Катерин Жонсон ба "хүн компьютерууд"

UB Info

Саран дээр хүн төрөлхтөн буухад чухал хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь өдгөө 100 насыг зооглож буй Катерин Жонсон юм. Тэрээр дөнгөж 18 насандаа их сургуулийг Математик болон Франц хэл судлалын мэргэжлээр төгссөн ба хэсэг хугацаанд багшаар ажиллаж байгаад НАСА-д ажиллах болсон юм. Түүний их сургуульдаа нарийвчлан судалж байсан математикийн салбар нь "аналитик геометр" байжээ.

Тухайн үеийн НАСА нь Африк-Америк гаралтай эмэгтэйчүүдийг "компьютер"-ээр ажиллуулж байсан бөгөөд тэд инженерүүдийн тооцооллыг давхар шалгах үүрэгтэй байж. Катерин Жонсон НАСА-д байх хугацаандаа анхны Америк хүнийг сансарт илгээсэн Freedom-7 болон өөр олон чухал даалгаврууд дээр ажиллаж байсан бөгөөд сансрын хөлгийн буух ёстой цэгийг түүнд хэлж өгөхөд тэрээр тооцооллыг буцааж хийх замаар бүх зам, нарийн мэдээллийг бодож олдог байв. Дэлхийг тойрох даалгавартай байсан сансрын нисгэгч Жон Гленн бүр тухайн үеийн электрон компьютеруудаар хийгдсэн тооцоог Жонсоноор заавал давхар шалгуулах хүсэлтийг тавьж байсан гэдэг.

Харин алдарт Аполло-11 хөлгийн хувьд траектор буюу явах замыг нь тооцоолох бүр төвөгтэй байлаа. Буух цэг нь зүгээр нэг цэг биш хөдөлгөөнт объект, бас сарны татах хүч болон хурд гээд олон зүйлсийг харгалзан авч үзэх шаардлагатай болно. Гэвч Катерин Жонсоны тооцооллын ачаар хүн төрөлхтөн саран дээр аюулгүй газардаж чадсан билээ.

Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж АНУ-ын иргэнд олгодог төрийн дээд шагнал болох "Эрх чөлөөний одон"-г 2015 онд гардуулж байсан бөгөөд НАСА түүний нэрээр Виржиниа дахь баазаа нэрлэсэн байдаг.

Жонсон болон "хүн компьютерууд"-ын тухай "Hidden Figures" гэх кино хийгдсэн байдаг шүү бас.

САНАЛ БОЛГОХ