Иргэдэд наалдах өсөлтөөр хомс жилүүд айсуй

Мөнгөний бодлого


Эдийн засгийн ерөнхий хүчин чадал саарах он жилүүд биднийг хүлээж байна


Хүлээлт үүсгэсэн нөхөн сонгуулийн шийдвэр, хариуцлага нэхсэн сөрөг хүчний жагсаал, хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг эх үрсийн баяр гээд амсхийх чөлөөгүй өнгөрүүлсэн өнгөрсөн долоо хоногт монгол хүн бүрт хамаатай бодлогын баримт бичгийг УИХ баталлаа. Ирэх оны Монголыг одооноос тольдох боломж олгодог 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн эцэст хууль тогтоогчид “чимээгүйхэн”, шуурхайлан баталчихав. Тэгвэл хэдхэн сарын дараа УИХ-ын босгыг давах төсвийн төслийн угтал болж, ирэх жилүүдийн сангийн бодлогын замын зураглал болдог эдгээр баримт бичигт буусан голлох үзүүлэлттэй танилцана уу.


ДНБ


2019 оныг санаснаас харьцангуй хөнгөн давах төлөвтэй байгаа Монголын эдийн засаг 2020 оныг хэрхэн угтах бол. Ирэх онд олон улсад санхүү, эдийн засгийн хүчтэй шуурга дэгдэж, дэлхийн зах зээлийг бүхэлд нь доргионо хэмээн шинжээчид хэдийнэ сануулах болсон. Гэтэл өнгөрсөн долоо хоногт худалдааны дайн даамжирч, эдийн засгийн зөрчилдөөн илүү хүрээгээ тэлснээр айсуй хямралын хугацаа улам наашилсныг шинжээчид энэ хэдэн өдөр анхааруулж байна.

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 8.6 хувиар тэлж, сүүлийн хэдэн жилд үзэгдээгүй өндөр өсөлт харуулсан. Тэгвэл ирэх жилүүдэд өсөлтийн хурд саарахыг төсвийн хүрээний мэдэгдэлд дурджээ. Ингэснээр хоёр оронтой тоо руу дөхөж байсан ДНБ-ий өсөлт удааширч, ойролцоогоор зургаан хувьд дэнжигнэх төлөвтэй. Харин Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк үүнээс ялимгүй өөдрөг буюу 6.3-6.9 хувийн өсөлтийг тооцсон байна. Ийнхүү ирэх оноос эхлэх эдийн засгийн удаашрал 2021, 2022 онд ч үргэлжилнэ хэмээн Сангийн яам төсөөлсөн бол Дэлхийн банк төлөвөө танаж, 2021 оны таамгаа 6.5 хувьд хүргэжээ. Эдийн засгийн өсөлтийг уул уурхай өнгөлж, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ дэмжихээр байна.

ТӨСӨВ

2018 онд төсөв 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ оны эхний саруудад улсын төсөв уг амжилтаа хадгалж, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 285 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин 2020 онд төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давж, Монгол Улсын ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх төлөвтэй байна. Энэ алдагдлыг 2021 онд бараг их наяд төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Цаашлаад 2022 онд төсвийн алдагдал бүр 728 тэрбум төгрөгөөр хэмжигдэх дүр зургийг Сангийн яамны шинжээчид боловсруулсан байна. Тэгвэл төсвийн алдагдлыг ийм огцом бууруулахын тулд зардлыг тултал нь танаж, орлогыг огцом өсгөнө гэсэн үг. Гэтэл хэдхэн жилийг эс тооцвол талийсан их алдагдал хүлээсээр өнөө хүрсэн төсвийг ийм богино хугацаанд эрүүлжүүлж чадах уу. Цаасан дээр буусан эдийн засгийн зураглал дахь бодит болгоход хамгийн амаргүй сорилтын нэг нь энэ болчихоод байна.

2023 он хүртэлх сангийн бодлогын төсөөллөөр айсуй жилүүдэд төсвийн шинжтэй хөрөнгө оруулалт хумигдаж, бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхэд хүрэх нь. Хэмнэлт хийж чадвал 2023 онд гэхэд улсын төсвийг ашигтай болгох аж. Энэ оноос 11 их наяд төгрөгийг давж эхэлсэн төсвийн орлого 2020 онд 11.1 их наяд төгрөгт хүрэх бол 2022 онд 13 их наяд төгрөгийг шүргэх нь.

Ирэх жилүүдэд макро эдийн засгийн өсөлтийн хурд саарах төлөвтэй
Татварын багц хууль үйлчилж эхэлснээр 2020 онд төсвийн орлогыг 2019 оныхоос 1.4 их наяд төгрөгөөр илүү төвлөрүүлэх тооцоо байна. Харин энэ зуур орлогоос байнга түрүүлдэг төсвийн зарлага зогсолтгүй өссөөр гурван жилийн дараа 13.6 их наяд төгрөгтэй тэнцэх дүр зураг бууж байна.

ӨР ЗЭЭЛ

Тэгвэл өнгөрсөн жилүүдэд орлого, зарлагын цоорхойгоос үүссэн их хэмжээний өр зээлийн дарамтаа ирэх жилүүдэд хэрхэн зохицуулах бол. 2020 он гэхэд Засгийн газрын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий тэн хагасаас илүү гарч, 22 их наяд төгрөгийг давна. Улмаар удаах хоёр жилд нь тасралтгүй өссөөр 2022 он гэхэд 24 их наяд төгрөг рүү дөхнө. 2021-2024 онд төлөх учиртай нийт 2.9 тэрбум ам.долларын төлбөрийг Засгийн газар дахин санхүүжүүлэх буюу өрийг өрөөр дарах аргаар зохицуулахаар шийджээ. Тухайлбал, 2021 онд төлөх 500 сая ам.долларын өрийн 100-150 сая ам.долларыг хуримтлалаас төлж, үлдэх хэсгийг дахин санхүүжүүлэх замаар шийдвэрлэнэ. Үүний тулд зарим гэрээ хэлцэл хийж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Үүнээс гадна нийгмийн даатгалын сан улсын төсвийн нурууг бөхийлгөх нэг томоохон дарамт болохоор байна. Энэ онд 600 тэрбум төгрөгийн татаасыг Нийгмийн даатгалын санд олгох бол 2020 онд 750, 2022 онд 875 тэрбум төгрөгт хүрч өсөх нь. төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгахын тулд нийгмийн даатгалын санг бие даасан болгох нь чухал хэвээр. Цаашлаад ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарах бол инфляцын түвшин өнөөгийнх шиг буюу найман хувьд хадгалах нь.

Монголын эдийн засгийн ерөнхий хүчин чадал саарч, төсвийн зарлага, өрийн дарамт нэмэгдэх он жилүүд биднийг хүлээж байна. Гэхдээ инфляцын түвшин нам биш, найман хувьд хэлбэлзэхээс харахад эдийн засагт тоон утгаараа хэвийн, муудсан шинж харагдахгүй ч иргэдэд наалдаж, өрхөд өгөөж хүртээх өсөлт хомс, хүртээмжтэй биш жилүүд айсуйг УИХ-аас баталсан бодлогын баримт бичиг өгүүллээ.
САНАЛ БОЛГОХ