Бүгдэд хүртээмжтэй хөгжлийг дэлхий эрэлхийлэв
Мөнгө ба бизнес
Дэлхийн эдийн засагт бие биеэсээ хамаарсан удаашрал ажиглагдаж эхэллээ
Нар төөнөсөн Японы Фүкүокад дэлхийн эдийн засгийн 90 орчим хувийг бүрдүүлдэг Их-20 орны сангийн сайд нар чуулж, цэнхэр гарагийн өмнөх сорилтуудыг хэлэлцэх зуур сэвшээ салхитай Санкт-Петербургт 40 орны төлөөлөгчид цуглаж, олон улсын тогтвортой хөгжлийг хөндөв. Өнгөрсөн амралтын өдрүүдийг ажил хэрэгч хоног болгосон эдгээр чуулга уулзалт хэт макро түвшний, олон улсын шинжтэй өрнөсөн ч чөлөөт эдийн засгийн хэлхээнд нэгдсэн Монгол Улс ирэх саруудын бодлогоо төлөвлөж, хөгжлийн зураглалдаа тусгах хэд хэдэн онцлог байр суурь харагдсан юм. Ялангуяа, худалдааны маргаан зөрчил хурцадсан энэ үед БНХАУ “Бүс ба зам” санаачилгаа тууштай зүтгүүлэхээ дахин тунхаглан зарласан нь биднийг бас бэлтгэлээ базаахыг санууллаа.
3.2 их наяд рублийн гэрээ байгууллаа
ОХУ-ын Санкт-Петербург хотод 1997 оноос хойш зохион байгуулах болсон олон улсын бизнес, эдийн засгийн энэ чуулганд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож, манай улсын зүтгүүлж буй “хөгжлийн зам” хөтөлбөрийг танилцуулж, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан эдийн засгийн коридор байгуулахыг зорьж буйгаа мэдэгдсэн. Мөн Монгол Улс бүс нутагт тулгарч буй эдийн засгийн сорилт, эх дэлхийн тууштай дэвшлийг хангах НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс ба зам” санаачилгын хэрэгжилтийг эрчимжүүлж, уг төслийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт 2030-тай уялдуулахаа мэдэгдсэн байна. Энэ хүрээнд тус улс 2019 онд 11 сая хүнийг ажлын байртай болгох аж. Мөн худалдааны дайны хэрүүлийн алим болоод буй 5G сүлжээний эрхийг зөвхөн хятад гэлтгүй бусад улсын компаниудад ч олгохоо энэ үеэр урд хөршийн удирдагч онцоллоо.
Дэлхийн 40 орны 3500 гаруй төлөөлөгчид оролцсон энэ оны Санкт-Петербургийн олон улсын чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Болгарын Ерөнхийлөгч Румен Радев зэрэг удирдагч оролцсон. Ялангуяа, олон улсын улс төр, эдийн засаг, геополитикийн харилцаа ээдрээтэй байгаа энэ үед хойд хоёр хөршийн төрийн тэргүүний байр суурь олон улсын анхаарлыг татаж байсан. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин чуулганы индрээс дэлхийн эдийн засгийн загвар хямралын нөхцөлд байгааг мэдэгдээд “үүний шалтгаан нь өнгөрсөн зууны сүүлчээс эхэлсэн даяаршлын загвар нь өдгөө хөгжиж буй, шинэ эдийн засгийн бүтэцтэй уялдахгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Жил жилийн Санкт Петербургийн чуулганаар улс орнуудын Засгийн газрууд болон бизнес эрхлэгчид өндөр үнийн бүхий гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурдаг. Тухайлбал, Хятад, ОХУ технологи, эрчим хүчний салбарт эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх 20 гаруй тэрбум ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Харин энэ чуулганаар улс орнууд нийт 3.2 их наяд рублийн 650 гэрээ хэлэлцээр байгуулсан.
Барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавиад хэдийн таван жил өнгөрч байна. Хэдийгээр хойд хөрш хоригт хүлэгдээд багагүй хугацаа өнгөрч буй ч хүндрэлүүдээ даван туулж, энэ онд эдийн засгаа 1.3 хувиар өсгөх зорилт тавьчихаад байгаа. Харин манай өмнөд хөрш худалдааны гол түнш болох АНУ-тай худалдааны маргаан дэгдээж, тарифын хориг саадтай нүүр тулаад удаагүй байна. Тэгвэл хоёр хөршийн төрийн тэргүүнүүд худалдааны протекционист шинжтэй хувиа хичээсэн бодлого дэлхийн эдийн засгийн сааруулна гэдэгт санал нэгдэж байгаа бөгөөд илүү нээлттэй, бүгдэд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
Технологийн компаниудын татварыг нэмнэ
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд японд болсон “Их 20”-ийн Сангийн сайд нарын уулзалтаар үндэстэн дамнасан технологийн компаниудын татварыг хөндсөн.
Тодруулбал, бүгдэд хүртээмжтэй, ижил тэгш татварын тогтолцоог цогцлоохын тулд технологийн компаниудад ногдуулах татварын нэгдсэн систем бий болгохоор улс орнууд зөвшилцлөө. Японы Сангийн дэд сайдын мэдээлснээр 2020 он гэхэд нэгдсэн зөвшилцөлд хүрэхээр тохиролцжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Facebook, Google зэрэг үндэстэн дамнасан технологийн компанид ногдуулах татварыг нэмэх төлөвлөгөө боловсруулахаар болсон байна.
Одоогоор уламжлалт бизнес загвар бүхий компаниудад ногдох татвар 23 хувь байгаа бол дижитал компаниудынх 9.5 хувьтай тэнцэж байгаа аж. ийм тэгш бус зарчим үйлчилж байгаа учраас дижитал гурван компанид ногдуулах татварыг нэмэх хэд хэдэн санал гаргасан нь хэрэглэгчдийн оролцоо, биет бус маркетингийн буюу сурталчилгаа, эдийн засгийн томоохон байр суурь гэсэн хүчин зүйлсийг хамарч байна. Ийнхүү технологийн компаниудыг нэгдсэн байдлаар зангидахгүй бол олон улсын татварын системд тархай бутархай байдал бий болно гэж бодлого тодорхойлогчид үзжээ.
Энэ удаагийн чуулганаар АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин болон БНХАУ-ын Төв банкны тэргүүн И Ган нарын уулзалтыг олон орны анхааралд байсан. Гэвч дорвитой үр дүн гарсангүй. Тиймээс хүлээлт энэ сарын эцсээр болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт хүртэл хойшиллоо.
“Их 20”-ийн Сангийн сайд нар худалдааны болон геополитикийн маргааныг дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том эрсдэлээр нэрлэсэн байна. Удааширч буй эдийн засгийн өсөлтийг эргэн эрчимжүүлэхийн тулд улс орнууд хамтран ажиллаж, худалдааны маргааныг намжаах нь чухал болохыг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард мэдэгдсэн.
Дэлхийн эдийн засагт бие биеэсээ хамаарсан удаашрал ажиглагдаж эхэллээ. Энэ нь дэлхийн ДНБ-ий 70 хувийг хамарч байгаа аж. Бидний тооцоолсноор АНУ, Европын эдийн засаг таамгаас дээгүүр, харин хөгжиж буй орнуудын байдал бодсоноос тааруу байгааг ОУВС-гаас анхааруулж байна. Зарим оронд зөвхөн эдийн засгийн гэлтгүй хүмүүнлэгийн болон хүнсний хямрал бий болж, валютын ханш нь унаж, инфляц нь сая хувь давж, өрийн дарамт нь илүү ярвигтай болсоор байна. Ийм ужгирсан хямрал Венесуэлд ажиглагдаад эхэлснийг ОУВС-гаас анхааруулсан нь хөгжиж буй орнуудад ч давхар сануулга болов. Ийнхүү өнгөрсөн өдрүүдэд давхацсан эдийн засгийн чуулганууд хамрах хүрээ, оролцогчдын хувьд харилцан адилгүй байсан ч илүү нээлттэй, хүртээмжтэй, эрх тэгш өсөлт хөгжлийг бий болгоход чиглэлээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй