Сүрьеэгийн сүүдэр сурагчдыг нөмөрлөө

ЗГМ: Сэдэв


Жилд 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдгийн 10 хувь нь хүүхэд байдаг


Бидний хойч үе, удам залгах үрсийн маань сурч, боловсрох орчин нь сүрьеэгийн голомт болсныг ердөө хоёр хоногийн өмнөөс монголчууд нийтээрээ мэдэж, хүлээн зөвшөөрлөө.


Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 530 орчим хүүхэд уг халдварт өвчний нян тээгч болж, нэг багш, 38 хүүхэд өвчилсөн талаарх мэдээ нийгмийг цочоов. Хамгийн харамсалтай нь сүрьеэгийн сүүдэр ганц 15 дугаар сургуулийг дайраагүй аж. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн бага ангийн сурагчдаас сүрьеэгийн сорил авахад нэг ангиас л арав орчим хүүхдийн сорилын хариу эерэг гарсан эмзэглэмээр мэдээ дуулдаж байна. Ганцхан сургууль дээр хоёр жилийн хугацаанд ужигран дарагдсан асуудал задрахад цаана нь 530 орчим хүүхэд хохирчихсон байгаа нь сүрьеэгийн өвчлөл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж үзэхэд ч буруудахааргүй болж.


Үндсэндээ шаардлагатай амин дэмээ хоол тэжээлээр нөхөж чаддаггүй, дархлаа сул нэгнийг “олзолдог” сүрьеэг “ядуусын өвчин” хэмээн цоллох нийтлэг хандлага монголчуудад байсан. Тэр ч утгаараа сүрьеэгээр өвдсөн нэгэн ичиж гадуурхагдан, эмчлүүлэлгүй явсаар эцэстээ үхэлтэй нүүр тулдаг байдал орчин цагт бага багаар өөрчлөгдөж буй. Гэвч нэгэн цагт ядуус, хоригдлууд, заримдаа цэргүүд нэмэгдэж бүрдүүлдэг сүрьеэгийн эрсдэлт бүлэгт сурагчид, оюутнууд маань бөөн бөөнөөрөө нэмэгдэж буй муу мэдээг статистикийн үзүүлэлтүүд баталж байна.


Халдварт судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах “Монголд жилд 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. тэдний арав орчим хувь нь хүүхэд. Тэр дундаа 5-14 насны хүүхдүүд энэ бүлгийг бүрдүүлдэг” хэмээн өчигдөр хэлэв. Харин 2012-2016 онд манай улсад бүртгэгдсэн сүрьеэгийн нийт шинэ тохиолдлын 52.7 хувь нь 15-34, тэр дотроо 15-24 насныхан талаас илүү хувийг нь эзэлж байна. Энэ насныхнаас хамгийн том бүлэг нь оюутнууд.


Сонгуулийн циклээр өөрчлөгддөг эрүүл мэндийн салбарын бодлого маань сууриа нэг л олж өгөхгүй ганхаж байх хооронд сүрьеэ хэмээх нийгмийн өвчинд монголчууд нийтээрээ нэрвэгдэж мэдэх эмгэнэлт байдлыг хоёр жилийн өмнө өдөр тутмын сонины холбооноос зохион байгуулсан форумын үеэр сэтгүүлчид хөндөж байсан билээ.


• Ганцхан сургууль дээр хоёр жилийн хугацаанд ужигран дарагдсан асуудал задрахад цаана нь 530 орчим хүүхэд хохирчихсон байна.
• Нэгэн цагт ядуус, хоригдлууд бүрдүүлдэг байсан сүрьеэгийн эрсдэлт бүлэгт сурагчид, оюутнууд нэмэгджээ.
• Асуудал аюулын хэмжээнд хүрснийг мэдсээр байж хэл чимээгүй ар хударгаар зохицуулж, гал намжаах гэж оролдсон нь 15 дугаар сургуулийн сурагчдын тохиолдол дээр батлагдлаа.


“Сүрьегээр дэлхийд 100 мянган хүн тутмын 140 нь өвчилж байгаа. харин Монголд 100 мянган хүн тутмын 183 нь сүрьегээр өвчилж байгаа нь дэлхийн дунджаас давсан үзүүлэлт. 2017 онд 3779 хүн шинээр сүрьеэгийн халдвар авсан. Халдвар авсан хүн жилд 15 хүнд тараадаг. Ингэж тооцвол 2020 он гэхэд Монгол Улсын бүх хүн сүрьегээр өвчлөх эрсдэлтэй болсон” гэх мэдээллийг нийгэмд өгч, анхаарлаа хандуулахыг салбарын яам, эрх баригчид, бодлого тодорхойлогчдод сануулж байв. Сүрьеэгийн өвчлөл жилээс жилд нэмэгдэж, өвчлөлийн бүлэг нь оноос онд залуужиж байгааг халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Түүнийг нь хэвлэл мэдээллийн салбарынхан олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхийн төлөө хамаг чангаараа хашгирч “нийгмийн эмч”-ийн үүргээ биелүүлдэг. Харамсалтай нь салбарын яам анхаарч өгсөнгүй, Засгийн газар ойшоож сонссонгүй. Харин ч асуудал аюулын хэмжээнд хүрээд буйг мэдсээр байж хэл чимээгүй ар хударгаар далдалж, гал намжаах гэж оролдсон нь 15 дугаар сургуулийн сурагчдын тохиолдол дээр батлагдлаа. Тус сургуулийн тодорхой тооны хүүхдүүд жил бүр сүрьеэгийн онош тавиулж, эцэстээ эмийн эмчилгээ хийхээс аргагүй байдалд хүрснийхээ дараа сая нэг эцэг эхтэй нь зөвшилцсөнөөр дарж байсан нууц нь задрав. Харин одоо яах вэ. утааны хор, улирлын хүйтнийг давах гэж өвөлжингөө ханиад томуунд дарлуулсан хүүхэд багачуудын хаврын ядаргаа нь тайлагдах яагаа ч үгүй байна. Улсын шалгалт, хонхны баяр, үсэглэлийн баяр гээд олуулаа нэг дор цуглах тохиолдлууд улам л нэмэгдсээр. Сүрьеэгээр өвдсөн нэг л хүүхэд тэдэн дунд байхад дархлаа нь суларсан бусад нь халдвар тээгч болох нөхцөл яг одоо бүрдээд байгааг анхааралдаа авна уу.

ЗГМ: ТОДРУУЛГА

Дархлаагаа дэмжих нь сүрьеэгээс сэргийлэх хамгийн сайн арга

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны их эмч П.Янжиндуламын яриаг хүргэж байна.

-Монгол орны хувьд сүрьеэгийн өвчлөл ямар хэмжээнд байна вэ?

-Сүрьеэ бол амьсгалын замаар халддаг өвчин. Манай орны хувьд Номхон далайн баруун эргийн орнууд дундаа сүрьеэгийн өвчлөл өндөртэйд нь ордог. Жилд 4000 орчим хүн шинээр өвддөг. Эдгээрийн 50 орчим хувь нь халдвартай сүрьеэ. Энэ хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандалгүй удаан явахад нийгэмд аюултай. Тэд ханиаж, найтаах бүрт сүрьеэгийн нян ялгаруулж, бусдад халдааж байдаг.

-Сүүлийн үед сүрьеэгээр бага насны хүүхдүүд, сургуулийн сурагчид өвдөх магадлал нэмэгдсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн дунджаар сүрьеэгээр өвчилсөн нийт хүний зургаан орчим хувь нь 0-14 насны хүүхэд байдаг юм билээ. Харин манай орны хувьд энэ үзүүлэлт арван хувь. Гэхдээ энэ бол эмнэлэгт хандаж, оношлогдож, бүртгэгдсэн хүүхдүүдийн статистик. Тэгэхээр жилд дунджаар 350-500 орчим хүүхэд сүрьеэгээр өвддөг гэсэн үг.

Өвчлөлөөс сэргийлэхийн тулд хоол тэжээлийн амин дэмээ сайн авах ёстой
-Сүрьеэг нийгмийн өвчин гэж хэлдэг. Гэтэл сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Өмнө нь хэлсэнчлэн ханиаж, найтаах, ярих явцдаа сүрьеэгийн халдвар тарааж байгаа хэсэг бий. Тэд эмнэлгийн байгууллагад хандахгүй хэдий чинээ удаан явна, төдий чинээ гэр бүл, хамт олон, ойр дотныхноо, ялангуяа үр хүүхдүүддээ сүрьеэгийн халдварыг тараадаг. Сүрьеэгийн халдвар авсан бүлэг, аваагүй бүлэг гэж хоёр хэсэг байна гэсэн үг. Нийгэм эдийн засгийн байдал, эрүүл мэндийн байгууллагад хандах хандлага, зөв найтаааж ханиах боловсрол зэрэг олон хүчин зүйлээс хамаараад халдвар авсан хүний дархлаа суларч, сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй. Тиймээс хамгийн нэгдүгээрт халдвар тарааж байгаа хүмүүс маш хурдан эмнэлэгт хандаж, эмчилгээ хийх ёстой. Дараагийн алхам нь халдвар авсан хүн хоол тэжээлийн дутагдалд орохгүй, стресст өртөхгүй, ажил амралтын зөв горимтой байж өвчлөхөөс өөрийгөө сэргийлнэ. Юуны түрүүнд та 14 хоногоос дээш хугацаагаар ханиаж байгаа бол шууд эмнэлэгт ханд. Хэрэв халдвар авсан бол өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол тэжээлийн амин дэмээ сайн авах ёстой.

-Сүүлийн үед Д амин дэм сүрьеэ өвчнөөс сэргийлэх шалгарсан арга гэж цахим ертөнцөд нэлээн мэдээлж байна. Д амин дэмийн нөлөөллийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халдварт өвчин судлалын үндэсний төв Д амин дэмтэй холбоотойгоор сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн дунд судалгаа хийсэн байдаг. Эндээс харахад Д амин дэм хэрэглэсэн эмчилгээний үр дүнд нас баралт бүртгэгдээгүй. Тэгэхээр Д амин дэм сүрьеэгийн эмчилгээнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжтой гэж үзэж байна.
САНАЛ БОЛГОХ