсдэлтэй нөхцөл байдал ирэх саруудад дэлхий дахиныг угтах магадлал улам нэмэгдэж байна. Тиймээс хүчирхэг америк, хашир Европоос эхлээд хурдтай хятад хүртэл өсөн нэмэгдэж буй эрсдэлийн эсрэг бодлогоо чиглүүлж, үсрэнгүй өсөлтийг хойш тавьж эхэллээ. Тэгвэл ганц, хоёрхон түүхий эдийн ханшийн уналтаар эдийн засгийн өнгө нь эргэж хургадаг Монгол Улс айсуй хямралд бэлтгэж байна уу.


Одоогоор Монгол Улс хямралыг сөрөх бамбайгаа бүрэн бэлдээгүйг чуулганд оролцогчдын дийлэнх нь онцолсон юм.


Гэтэл зарим улс орон үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг хамгаалж, инфляцыг хараандаа онилж, өрийн хямралыг өөгшүүлэхгүй байхад анхаарч байна. Дэлхийн эдийн засгийн тэнцвэр барууны хөгжингүй орнуудаас хөгжиж буй ази руу шилжиж, энэ үед улс орнууд хамтын эдийн засагт суурилж, инновацыг дэмжсэн бодлого хэрэгжүүлж буйг чуулганд оролцогчид онцоллоо. “Төр хувийн хэвшилтэй нягт хамтрах хэрэгтэй” хэмээн эдийн засагч С.Дэмбэрэл хэлж байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн шүдний өвчин болсоор буй худалдааны дайн намжих магадлал улам багассаар буй төдийгүй энэ маргаан илүү урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явцын зөвхөн эхлэл юм биш биз гэдгийг ч Монголбанкны ерөнхийлөгч асан, эдийн засагч Н.Золжаргал сануулсан юм.


АЖ ҮЙЛДВЭРИЙН ЭРИН МОНГОЛ УЛСАД ЭХЛЭХ ҮҮ


Дэлхий дахин үйлдвэрлэлээ автоматжуулж, роботуудын хүчийг ашиглаж байхад Монголд чадварлаг хүчний дутагдалд орж бодолд автсан бизнес эрхлэгч цөөнгүй. Дэлхий даяар аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд амсхийх завгүй бэлтгэж байхад Монголын бизнес эрхлэгчид Монголын төр хэмээх “том гар”-т зах зээл, боломжоо булаалган, амь тэмцэхээр чармайж байна.

Ийм л өрөвдөлтэй дүр зураг Монголын бизнесийн орчинд тулгараад байна. Монголчууд өнгөрсөн зуунд хөдөө аж ахуйд тулгуурласан үйлдвэржилтийг цогцлоож чадсан. Өдгөө уул уурхайн салбарт түшиглэн аж үйлдвэрийн цоо шинэ үеийг хөгжүүлэх шаардлага тулгарч буй. Үүнд төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоо чухал хэмээн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн өгүүлсэн юм.

• Шинэ уур амьсгал, шинэчлэлийн салхи дагуулсан энэ чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, бизнес эрхлэгчтэй санал бодлоо хуваалцсан.
• Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшлийн дуу хоолойг сонсож, дэмжихээ мэдэгдсэн нь оролцогчдын талархлыг хүлээсэн юм.
• Одоогоор Монгол Улс хямралыг сөрөх бамбайгаа бүрэн бэлдээгүйг чуулганд оролцогчдын дийлэнх нь хэлэв.

Бид 2010 оноос үйлдвэржилтийн ээлжит аянд мордож, хүнс, хөнгөн үйлдвэр, сүү, цемент зэрэг бүтээгдэхүүнээ өөрсдөө хийдэг болсон. Гэхдээ үйлдвэржилтийн шинэ эринийг улам эрчимжүүлэх, үүнд хиймэл оюун ухаан, инновац, технологийн дэвшлийг ашиглах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх шаардлага тулгарсаар буй. Үүнд ажил нь хэдийн эхлээд буй газрын тос боловсруулах үйлдвэр Монголын хүнд үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргана хэмээн бизнес эрхлэгчид үзэж байлаа.

Монголын эдийн засгийн баттай багана болох учиртай аж үйлдвэр тойрсон сэдвээр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Steppe Gold компанийн Санхүү хариуцсан захирал Жереми Саут, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлэлцсэн юм.


МОНГОЛЧУУД ХӨГЖИЛД БЭЛЭН ҮҮ


Монгол уул уурхайгаас өөр экспортлох зүйлтэй юү. Энэ асуултыг нийтлэлч, “Нэпко паблишинг” компанийн үүсгэн байгуулагч Б.Батбаяр (Баабар) тавилаа. Монгол Улс хөгжлийн төлөө дэлхийн зах зээлд ямар нэг зүйл борлуулах нь дамжиггүй. Харин тэр нь юу байх бол.


“Өнөө маргаашдаа бидэнд нүүрс, зэсээс өөр зүйл алга. Харин алс ирээдүйд хүний хөгжил, монгол хүний оюун ухаанаар бүтсэн үнэ цэн бидэнд дэлхийн хэмжээнд тоглох боломж олгох болов уу” хэмээн Монголын уул уурхайн бус салбарын томоохон төлөөлөл болох “Монос” группийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар хэлсэн юм.


Харин “Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат “Хөгжлийг бид өөр өнцгөөс харах хэрэгтэй. Залууст бизнес хийх боломж олгох нь чухал. Хөгжил бол үнэндээ монгол хүн бүр өөртөө таарсан мөнгө олох чадвар юм” хэмээн хэлэв.


Өөрийн хүчээр тэрбумтан болсон 15 хүн тутмын долоо нь технологийн бизнесээр дамжуулан хөрөнгөжсөнийг Forbes сэтгүүлд онцолсон байна. “Өрсөлдөх чадвар өнөөдөр биетээс биет бус руу, тонноор хэмжигдэх бараа таваараас байтаар хэмжигдэх мэдээлэл рүү шилжиж байна” хэмээн дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал, профессор Стефан Гарелли бичжээ. Тиймээс ч мэдлэгийн салбар буюу боловсрол, шинжлэх ухаанд ихэд анхаарах аж. Тухайлбал, урд хөрш нэг жилд 200 гаруй тэрбум ам.доллар буюу ДНБ-ийхээ хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг шинжлэх ухааны салбартаа төсөвлөдөг. Үүний үр дүнд тус улсад дэлхийн хэмжээний компаниуд, ам.долларын тэрбумтнууд мөөг шиг олшрох болов. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай төсвийн орлого, зарлага 10 дахин нэмэгдсэн байтал шинжлэх ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалт дорвитой өсөөгүй хэвээр байна. Ийм атлаа манай бодлого тодорхойлогчид инновац, мэдлэгт суурилсан эдийн засаг гэж том том дуугарах нь олонтоо. Тиймээс хүний хөгжилгүйгээр гэрэлт ирээдүйн талаар ярих хэрэггүй гэдгийг оролцогчид онцлов.


ХУВИЙН ХЭВШИЛ


Монгол Улсын эдийн засаг 12 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. 2018 оны байдлаар манай улсын аж үйлдвэрийн гарц 15.6 их наяд төгрөгт хүрсний 72 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Муу нэр, луу данстай уул уурхай Монголын эдийн засгийг тэжээж буй нь энэ. Одоогоор бидэнд улсын хөгжлөө урагшлуулахад уул уурхайгаас өөр сонголт үгүй. Иймд эдийн засгийн цор ганц багана болсон эрдэс баялгийн салбараа тогтвортой, таатай хөгжүүлэх нь чухал болохыг шинэ эдийн засгийн чуулганд оролцогчид сануулсаар байна. Гэтэл хүн амыг ажилтай, орлоготой болгож буй энэ салбар болон уул уурхайгаар овоглосон хэдэн том компаниа бид чичлэхээс хэтэрдэггүй.


Монголын нэрийн хуудас болох “Оюутолгой” төсөл гэхэд л өнгөрсөн онд 320.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, татварын орлогыг тэтгэсэн. Гэтэл жилийн жилд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлсээр ирсэн энэ төслийг элдэв шуугиан, ашиг хонжоо хайсан улстөржилт байнга боомилдог болсон. Ойрын өдрүүдэд ч “Оюутолгой”-н гэрээ тойрсон улстөржилт улам дэвэрч буй.

Уг нь хоёрхон жил хүлээчихвэл “Оюутолгой”-н далд уурхай ашиглалтад орж, азид төдийгүй дэлхийд дээгүүрт бичигдэх зэсийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах эхлэх төлөвтэй. Гэтэл Монголын хөгжлийг шинэ шатанд гаргах энэ бүтээн байгуулалт эхлэхээс өмнө улс орны эрх ашиг бус амин хувийн ашиг хонжоо, ядмаг улстөржилт энэ том төслийг хэрчиж магадгүй байна.

Баялаг бүтээдэг хувийн хэвшил улсын хөгжлийг үүрдэг нь маргашгүй үнэн.

Тэд зах зээлийн хязгааргүй өрсөлдөөнд амсхийх чөлөөгүй зүтгэхийн зэрэгцээ олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, айл өрхийг цалин, орлоготой байлгаж буй. “Сүүлийн үед хувийн хэвшил, бизнесийг чиглэсэн дайралт нэмэгдэж байна. Бизнест ирж буй дайралт бүхэн монгол хүний ажлын байр руу дайрч буйгаас өөрцгүй” хэмээн Bloomberg TV Mongolia телевизийн гүйцэтгэх захирал Э.долгион онцолсон юм.

Өдгөө бизнес эрхлэгч бүрт хамаатай хууль эрхзүйн шинэчлэл үргэлжилсээр байгаа. Энэ оны эхээр УИХ татварын багц хуулиудыг шинэчлэн баталсан бол өдгөө Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг бизнес эрхлэгчдийн дунд өрнөж байна. Хэдийгээр Монгол Улсад бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, ашиг сонирхлыг илэрхийлэх зорилготой 1000 гаруй байгууллага байдаг ч өнөө хэр хувийн хэвшлийн дуу хоолой хүчтэй бус хэвээр байгааг чуулганд оролцогчид онцолсон юм. Тиймээс бизнес эрхлэгчид салбар чиглэл, холбоо, харьяаллаараа талцах бус нэгдэж, хамтрах нь чухал байна. Тиймээс Монголын бизнесийн зөвлөл, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол дахь АНУ-ын худалдааны танхим (AmCham), Монгол дахь австралийн худалдааны танхим (AustCham), Герман, Монголын бизнес эрхлэгчдийн холбоо (DMUV), Франц, Монголын худалдааны танхим хамтран энэхүү чуулганыг зохион байгууллаа. Ийнхүү дотоодын болон олон улсын худалдааны танхимууд өрсөж, тус тусдаа арга хэмжээ хийлгүй, нэгдэн нийлж, төр болон бусад салбартай санал бодлоо нэгтгэлээ. Шинэ эдийн засгийн чуулган төр, хувийн хэвшил нэгдэх, ойлголцох цоо шинэ талбар, итгэлцлийн цэг боллоо. Ил тод, ажил хэрэгч шинэ эдийн засгийн чуулганд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч зэрэг 300 гаруй төлөөлөгч оролцлоо.

Бизнес тэлж байж иргэд ажилтай, орлоготой болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

-Төр хэтэрхий бизнестэй хутгалдаж, хөл толгой нь олдохоо больсон. Үүнээс үүдэн авлига Монголын нийгмийн нэн чухал асуудал боллоо. Иймд улс төр рүү орж байж бизнес нь бүтдэг тогтолцоог халах хэрэгтэй. Монголын эдийн засгийн тэлэлт юу юунаас илүү чухал. Уламжлалт хөдөө аж ахуйн салбарт энэ онд 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Мөн энэ сараас Цогтцэций-Зүүнбаян чиглэлийн хөндлөн төмөр замын ажлыг эхлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Бизнес тэлж байж иргэд ажилтай, орлоготой болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах ёстой. Нам төрийнхөө дээр гарсан гэдэгтэй бизнес эрхлэгчид санал нэг байдаг. Мэргэжлийн холбоодыг мэргэшүүлж, хүчирхэгжүүлэх нь чухал байна. Ингэснээр бизнесийн дуу хоолой бодлого тодорхойлогчдод очно.

Төр хувийн хэвшил хамтарч бодлого боловсруулдаг болно

МХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин

-Энэ удаагийн форумаар ирж буй хямралд бид бэлэн үү гэдэг асуудлыг хөндлөө. Олон улсад нөхцөл өөрчлөгдөхөд зориулагдсан дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж, нөөцөлсөн байдаг. Тэгвэл Монголд Улс төрийн өрнөл, эрх баригч хүчнүүдийн мэдэгдэл эдийн засагт нөлөөлсөөр ирсэн. Тэгэхээр хамгийн том сөрөг нөлөө нь улс төрийн хүчин зүйл юм бол төрөөс аль болох бага хамааралтай ажилладаг механизмыг бий болгох хэрэгтэй. Үүнийг мэдээж төртэй хамтарч хийнэ. Татварын багц хууль, одоо хэлэлцүүлэх гэж буй Зөвшөөрлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэгт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өрнөж байна. Эдийн засгийн гол үзүүлэлт иргэдэд ажлын байр нэмэгдүүлэх, орлогыг дээшлүүлэх зэргээр эергээр нөлөөлдөг байх ёстой. Нэг зоосны хоёр тал учраас төр, хувийн хэвшил хамтарч энэ зорилгынхоо төлөө явах учиртай.

Эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес

-Гадаадын хөрөнгө оруулалт татах амаргүй. Таамаглах боломжтой, тогтвортой орчин болохоо олон улсын хөрөнгө оруулагчдад итгүүлэх нь чухал. Аль ч улсын харьцангуй давуу талын нэг нь хүний капитал. Би уул уурхайн салбарт 30 жил ажиллаж байна. Сүүлийн хоёр жилд “Оюутолгой” төсөлд ажиллахад хүний капитал гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Монгол Улсын хүний нөөц өндөр потенциалтай, стандарт, шинэчлэлийг маш хурдан ойлгож, тусгаж авч байгааг хараад үнэхээр гайхсан. Одоо харин эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал гэдэг дээр санал нэгдлээ. Аж үйлдвэржилтийн гол утга учир нь Монголын ард түмэнд үр өгөөж авчрах учиртай юм.

Урсгал тэнцлийн алдагдлыг өсгөхгүй байх хэрэгтэй

Монголбанкны ерөнхийлөгч асан, эдийн засагч Н.Золжаргал

-Өмнөх хямралыг туулж байсан хүний хувьд нэг тоо миний санааг зовоодог. Энэ бол Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдал. Одоогоор энэ үзүүлэлт 15 хувьтай байна. Уг нь манай улсын эдийн засаг сүүлийн хэдэн жил дэх хамгийн эерэг үр дүнг үзүүлж, экспортын орлого ч мэдэгдэхүйц нэмэгдээд байгаа. Гэтэл урсгал тэнцлийн алдагдал дорвитой буурахгүй байна. Монголын эдийн засаг хүндрэлтэй нүүр тулсан 2013 онд урсгал тэнцлийн алдагдал 30, 40 хувьд хүрч, энэ нь санхүүгийн системийг тэр чигээр нь ниргэж байлаа. Иймээс урсгал тэнцлийн алдагдлыг өсгөхгүй байх нь чухал. Үүнд улсын төсвийн алдагдал чухал нөлөө үзүүлэх болов уу.

Засгийн газар хувийн бизнест оролцохгүй байх нь чухал

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан

-2019, 2020 онд манай эдийн засаг ямар байх, ямар эрсдэл тулгарч болохыг өнөөдрийн форумаар хэлэлцлээ. Бизнес хийж байгаа хүмүүс өөрийн зорилго, төлөвлөгөөний хүрээнд хэнээр ч заалгахгүйгээр ашиг орлогоо нэмэгдүүлээд явдаг. Харин үүнд Засгийн газар ямар нэг саад хориг тавихгүй байх нь чухал. Монголд бизнес эрхлэхэд анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий. Мэдээж дэлхийн зах зээл дээр юу болж байгаа нь жижиг бизнест ч хамаатай. Үүнээс гадна бид дотооддоо удирдаж болох эрсдэлүүд бий. Энэ нь улс төр, Засгийн газрын үйл ажиллагаатай илүү холбоотой. Төсөв мөнгөний бодлого бол шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хийх гол ажил. Тэр нь оновчтой байвал эдийн засгийн өсөлт иргэдэд наалдах боломжтой.

Бондын эргэн төлөлтөд хөнгөлөлттэй зээлийг дайчилна

Сангийн дэд сайд Х.Булгантуяа

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барьж байна. 2021-2024 онуудад Засгийн газрын бондуудын эргэн төлөлт хийх ёстой. Үүнд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг дайчлах, төсвийн сахилга батыг сайжруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гэх мэт ажлуудыг хийх нь мэдээж чухал. 2016 онд Засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулсан харьцаа 74 хувьтай байсан бол энэ онд 55.4 хувь, цаашид 50 хувиас доошоо гарах болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

Хөрөнгийн зах зээлд дутагдалтай байгаа элементүүд ажиглагдаж эхэллээ

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай

-Монголын хөрөнгийн зах зээл хөгжиж, идэвхжиж байна. Гэхдээ идэвхжихийн хэрээр хөрөнгийн зах зээлд дутагдаад байгаа элементүүд харагдаж эхэллээ. Тухайлбал, мэргэжлийн хөрөнгө оруулагч алга. Азийн хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Гэвч эрх зүйн орчин үүнд чөдөр тушаа болдог. Ялангуяа, урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч татах хөрөнгө оруулалтын сангийн хууль болон үнэт цаасны хуулийн зарим зүйлийг хөнгөвчлөх шаардлагатай. Жишээ нь, Монголд хөрөнгө оруулалтын санг зөвхөн төгрөгөөр байгуулах шаардлага тавьдаг. Гэтэл төгрөг маань ямар их савлагаатай байдаг билээ. Гаднын хөрөнгө оруулагчид өөрийнхөө валютыг төгрөг болгож, эрсдэлд орохыг хүсдэггүй. Тэгэхээр валютаар, тэр тусмаа ам.доллараар сан байгуулахыг зөвшөөрөх хэрэгтэй.

Монголд аж үйлдвэржилтийн бодлого алга

"Монос” группийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар

-Монголын бизнесийн орчин нэлээд хүнд байна. Худалдаа хийхэд 14-16 хувийн хүүтэй зээл тохиромжтой байж магадгүй. Харин жижиг дунд үйлдвэр босгож, орчин үеийн тоног төхөөрөмж авъя гэвэл хөрөнгө оруулалтын орчин маш хүнд. Арай гэж хөрөнгө оруулж ирлээ гэхэд үйлдвэрээ огт эхлээгүй байхад л гааль, худалдааны татвар төлөөд эхэлдэг. Энэ мэтээр аж үйлдвэржилтийн бодлого манай улсад бараг байхгүйтэй адил. Хэрэв аж үйлдвэржилтээ дэмжье гэж байвал ядаж үйлдвэр босож, үйл ажиллагаагаа эхэлсэн хойно нь татвар авч болно шүү дээ. “Монос” компанийн тухайд IPO гаргаснаар гэр бүлийн бизнесээс олон нийтийн бизнес болох алхмыг хийлээ. Ард түмнээсээ хөрөнгө босгоё, олсон ашгаасаа ард түмэнтэйгээ хуваалцая гэсэн зорилго тавьсан билээ.

Хөгжлийн явцад үүсэх шилжилт бүрт хямрал тохиолддог

“Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат

-Энэ форумд хувийн секторынхон түлхүү ирж, төрийн бодлого гэхээс илүүтэй өөрсдийн асуудлыг ярьж байгаа нь дэвшил. Ингэж хувийнхан өөрсдөө санаачлан асуудлаа ярьж байгаа нь “насанд хүрч” буйн шинж юм. Хөгжлийн явцад үүсэх шилжилт бүрт хямрал тохиолддог. Аж үйлдвэрийн IV хувьсгалыг дагаад боловсролын агуулгаас эхлээд засгийн газрууд хүртэл эрс өөрчлдөгдөж байна. Хятадын эдийн засаг том санкцад орвол Монгол дагаад л хямарна. ОХУ, АНУ-ын улс төрийн нөхцөл байдал хурцадвал мөн л манайх дагаад савлана. Тэгэхээр хямрал нүүрлэхэд бидэнд давж гарах нөөц боломж, удирдлага, хууль, эрх зүйн орчин бий юу гэх мэт олон асуулт тулгарахад гэнэт давхийн цочих биш, урьдчилан хэлэлцэж, гарц, төлөвлөгөөгөө боловсруулсан байх нь чухал. Энэ форумаас төрийн байгууллага шиг шийдвэр гаргахгүй, харин бид ярилцаж, ойлголцож авах нь чухал юм.

Засаглал өөрчлөгдөхгүйгээр хөгжил урагшлахгүй

Эдийн засагч М.Болдоо

-Эдийн засаг тоон утгаар өсөж буй мэт харагдаж байгаа. ДНБ болон үндэсний нийт бүтээгдэхүүнийг зэрэг тооцохгүй байгаа нь биднийг төөрөгдөл рүү хөтөлж байна. ДНБ-д Монголын нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдэж буй шинэ бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багтаан тооцдог. Үүний багагүй хэсгийг гадаадын өмчлөлд бүртгэлтэй уул уурхайн компаниуд бүрдүүлж байгаа. Үүнийг бид дотоодын үйлдвэрлэлдээ багтаан тооцож, нийт хүн амандаа хуваагаад байна. Үндэсний нийт бүтээгдэхүүнээ тооцвол бид өөрийн жинхэнэ байр дээр очно. Мордохын хазгай гэдэг шиг тооцоогоо буруу хийдэг. Эдийн засаг хэчнээн өслөө гээд засаглал өөрчлөгдөхгүйгээр урагшилж чадахгүй. Засгийн газар бизнест оролцож байгааг бид хэлж байгаа юм.
САНАЛ БОЛГОХ