Сүрьеэ дахин илэрлээ: Сүмбэр сумын 200 хүүхэд халдвар авснаас зургаа нь өвчилжээ
Эрүүл мэнд
Хариуцлагагүй байдлын буруутан хэн болох нь урьдын адил тодорхойгүй үлдэв
Яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын гурван сургуулийн 900 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч, тэдний 40 нь өвчилсөн болох нь тогтоогдоод байна. Төв аймгийн Сүмбэр сумын дунд сургуулийн 300 орчим сурагчийн 80-аад хувь буюу 200 нь сүрьеэгийн халдвар авсан нь ил боллоо. Тэгвэл тус сургуулийн зургаан сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилсөн нь тодорхой болоод байгаа юм.
Сүмбэр сумын халдвар авсан хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл өчигдөр нийслэлд ирж, Эрүүл мэндийн яамны гадна жагсаал зохион байгуулав.
Сургуулиудад сүрьеэгийн халдвар газар авсан нь хоёр, гурван жилийн өмнө ил болжээ
Салбарын яам сүрьеэгийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байсаар тархалтыг нэмэгдүүлсэнд тэд гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа. Одоогоор халдвар авсан хүүхдүүд эмчилгээнд хамрагдаж, бага балчраасаа эхлэн хор нөлөө ихтэй эм ууж эхэлжээ. Сүрьеэгийн эмийг зургаан сарын турш, өдөр болгон ууж байж бүрэн эдгэрнэ гэж бодохоор уг хүүхэд болоод ар гэрийнхэнд нь багагүй түвэг чирэгдэл учрах нь ойлгомжтой. Гэтэл энэ бүхэнд хариуцлагагүй хандсан буруутан хэн болох нь урьдын адил тодорхойгүй үлдэж байна.
Шоронгийн гэх “шошготой” энэ халдварт өвчин өдгөө сургууль, цэцэрлэгүүдэд тахал мэт тархаж байгаа нь тун харамсалтай. Салбарын яам үүнийг мэдсээр байж нууж дарагдуулан улам олноор нь өвчүүлж байгаад хариуцлага нэхэхээс аргагүй.
Бид одоо л сүрьеэ гэж шуугиад байгаа болохоос биш аль хоёр, гурван жилийн өмнө дунд сургуулиудад сүрьеэгийн халдвар газар авсан нь судалгаагаар ил болжээ. Гэвч эрх баригчид шийдвэртэй арга хэмжээ авахын оронд үгсэн хуйвалдаж, нуун дарагдуулах гэж оролдсоны гор мянга шахам хүүхдийн халдвараар илэрлээ. Хамгийн харамсалтай нь энэ тоо цаашид улам өсөх магадлал тун өндөр байна.
ХӨСҮТ-өөс энэ жил 96 сургуульд сүрьеэгийн халдварын үзлэг шинжилгээ хийхээр төлөвлөсөн. Одоогоор энэ ажил дөнгөж 50-иад хувьтай яваа. Нэгдсэн үзлэгийн үр дүнд далд байсан тохиолдлууд ил болох магадлал өндөр гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин сургууль амрахаар энэ асуудал мартагдаж орхигдох вий гэсэн болгоомжлол олон хүнд байгаа юм.
Ерөнхий боловсролын сургуулиудад сүрьеэгийн халдвар, өвчлөлийн тохиолдол нэмж илэрсэн эсэхийг ХӨСҮТ-ийн Сүрьеэ өвчний тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахаас тодруулахад “Шинжилгээний ажил үргэлжилж байна. Долоо хоногт 2-3 сургуулийг үзлэгт хамруулж байгаа. Дүн мэдээ нэгтгэгдэж ирээгүй байна. Одоогоор нэмж халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. Энэ долоо хоногтоо багтаад Эрүүл мэндийн яаманд тайлагнана” гэв.
• Долоо хоногт 2-3 сургуулийг сүрьеэгийн үзлэг шинжилгээнд хамруулж байна.
• Сүрьеэгийн эмийг зургаан сарын турш, өдөр болгон ууж байж бүрэн эдгэрнэ гэж бодохоор уг хүүхэд болоод ар гэрийнхэнд нь багагүй түвэг чирэгдэл учрах нь ойлгомжтой.
• Хүүхдүүд олон зуугаар өвчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисны дараа л сая нэг сэхээ авсан мэт сандралдаж эхлэв.
Албаныхан ийнхүү дүн мэдээ нэгтгэгдээгүй, мэдээлэл өгөхгүй гэсэн уламжлалт тайлбараа энэ удаа ч хэлээд өнгөрлөө. Харин үүний цаана өдрөөс өдөрт халдвар шинээр илэрч, хэдэн зуун хүүхдэд халдаж байна. Асуудлыг ил тодоор мэдээлж, олон нийтэд сэрэмжлүүлэхийн оронд нуун дарагдуулсны уршгийг хүүхэд багачууд амсах нь ойлгомжтой.
Нөгөөтэйгүүр салбарын яам, холбогдох албаныхан бичиг цаас шидэлцэж, судалж байна гэх нэрээр цаг их алдаж байгааг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа шүүмжилсэн нь үнэний ортой. Хэрэв халдвар илэрсэн даруйд яаралтай арга хэмжээ аваад явсан бол нөхцөл байдал иймдээ тултал хүндрэхгүй байв. Харамсалтай нь хүүхдүүд олон зуугаар өвчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисны дараа л сая нэг сэхээ авсан мэт сандралдаж байгаа ч яам, эмнэлэг сургуулиуд ил цагаан нууж, хаацгааж буй нь харамсалтай.
Тиймээс харьяа эмнэлгийн зүгээс нэгдсэн шинжилгээ хийж байгаа ч эцэг эхчүүд заавал үүнийг хүлээлгүй, өөрийн хүүхдийг дагуулаад эмнэлэгт үзүүлчих хэрэгтэй юм. Сүрьеэ өвчнийг эмчлэх зардлыг улс 100 хувь даадаг болохоор эцэг эх нэг ч төгрөг гаргах шаардлагагүй. Аль болох эрт илрүүлэх тусам халдварыг өвчлөл болохоос урьдчилан сэргийлж чадна гэдгийг санахад илүүдэхгүй. Та бид үр хүүхдийнхээ төлөө өөрсдөө санаа тавьж, эртхэн арга хэмжээ авахгүй бол 15 дугаар сургууль шиг халдварыг нуугаад өнгөрүүлж мэдэх л юм.
Хэн, юу хэлэв
Сүмбэр сумын ЕБС-ийн бага ангийн багш Д.Болорцэцэг
Сүрьеэгээр өвчилсөн зургаан хүүхэд, нэг багш байна
Манай сургууль 300 гаруй хүүхэдтэй. Нийт 200 орчим хүүхэд халдвар авч, зургаан хүүхэд, нэг багш өвчилсөн гэсэн мэдээллийг аймгийн эрүүл байгууллагаас өгсөн. Өвчний голомт яг хаана байгааг бид мэдэхгүй шүү дээ. Би өөрөө адилхан сүрьеэгээр өвчилсөн хүн. Халдвар авсан хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх эм уулгаж байгаа. Гэхдээ яг зуны улирал эхэлж байгаа болохоор тасалдах эрсдэлтэй. Уг нь сургуулиудад сүрьеэ их байна гэсэн асуудал аль 2016 онд яригдаж эхэлсэн гэж сонссон. Яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүргэвээ гэдэгт маш их гайхаж байна. Хариуцлага алдсан Эрүүл мэндийн яаманд маш их гомдолтой байгаа.
“Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” Төрийн бус байгууллагын тэргүүн Г.Хажидмаа
Тахлын хэмжээнд хүрсэн өвчнийг энгийн тархалт мэт тайлбарлаж байна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өмнө нь мэдээлэл хийхдээ Сүмбэр суманд өвчилсөн хүүхэд байхгүй, санаа зоволтгүй гэсэн. гэтэл зургаан хүүхэд, нэг багш өвчилсөн нь тогтоодчихлоо. Тиймээс мэдээллийг нуун дарагдуулсан үндэслэлээр сайдыг шүүхэд өгөх гэж байгаа. Тахлын хэмжээнд хүрчихсэн гоц халдварт өвчнийг энгийн нэг тархалт мэтээр тайлбарлаж, нуун дарагдуулахаар оролдож байгаа нь зүйд нийцэхгүй.
Сүмбэр сумын ЕБС-ийн эцэг, эхийн төлөөлөл Б.Бямбажаргал
Эртхэн арга хэмжээ авсан бол ийм байдалд хүрэхгүй байлаа
Манай сумын сургуулийн 300 гаруй хүүхдийн 200 орчим нь халдвар авч, зургаан хүүхэд өвчилсөн байгаа ноцтой үзэгдэл. Саяхнаас сорил тавьж байж 200 хүүхэд халдвар авсныг мэдсэн. Халдвар авсан хүүхдүүдийг эмчлэхийн тулд эм уулгаж эхэлсэн. Нийт зургаан сарын турш ууна гэсэн. Ариутгал цэвэрлэгээний ажил хийж байгаа эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямар ч гэсэн эм л уулгаж байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс нэгдсэн зохион байгуулалттайгаар үзлэг шинжилгээнд хамруулж, эртнээс арга хэмжээ авсан бол ноцтой ийм байдалд хүрэхгүй байсан гэж бодож байна. Манай хүүхэд өвчилсөн зургаан хүүхдийнх нь нэг. Үнэхээр гомдолтой байна.
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа
Тэмцэл явагдаагүй бол сүмбэр сумын асуудал дарагдаад л үлдэх байлаа
-2016 онд сургуулиудад сүрьеэ өвчний тандалт судалгаа хийсэн. Ерөнхийдөө эрүүл байгаа хүүхдүүдээс сорил авч, тархалт байгаа эсэхийг тандсан гэсэн үг. Энэ судалгаагаар сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь далт сүрьеэтэй байна гэсэн дүгнэлт гарсан юм. Хэрэв тэр үед далд сүрьеэтэй хүүхдүүдийг бүгдийг илрүүлж, эмчилгээнд хамруулсан бол өнөөгийнх шиг ийм нөхцөл байдалд хүрэхгүй байлаа. Харамсалтай нь тийм ажил хийгдээгүйгээс энэ өвчин дэгдэлтийн хэмжээнд хүрлээ. Өвчний халдвар их хэмжээгээр илэрч, бусад хүүхдэдээ тахлын маягаар тараахыг дэгдэлт гээд байгаа юм. Салбар хариуцсан хүмүүс нь ажлаа сайн хийгээгүйгээс болоод энэ олон хүүхэд эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Гэтэл үүнийг байдаг л үзэгдэл мэт тайлбарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй. ДЭМБ-ын зөвлөмж шинэчлэгдээд, далд сүрьеэг эмчилдэг шинэ тогтолцоонд улс орнууд орчихсон. Гэтэл манайх эмчилгээний шинэ аргад шилжихгүй байсаар өдийг хүрлээ. Өөрөөр хэлбэл, маш их цаг алдаж байна. Асуудлыг ийм ноцтой байдалд хүртэл нь дордуулсанд л бухимдаад байгаа юм. Одоо 15-р сургууль, 97-р сургууль, Сүмбэр суманд сүрьеэгийн халдварын тохиолдлууд бүртгэгдлээ. Өөр сургууль дээр ч ийм тохиолдол гарсныг үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь иймэрхүү мэдээллийг олж авахад хэцүү байна. Хэрэв энэ тэмцэл явагдаагүй байсан бол Сүмбэр сумын асуудал дарагдаад л үлдэх байлаа. Гэтэл тэнд маш ноцтой байдал үүсчихсэн байж. 300 орчим сурагчтай сургуулийн 180 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвартай гэж гарсны 30 гаруй нь идэвхтэй халдвартай байна. Энэ бол маш том голомт гэсэн үг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй