Хагас их наядын хөрөнгө оруулалт барилгын салбарыг онилж байна

Мөнгөний бодлого


Тендерийн шинэ хууль хөрөнгө оруулалтын “гацааг” арилгана


2019 оны төсөвт хөрөнгө оруулалтад зориулж 3.2 их наяд төгрөг тусгасан нь хамгийн их буюу 3.4 их наядаар олгох тэтгэвэр, тэтгэмж, татаасын дараа, аман хүзүүдсэн зардал юм. Энэ нь 2018 оны хөрөнгө оруулалтаас бүр 68 хувиар өссөн дүн. Сонгуулийн өмнөх жилийн төсөв тэлдэг ч энэ жилийнх шиг цойлж байсан нь үгүй.


Түүхэн дээд рекордыг эзэмшсэн “Төсөв-2019”-ийн нийт хөрөнгө оруулалтын 1.063 их наяд нь цоо шинээр барих бүтээн байгуулалтад төлөвлөгдсөнөөрөө онцлог. Харин концесс болон он дамнаж мөнгө нэхсэн “угжнуудад” 635 тэрбум төгрөгийг өгөх юм. Төлөвлөсөн ажил тухайн жилдээ багтаж гүйцэтгэлээ базаж чаддаггүйн гол шалтгаан бол ердөө л сонгон шалгаруулалт. Тиймээс төрийн мөнгөөр хийх бүтээн байгуулалтыг царцаах нөхцөлийг бүрдүүлсэн хуулийг өөрчлөн баталж, зургадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлээд байна.


2019 он хагастаа орчихсон байхад төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын бараг 90 хувийн тендер зарлагдсан байх ёстой. Гэтэл 30-40 хувьд нь тендер ч зарлагдаагүй, зарласан зарим ажлыг шат шатанд нь гомдол гаргаж гацаасан байдалтай “налайж” байна.


Иймэрхүү дүр зургаар явж ирсэн төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын тендерийг хариуцсан яамд, агентлагууд, орон нутгийн байгууллагууд,  ТӨБЗГ зэрэг олон газраас зарлан явуулдаг нь хугацаандаа амжихгүй удааширдаг нэг шалтгаан. Гэхдээ эдгээр байгууллага гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компаниуд бүх ажлыг хамдаг нь үнэн. Бор зүрхээрээ тендерт орж, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил олдог цөөн хэдэн компанийн үйл ажиллагаа тоглоомын талбай тохижуулах, засвар үйлчилгээ эрхлэх төдийхнөөр хязгаарлагддаг. Өрмийг нь гишүүд хамж, хусмыг нь хувийн хэвшлийнхэн хүртсээр ирсэн тогтолцоо шинэ хуулиар өөрчлөгдөнө гэж найдъя.


Энэ жилийн хувьд барилгын салбарт маш их хэмжээний санхүүжилт хийхээр төсөвлөсөн. Өнгөрсөн жил 15 сургууль ашиглалтад оруулсан бол энэ онд 124-ийг барьж босгон, хүлээлгэж өгөхөд 193.3 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Гэтэл ажлын явц 30 хувьдаа ч хүрээгүй байх жишээтэй. Түүнчлэн ноднин зургаахан дотуур байр барьсан бол энэ жил 43 сургуулийн дотуур байр барихад зориулж 34.3 тэрбум төгрөг тусгаж өгөв. Харин дотуур байрны барилгын тендер эцэслэгдэн дүгнэгдэх хугацаа хэзээ нь тодорхойгүй. Цэцэрлэгийн хувьд өнгөрөгч онд ашиглалтад оруулсан 23- аа долоо дахин ихэсгэж, 176 цэцэрлэг энэ жил барьж өгнө хэмээн амлаад 180.6 тэрбум төгрөг хуваариласан. Энэ ажил харьцангуй хурдтай яваа гэх боловч 50 хувьдаа мөн хүрээгүй байна. Эдгээр бүтээн байгуулалтад зориулж БСШУС-ын сайдад 1.1 их наяд төгрөг багцалж өгөөд, талыг нь 2019 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Хагас их наяд гаруй төгрөгийг энэ жил сонгон шалгаруулалтаар тарааж дуусах ёстой ч хөрөнгө оруулалтаа авч, ажлаа эхэлсэн газруудын талаарх мэдээлэл алга. Орон нутагт 57 соёлын төвийн барилгад 47.7 тэрбум, 32 спорт заал, спорт цогцолборын барилгын ажилд зориулан 18.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэж өгсөн ч сонгон шалгаруулалтын мэдээлэл мөн бүрхэг.

• Өрмийг нь гишүүд хамж, хусмыг нь хувийн хэвшлийнхэн хүртсээр ирсэн тогтолцоо шинэ хуулиар өөрчлөгдөнө гэж найдъя.
• Хуучин хуулийн орчинд аль нэг компанийн гаргасан гомдлоор тендерийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулдаг практик нутагшсан байв.
• Хөрөнгө оруулалт энэ салбарт эргэлдэж эхэлвэл эдийн засагт бодит өсөлт авчирна.

Эмнэлгийн барилга ч удаашралтай явна. 2018 онд 12 эмнэлэг ашиглалтад оруулсан бол энэ жил 72 болгон өсгөж, 87.8 тэрбумаар санхүүжүүлнэ гэж баталсан. Гүйцэтгэл мөн л тендерийн шатандаа гацсан байдалтай.

Харин ЗТХЯ төсөвлөгдсөн ажлуудын тендерийн урилгыг цаг тухайд нь мэдээлж, сонгон шалгаруулалтаа хийж иржээ. Энэ жилийн хувьд шилжих болон шинээр нийт 23 гүүрийн байгууламжийн ажилд 24.8 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөж өгсөн. Түүнчлэн нийт улсын болон орон нутгийн чанартай 84 авто замын ажилд зориулан 154.7 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан юм. Замын компаниуд ч ажлаа эхэлж, гүйцэтгэл 40 гаруй хувьтай явж байгаа аж.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэлээр зохицуулалт чамбайрч, хяналт сайжирна гэж зарим эдийн засагч үздэг. Хуучин хуулийн орчинд аль нэг компанийн гаргасан гомдлоор тендерийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулдаг практик нутагшсан байв. Харин одоо боловсронгуй болгосон хуулийн хэрэгжилтэд найдах болжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн ханш унасан хүндхэн жилүүдэд төсвийн ачааллыг нуруундаа үүрч гарсан барилгын салбар энэ жилийн бүтээн байгуулалтад хагас их наяд гаруй төгрөгийн санхүүжилт авах нь. Хөрөнгө оруулалт энэ салбарт эргэлдэж эхэлвэл эдийн засагт бодит өсөлт авчирна. Ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшилнэ. Тэрчлэн хувийн хэвшлийн өгөөжөөр төсөвт төвлөрүүлэх татвар ч нэмэгдэнэ.  Олон аж ахуйн нэгж хөл дээрээ бат зогсох боломж олгоно гэх мэт эерэг талыг харж, хэт улстөржилтөөс ангид, хөрөнгө оруулалтыг дотооддоо шингээж чадвал эргээд өгөх үр шим нь үнэлшгүй юм.
САНАЛ БОЛГОХ