Хүүхэд гэмт хэрэг үйлдэж буйн гол буруутан нь томчууд бид

ЗГМ: Сэдэв


Ар гэрээс нь хүн ирээгүй гэж нулимсаа дотогш залгих хүүхдүүд илүү өр өвтгөм байлаа


Тайз болгон орлуулан дэвссэн улаан хивсийг салхинд хийсэхээс сэргийлэн дөрвөн буланг нь том чулуугаар даржээ. Тайзны урдуур найман эгнээ, нийт 80 орчим сандал эгнүүлэн тавьсны эхний гурван эгнээнд ял эдэлж буй хүүхдүүд, хойд талд нь эцэг эх, ар гэрийнхэн нь зэрэгцэн суусан харагдав. Наранд гялалзах халзан толгойгоо нэгэн ижил цагаан малгайгаар даруулж, цэцгэн зангиа зүүж, биеийн тамирын улаан өмдөөр жигдэрсэн хүүхдүүдийн зарим нь үе, үе мөрөө давуулан хойш эргэн ширтэнэ. Харин зарим нь дуугаа бэлдэж амандаа аялна. Тээр хойно хүмүүжигчдийн хийсэн эсгий урлалыг бичгийн ширээн дээр өрөн тавьсан байв. Харин дэргэд нь хүүхдүүд өөрсдийн гараар хийсэн аяган кекс, амтат бялуу өржээ. Хуучнаар “хүүхдийн хорих” буюу одоогийн нэршлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагынхан олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөө ийн тэмдэглэж байна.


Арга хэмжээ эхлэхээс өмнө сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, 110-р сургуулийн захирал, дэд хурандаа Б.Тамираас дараах тодруулгыг авсан юм. Тэрбээр “Монгол Улс хүүхдэд ял оноохгүй байх бодлого баримталдаг. Давтан хэрэг үйлдсэн болон онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд л ял оногдуулдаг. Миний бодлоор хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаагийн хамгийн том шалгаан нь ядуурал, гэр бүл салалт. сэтгэл эмзэглүүлсэн нэгэн тоо дурдвал, өнөөдрийн байдлаар 30 гаруй хүүхэд хорих ял эдэлж байгаагийн ердөө найм нь л ээж, аавтайгаа амьдардаг. Бусад нь өргөмөл болон хойд аав ээжтэйгээ эсвэл ганцаараа амьдардаг. Тэд сурч боловсрох, анхаарал халамж авах, хүмүүжих эрхээ эдэлж чадаагүйн улмаас алдаа гаргасан. Тиймээс хүүхдийг хэзээ ч гэмт хэрэгтэн гэдэг нүдээр харж болохгүй. Хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаагийн гол буруутан нь томчууд бид. Тиймээс ч Монгол Улс 2017 оноос “хүүхдийн хорих анги” гэдэг нэршлээс татгалзаж, “сургалт хүмүүжлийн тусгай байгууллага” гэдэг албан ёсны нэршилтэй болсон. Энэ нь ч хүүхдийн эрхийг хамгаалах нэг чухал зохицуулалт. Хүүхдийг хорих байгууллагаас суллагдлаа гэж ярьдаг байсан бол харин өнөөдөр хүмүүжлийн сургалтад хамрагдаад гарлаа гэж хэлэх нөхцөл бүрдсэн. Мөн хүмүүжигч нар нийслэлийн ерөнхий боловсролын 110-р сургуулийн сурагчид. Яагаад ингэж тодотгож байна вэ гэвэл өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа сургууль гэж явдаг байсан. Хүмүүжээд гарахад нь хорих байгууллагын сургуульд сурсан гэж цоллох шаардлагагүй болж, бусад хүүхэдтэй л адилхан сурч боловсрох эрхээ эдэлж байгаа юм. Өнгөрсөн жил манай сургуулийн дөрвөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч, дөрвүүлээ 600-гаас дээш оноо авч их сургуульдаа тэнцсэн. Хүүхдүүдийг сургуульд суралцахад нь Кристина ноблийн хүүхдийн сангаас 50-80 хувийн тэтгэлэг олгосон. одоо тэд сургуульдаа амжилттай суралцаж байна. Энэ жил гурван хүүхэд шалгалт өгөхөөр бэлтгэж байна” хэмээлээ.

Энд хүмүүжиж буй 30 орчим хүүхдийн 10 гаруй нь хүчингийн хэргээр, бусад нь хулгай болон бусад төрлийн гэмт хэргээр ял сонсжээ. “Өсвөр насны хүүхдүүд бэлгийн бойжилтын үедээ хэнтэй бэлгийн харьцаанд орж болох, болохгүй вэ гэдгээ тодорхойлж мэддэггүй. Энэ талаар эцэг эх болон сурган хүмүүжүүлэгчид бүрэн мэдлэг мэдээлэл өгдөггүйтэй холбоотойгоор хүчингийн гэмт хэрэг гарч байна. 14 настай эрэгтэй хүүхэд ангийнхаа охинтой бэлгийн харьцаанд орж, ангийнхаа охиныг найзуудтайгаа харьцаанд ор гэж тулгасанаас үүдэн ял сонсоод зогсож байна. Сүүлийн хоёр жилд хүчингийн хэрэгт оногдуулах хуулийн заалт чангарсан.

Үүнийг дагаад хүчингийн хэргээр ял сонсож байгаа хүүхдийн тоо ч нэмэгдэж байна. Тиймээс эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэйгээ бэлгийн амьдралын талаар ярилцаж, зөв мэдлэг мэдээлэл өгч байх хэрэгтэй” хэмээн дэд хурандаа Б.Тамир онцолсон юм.

Ёслолын ая нижгэнэж “Манай хонхор хэзээнээсээ л ийм салхитай. Өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар ч бас салхилж л байсан даа” хэмээсээр хөгжмийн багш гочоо арга хэмжээг эхлүүлэв. Хүмүүжигч хүүхдүүд “Цэнхэр тэнгэрийн орон” дуугаар арга хэмжээг нээж, үкүлэлэ, гитар хөгжмийн аянд “аавдаа зорино” дууг хоолой зангируулан дуулж, төгөлдөр хуурын аянд “нандин хүсэл”-ийг эгшиглүүлэв.

Баяр тэмдэглэж байгаа хэдий ч бүгд нэг л гунигтай. Өтгөн хөмсөгтэй, зураасан нүдтэй, бумбагар хацартай дунд зэргийн нуруутай хүү“нандин, нандин хүслээ тээсээр... нартын гэрэл гэгээг хайрласан ээж минь энхрий үр наддаа аз жаргал дуулсан...” хэмээн дуулахад арын эгнээнд суусан улаан цамцтай эмэгтэй нүдээ бүлцийтэл уйлж байгаа харагдав. Завсарлагаан боллоо. Хүүхдүүдэд эцэг эх, асран хамгаалагч нартайгаа уулзах 10 минутын боломж олджээ. Аав ээж, дотнын хүмүүсээ хараад асгартал уйлан тэврэлдэж байгаа хүүхдүүдийг хараад сэтгэл өмөлзөх ч ар гэрээс нь хүн ирээгүй гэж газар ширтэн нулимсаа дотогш залгих хүүхдүүд илүү өр өвтгөм байлаа.

30 гаруй хүүхэд хорих ял эдэлж байгаагийн ердөө найм нь л ээж, аавтайгаа амьдардаг
Энэ талаар дэд хурандаа Б.Тамир “Хүүхдийн байгууллагын нэг онцлог нь энэ. Бид арга хэмжээ зохион байгуулсныхаа дараа хүүхдүүдийг заавал сэтгэлзүйч, нийгмийн ажилтантай уулзуулж, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг. Ер нь хорих байгууллагад сэтгэлтэй хүн л ажилладаг юм даа. Ээж аав нь ирээгүй хүүхдийг тайвшруулна. Ээж аавыгаа дагаж уйлсан хүүхдийг аргадна. ийм нөхцөлд ажилтан бүр л сэтгэл зүйч болно. одоо инээгээд сууж байгаа хүүхэд цагийн дараа гэхэд цурхиртал уйлаад хэвтчихнэ шүү дээ” гэсэн юм.

Баярын энэ өдөр шилдэг нарийн боовчин, онц сурлагатан, дуучин, бүжигчин, зураач, номын сайн нөхөр гэх зэргээр тэргүүний хүмүүжигч нараа шалгаруулан шагнав.

“...Би наймдугаар сарын 31-нд энд хоригдохоор ирсэн. Хоригдсон эхний өдрүүдийнхээ өглөө сэрээд торон хана хараад их цочдог байлаа. Гар утсаа дэргэд байхгүйг мэдэж байгаа хэрнээ байнга хайна, PC тоглохыг хүсэхдээ нүдэндээ ургуулан төсөөлнө. Тамхи татмаар санагдана. Шинэ орчин, шинэ хүмүүст дасахгүй жаахан удсан. Харин хорих ангийн дарга ном уншиж, хамгийн их номын тэмдэглэл хөтөлсөн хүүхдэд шагналын хоног өгч, хоригдох хоногоос хасдаг гэдгийг дуулаад амьдралдаа анх удаа ном уншиж үзсэн. Харин өнөөдөр би хорих ангийнхаа шилдэг уншигч болж “номын сайн нөхөр” шагналыг авлаа. Мөн тэргүүний сурагч болсон. Би PC тоглохын тулд хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авдаг байсан учраас энд ирсэн. Харин одоо PC тоглохоос илүү хийх гоё зүйлтэй болсон. Анхны минь уншсан ном “америкийн эмгэнэлт явдлууд” байсан. Сүүлд уншсан номуудтайгаа харьцуулаад бодоход тийм ч сайн зохиол биш байжээ. Уран зохиол унших нь сэтгэл санаа тайван байхад тусалдаг. Харин одоо би үлдсэн хугацаандаа бизнес хэрхэн хийх, байгууллага хэрхэн удирдах талаар ном зохиолууд уншиж судална гэж бодож байна. Өнөөдөр гэрээс хүн ирээгүй ч шагнал авсан нь хамгийн том бэлэг байлаа” гэж хэвлүүхэн ярих энэ хүүхдийг А гэдэг. Тэрбээр хоригдсон есөн сарын хугацаандаа нийт 60 орчим ном уншиж, тэмдэглэл хөтөлсөн байна. “Яг хэдэн ном уншсанаа мэдэхгүй ээ. Сүүлдээ тэмдэглэл хөтлөх гэж биш, зөвхөн унших гэж л уншдаг болсон. Зарим уншсан номоо тэмдэглээгүй” гэж хүү онцолсон юм.

Харин таван жилийн хорих ял сонссон хүмүүжигч Б “Миний зурсан зургийг эцэг эхчүүд магтаж байхыг хараад их баярлалаа. Архитектур болж чадахаар юм шиг санагдаж байна. Элсэлтийн шалгалтандаа бэлтгэж байгаа болохоор зураг зурж амжихгүй байгаа. Өнөөдөр математикийн улсын шалгалтаа өгсөн. Тест амархан байсан ч задгай бодох хэсэг нь их хүнд байлаа. Үе, үе сэтгэл санаа давчдаад гараад гүймээр болдог л юм” хэмээн ярилаа.

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга Б.Тамир “Манай номын сан 4000 гаруй номтой. Төв номын сангаас явуулын номын сан хөтөлбөр хэрэгжүүлэх санал манайд тавьсан. Хүүхдийн баярын дараагаас хэрэгжиж эхэлнэ. Төв номын сан арвин их архивтай болохоор хүмүүжигч нар унших номын сонголт ихтэй болно. Кристина ноблийн хүүхдийн сан манай байгууллагатай 22 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Олон жилийн хамтын ажиллагаатай байгууллага учир бид багш нарт нь байрлах байр гаргаж өгсөн. Хөгжмийн, талх нарийн боовны сургалтын багш, уран зургийн дугуйлангийн багш нар хүүхдүүдэд хичээл ордог. Ойрын хугацаанд хүүхдүүдэд морин хуурын хичээл заахаар төлөвлөсөн” гэсэн юм.

Харин Кристина ноблийн хүүхдийн сангийн хөтөлбөрийн менежер Д.Тунгалаг “Би 22 жил хүүхдийн хорих байгууллагад буюу одоогийн нэршлээр Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ажиллаж байна. Манай сангаас хүүхдүүдийн сурах анги танхимыг тохижуулж, сургалтын хэрэгслээр хангасан. Мөн хүмүүжээд гарсан хүүхдүүд нийгэмд хөлөө олоход нь тусалдаг. Өчигдөр бид нэг хүмүүжигчээ солонгос улс руу үдэж өглөө. Сэтгэл маш их хөдөлж байна. 2011-2014 онд хорих байгууллагад ял эдэлж байхдаа хичээл сургуульдаа идэвхтэй хамрагддаг байсан. Суллагдсан хойноо ч бидэнтэй холбоотой байж, солонгос хэлийг шамдан сурч хэлний шалгалтаа өгсөн. Сургуульдаа материалаа бүрдүүлэн өгч тэнцээд, виз нь гараад сурахаар явлаа. Энэ мэт олон сайхан түүхийг би хэлж чадна. Хүүхдүүд эндээс хүмүүжээд гардаг” хэмээлээ.

Харин маргааш суллагдах хүмүүжигч О “Намайг бага байхад аав, ээж хоёр минь нас барсан болохоор би өвөө, эмээтэйгээ өссөн. Золгүй явдал болсон учир их эрхлүүлж өсгөсөн. Хоригдох нэг жилийн хугацаанд өвөө, эмээ хоёроо маш их саналаа. Маргааш гарна гэхээр цаг явж өгөхгүй л байна. Намайг хүмүүс өвөө, эмээгээ шар махтай нь хатаалаа гэж зэмлэдэг л юм. Зөндөө их зовоосон болохоор ахиж санааг нь зовоохгүй байхын тулд хичээнэ дээ. Тэгээд СУИС-д сурна аа” гэсэн юм.

Арга хэмжээ өндөрлөхөд аав, ээжүүд хорогдон, хорогдсоор хорих ангиас гарав. Харин хүүхдүүд торны цаана нулимсаа арчсаар үлдлээ. Эрх нь хязгаарлагдсан эдгээр хүүхдүүд нэг л өдөр хүмүүжил, боловсрол эзэмшээд “гаргасан алдаагаа ахиж давтахгүй” гэсээр бидний дунд хөл тавина. Энэ үед бид гэмт хэрэгтэн гэж тэднийг адалж түлхэх үү, алдаагаа ахиж битгий давтаарай гээд аргадаж түшээд авах уу гэдгээс тэдний ирээдүй тодорхойлогдох болно.

САНАЛ БОЛГОХ