Гашуун-Сухайтын бяцхан аялал
Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт очин Оюутолгой төсөлтэй танилцав. Эдийн засгийн судалгаа хийдэг хүний хувьд үнэхээр сонирхолтой аялал болсон. Тийм болохоор та бүхэнд өөрт төрсөн мэдрэмжүүдээ хуваалцахыг хүслээ. Бид нар шууд УБ — ОТ чиглэл онгоцоор төслийн сайт дээр очсон. УБ хотоос нэг цаг хүрэхгүй хугацаанд л очдог юм билээ. Тэндхийн хүмүүс биднийг тосож аваад анх сайт руу орох мэдрэмж яг л дараах хэсэг шиг байсан:
Том том комацү машин, том үйлдвэр, тоног төхөөрөмжүүд гээд л гайхалтай. Яахын аргагүй Монгол улсын нийт экспортын 20 хувийг дангаар хийж буй компани. Ойролцоогоор 17 мянган ажилтантай. Тэнд үнэхээр нэг тийм жижиг хот байдаг юм билээ. Ажилчдад зориулсан том заал, фитнесс гээд бүх зүйлс бий. Мэдээж хэрэг тэнд гэрээсээ хол хүмүүс ажилладаг тул эдгээр зүйлсийг бүрдүүлэхгүй бол үнэндээ депрессэнд орно шүү дээ. Тэнд мөн сэтгэлзүйч хүртэл байдаг гэсэн.
Ингээд ОТ сайт дээр хоол идэх цаг нь болсон. Тэнд буй бүх хүн яг л ижил маягтай хооллодог. Мөн бүгд яг нэг ижил хувцас өмсдөг. Тийм болохоор хоолны газарт ОТ-н ажилчдыг харах үед Минионс санаанд орно. Хоол идэх үед яг л дараах хэсэг шиг байсан:
Өдөр өнгөрч бид нар нам жимхэн унтсан. Маргааш нь бид нар Таван толгой, Оюутолгойн гарцыг урд хөрш рүү экспортолдог Гашуун-Сухайт боомт дээр очиж үзэв. Гэтэл тэнд үнэхээр нүд халтирам дүр зураг хүлээж авсан. Ер нь хүний хэрэгцээний анхан шатны зүйлс ч ховор. Тэгсэн атлаа маш олон хүн тэнд амиа залгуулан хэдэн өдрөөр гаальд оочирлож сууна. Тээврийн машинууд хоорондоо мөргөлдөх, эвдрэх зэрэг нь түгээмэл тохиолдол аж. Тэнд битүү нүүрсээр амьсгалж буй учир эрүүл мэндийн талаар ярих юм биш. Тэнд буй бүх зүйлс хар бараан өнгөтэй, шороо, нүүрс манарсан газар байна лээ. Тээврийн машинууд өчнөөн километр оочирлоно гээд л тэгэхэд яг л дараах дүр зураг буусан:
Үнэндээ Монголыг тэжээж буй хоёрхон боомтын нэг гэхээр бас л сэтгэл шимширч байна лээ. Үгүй нөгөө төмөр замыг барихгүй яасан юм бэ гэмээр. Аан тийм БНХАУ-с танк ороод ирэх аюултай гэж томчууд айлдсан шүү дээ. Өө бурхан минь танк шүү дээ, бүр төмөр замаар шүү дээ. Тэр хүмүүс очоод нөхцөл байдал ямар байгааг нэг удаа хардаг ч болоосой гэж хүссэн шүү. Бид хөдөө аж ахуй эсвэл өөр ямар нэгэн салбар Монгол улсыг авч явдаг гэж мянга хэлээд тийм болохгүй. Одоогоор Монгол улсын эдийн засаг яг л энэ боомт дээр тогтож байгаа.
Энэ бол үнэн.
Яг л эдгээр зүйлсийг үзсэний дараа би ОТ-н 500-н ажилтных нь өмнө илтгэл тавих болов. Энэ үед огтхон ч эерэг байж чадсангүй. Монгол улсын эдийн засаг тийм аймшигтай боомт дээр тогтож байгаа гэж бодохоос л миний яриа тийм депрессинг болж байлаа. Монгол улс ядуу, удахгүй эдийн засгийн өсөлт саарах байх гээд л. Сүүлд бодоод байхад дараах хэсэгтэй их төстэй байсан юм билээ:
Ийнхүү гайхаж, гутарч явсаар 7 хоногийн дараа гэртээ ирэхэд үнэхээр ядарсан байна лээ. Тэгээд ирсэн цагаасаа хойш бүх л зүйлийг хагас нойрмог хийж явсаар эцэст нь амралтын өдөр болж хоёр хоног сайн унтаж авлаа даа.
Эх сурвалж: Ganzorig Ganbat
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй