Манай экспорт Хятадын ганц өдрийн хэрэгцээг ч хангахгүй
Зах зээл
Хятадын махны далай шиг зах зээлийн дэргэд Монголын нийлүүлэлт дусал мэт аж
Дэлхийн махны нийлүүлэлтийн 30 хувийг зооглодог БНХАУ-ыг Африкийн гахайн мялзан өвчин нөмрөөд нэг жилийн нүүр үзэх гэж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард өмнөд хөршид анхны тохиолдол нь бүртгэгдсэн энэ өвчин тус улсын 31 мужид илэрч, сая гаруй гахайг устгасан гэж НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээллээ. Энэ аюулт өвчин урд хөршийн дотоодын аж ахуй эрхлэгчдийг айдаст автуулж, гадаадын нийлүүлэлтийг суга өсгөжээ. Ялангуяа, Австрали, Япон, Шинэ Зеланд зэрэг улсад гахайн мялзан өвчин БНХАУ-ыг чиглэх махны экспортоо огцом өсгөх том боломж олгоод байна.
Гахайн мах бол Хятадын хүнсний гол бүтээгдэхүүний нэг. Тус улсын махны нийт эрэлтийн 60 хувийг гахайн мах дангаараа бүрдүүлдэг. Гэтэл халдварт өвчин гарснаас үүдэн тус бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч, махны ханш магнагт гарчээ. Хятад болон Чикагогийн фьючерс биржид гахайн махны үнэ 50 хувиар дээшилсэн байна.
Олон улсын зах зээлд гахайн гаралтай түүхий эдийн ханш ийн өссөнөөс хэрэглэгчид бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг сонгох нь нэмэгдэж байгаа юм. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрээс хятадыг чиглэх үхэр, хонь, шувуу болон далайн гаралтай мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт эрс өсжээ. Ялангуяа, үхрийн махны худалдаа хятадад ид цэцэглэж байна. Австралид үржүүлдэг “вагю” буюу япон үүлдрийн үхрийн махны эрэлт огцом өсөөд байгаа аж. Хэдийгээр тус үүлдэр БНХАУ-аас 7200 километрийн алсад оршдог ч дээд зэрэглэлийн стэйкний махыг худалдан авах хятад үйлчлүүлэгчдийн захиалга энэ оны тавдугаар сард жилийн өмнөх үеэс 50 хувиар нэмэгджээ. Ер нь Хятадын үхрийн махны импорт 2018 онд нэг сая тонн давснаар тус улс уг бүтээгдэхүүний гол зах зээлд тооцогдож эхэлсэн юм.
Мөн энэ онд Хятадын гахайн махны импорт хоёр дахин өсөж, хоёр сая тоннд хүрэх төлөвтэй байгааг Rabobank-ийн шинжээчид таамаглаж байна. БНХАУ-ын макро эдийн засгийн тасралтгүй өсөж, хүн амын орлого нэмэгдсэнээр сүүлийн 30 жилд урд хөршийн махны эрэлт тасралтгүй тэлсээр буй. Тухайлбал, 2011 онд өмнөд хөршийн нэг иргэний махны жилийн дундаж хэрэглээ 43.8 килограмм байсан бол 2018 онд энэ тоо 10 килограммаар нэмэгдэж, 53-т хүрснийг Statista байгууллага тооцоолжээ.
Тэгвэл НҮБ-ын тооцоогоор Хятад улсын хүн амын тоо 2018 оны байдлаар 1.4 тэрбумыг давсан. Хятадын хүн амын тоо, махны дундаж хэрэгцээг тойм байдлаар тооцвол урд хөршийн махны нийт эрэлт ойролцоогоор 75 сая тонноор хэмжигдэж байна. Тэгвэл үүнийг нэг өдөрт хуваавал өмнөд хөршийн иргэд өдөрт дунджаар 208 мянган тонн мах зооглодог гэсэн үг. Гэтэл энэ нь Монгол Улсын бүтэн жилийн турш хятадад нийлүүлж буй нийт махны экспортоос долоо дахин өндөр дүн юм.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс өнгөрсөн онд урд хөршид адууны 29 мянга, хонь болон ямааны 24 тонн мах нийлүүлжээ. Гэтэл бидний бүтэн жилийн махны нийлүүлэлт урд хөршийн нэг өдрийн хэрэгцээний ердөө 10 гаруйхан хувийг л хангаж дөнгөх нь. Тэгвэл урд хөрш төдийгүй бусад зах зээлийг чиглэсэн Монгол Улсын махны нийт экспорт 2018 онд 54.9 мянган тоннд хүрсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй өндөр үзүүлэлт болсныг салбарын яам онцолж байгаа. Гэлээ ч гэсэн энэ түүхэн гээд байгаа өсөлт Хятадын махны нэг өдрийн хэрэгцээний дөрөвний нэгийг л бүрдүүлэхээр байна.
Үүнээс үзэхэд Хятадын далай шиг зах зээлийн дэргэд Монголын нийлүүлэлт дусал мэт болж таарч байна. Гэтэл урд хөршийг чиглэх махны нийлүүлэлт ялимгүй өссөнөөс үүдэн өнгөрсөн саруудад манайд махны хомсдол үүсэж, үнэ ханш нь тэнгэрт тулсан. Цаашлаад нийгмийн бухимдал үүсэж, үймээн шуугиан хүртэл өрнөх болсон. Өөрөөр хэлбэл, Хятадын өдрийн хэрэгцээг ч хангахгүй махны нийлүүлэлт Монголын ард түмнийг сүүлийн хэдэн сар үнийн өсөлтөд дарлуулж, хоосон хонох шахам болгосон байна.
Салбарын яамны мэдээлснээр үнийн өсөлтөд хамгийн түрүүнд халаасаа сэгсрүүлж буй нийслэлчүүдийн жилийн махны хэрэглээ 100-120 мянган тонноор хэмжигддэг байна. Ийм жижиг зах зээлийг хөндлөнгөөс удирдаж, зохиомлоор хомсдол үүсгэн, үнэ ханшаар тоглох боломж байдаг аж. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тагнуулын байгууллага өнгөрсөн долоо хоногт шалгалт хийхэд зарим компани махны хомсдол зохиомлоор үүсгэж, их хэмжээний мах агуулахдаа нөөцөлж байсан нь тогтоогдсон.
Тиймээс ард иргэдээ хүнсээр хангахын тулд төр махны нийлүүлэлтэд зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй болов. Монголчуулын хоолны үндсэн орц болсон, стратегийн хүнсээр иргэдээ хангахын тулд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас экспортод квот тогтоохоо мэдэгдсэн. Ялангуяа, ямар нэг хязгаарлалтгүй гадаад зах зээлд нийлүүлсээр хонь, ямааны махны экспортод квот тогтоох аж. Ингэснээр дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, үнийн хөөргөдлөөс сэргийлнэ. Мөн Хятадын талаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах нийлүүлсэн гэх гомдол иржээ.
Ирэх жилүүдэд мал, амьтны гаралтай өвчин махны зах зээлийн чиг хандлагыг өөрчлөхөөр байна. Гахайн мялзан өвчин ирэх жилүүдэд дэлхийн махны зах зээлд нөлөөлнө хэмээн Meat & Livestock Australia худалдааны группийн зах зээлийн шинжээчид таамаглаж байна. Тэгэхээр ирэх жилүүдэд ч гэсэн урд хөршийн махны эрэлт улам нэмэгдэж, импорт нь өсөх төлөвтэй. Энэ нь өмнөх саруудынх шиг Монголд нөлөөлж, дотоодын махны үнийг өдөөж магадгүй. Тиймээс Монголын ард түмнийг сөхрүүлсэн махны үнэ, ханшийг тогтоон барихын тулд салбарын яам шуурхай бөгөөд дорвитой алхам хийж эхэлж байгаа аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй