Х.Баттулга: Бүтээн байгуулалтаараа хийж бүтээж чаддагийн жишээ болно
Улс төр
Өөрсдийн олсон орлогоороо бүтээн байгуулалт хийж байна
Дорноговь аймгийн Мандах сумын Будран багийн нутагт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо.
Тус чиглэлийн төмөр замын нийт урт 414.6 км бөгөөд нээлт болсон газар нь 290 дэх км юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50 км төмөр замын зураг төслийг гаргасан тул бүтээн байгуулалтын ажлыг энэ цэгээс албан ёсоор эхлүүлж байгаа хэмээн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэллээ.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны, дөрвөлжин болон дугуй хоолой, гүүрний бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа юм. Төмөр зам барьж байгуулахад нийт 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллана. Шууд байдлаар 3700 орчим хүн ажил орлоготой болох бөгөөд шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болно хэмээн тооцоолж байна.
Бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 7781-р ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар хийж гүйцэтгэнэ.
Тус нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Далайд гарцгүй манай улсад энэ дэд бүтэц эдийн засгийн хувьд асар чухал ач холбогдолтой юм. Бүтээн байгуулалтын хөрөнгө, мөнгийг шийдэж байгаа “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг 2015 онд улс төр, бизнесийн бүлэглэл нийлээд урд хөршид 100 жилээр нь өгөх гэж байсныг та бүхэн мэдэж буй байх. газар нутагтай нь, баялагтай нь урд хөршид өгөх гэж байсан компани ашигтай ажиллаад 2018 оны ашгаасаа энэ бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж байна.
Энэ хөрөнгө оруулалт гаднын валют биш, хүүгийн дарамтгүй, гадаад ажилтангүй, бидний өөрсдийн олсон орлого. Бүтээн байгуулалтад оролцож байгаа бие бүрэлдэхүүн цалин авч, тэдний өмсөж зүүх, идэх хоол хүнс гээд бүгдийг дотоодоос авч байна. Энэ бол бид өөрсдөдөө өгч буй үр өгөөж. Бид хийж бүтээж чаддаггүйн жишээ байх ёсгүй. Энэ бүтээн байгуулалтаараа хийж бүтээж чаддагийн жишээ болно” гэв.
Тэрбээр мөн тус аймагт ажиллах үеэрээ Алтанширээ сумын нутагт баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа.
Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг тавьж байсан бол энэ сарын 24-ний өдөр Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.
27 км урт уг замын газар шороо, далангийн ажлын туслан гүйцэтгэгчээр дотоодын дөрвөн компани ажилласан бол “Улаанбаатар төмөр зам” ХНН хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллажээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй