Энэ оны эдийн засгийн бамбай нь алт

Уул уурхай


Алтны ханшид худалдааны дайнаас улбаалсан хэд хэдэн хүчин зүйл зэрэг нөлөөлж байна


Худалдааны дайн ширүүсэхийн хэрээр алтны ханш чангарч байна. Хэдийгээр аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог ч алт бол олон хүчин зүйлээс хамаарч ханш нь савладаг, хамхуул шиг таваар. Сүүлийн хэдэн сард худалдааны дайнаар өдөөгдөн чангарах болсон алтны ханш өнгөрсөн сарын эцсээс огцом дээшилж, үнийн өсөлтөөрөө олон улсын зах зээлийг өнгөлөх болов. Сүүлийн хоёр долоо хоногт л гэхэд алтны ханш гурван хувиар дээшилж, унц нь 1330 ам.доллартай тэнцэж байна. Сүүлийн гурван долоо хоногт алтан гулдмайн үнэ өсөж, 2018 оны дөрөвдүгээр сараас хойших дээд цэгтээ хүрчээ. Энэ өсөлтөд худалдааны дайнаас улбаалсан хэд хэдэн хүчин зүйл зэрэг нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлаж байна.

Ер нь зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн ханшид эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ, худалдагч авагчийн хэтэвч хамгийн их нөлөөлдөг. Харин алтны ханш эрэлт, нийлүүлэлтээс илүү дэлхийн улс төр, эдийн засаг, геополитик зэрэг олон хөшүүрэг, хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөгдөж, өнгөө хувиргадаг бичигдээгүй хуультай. Тиймээс эдийн засгийн эрсдэлийн толь болдог алтны ханшийг ярихын тулд эхлээд дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикийн өнөөгийн байдлыг хөндөхөөс өөр аргагүй.

АНУ, Хятадын худалдааны маргаан өнгөрсөн нэг жилийн хугацаанд зөвхөн гадаад худалдааны салбарыг нөмөрч байсан бол тавдугаар сараас эхлэн технологийн компаниудаар хүрээгээ тэлэв. АНУ-ын технологийн Google, Facebook зэрэг томоохон компани БНХАУ-ын Huawei компанийн эсрэг хориг тавихаа мэдэгдсэн нь дайны “гал”-ыг улам даамжрууллаа. Технологийн томчуудынхаа ширүүхэн мэдэгдэлтэй зэрэгцээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шил шилээ дарсан айлчлалыг Япон, Их Британи улсад хийв. Энэ нь Хятадын эсрэг зогсож, худалдааны дайнд хамтран зүтгэх холбоотноо хайж буйн илрэл хэмээн олон улсын ажиглагчид дүгнэв.

Их гүрнүүдээр айлчилж, хамтрагч хайсан америкийн төрийн тэргүүн хаяа залгасан хөрш болох Мексикт хатуурхаж, цагаачлалаа цэгцлэхгүй бол тус улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа анхааруулсан. Өндөр тарифаас болгоомжилсон Мексикийн засаг захиргаа ч  АНУ-тай хэлэлцээрийн ширээнд яаралтай сууж, тохиролцоонд хүрснээр худалдааны хориг саадын хэсэг хугацаанд хойшлуулаад байна.

Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ыг тойрсон ийм үйл явдлууд өнгөрсөн өдрүүдэд өрнөх зуур БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин ОХУ-д айлчилж, хоёр улсын харилцааны шинэ эрин эхэлснийг дэлхий нийтэд зарлалаа. Мөн ОХУ-тай худалдаагаа улам өргөтгөж, хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэхээ ч мэдэгдэв.

• Ойрын хугацаанд худалдааны дайн намжих магадлал багасаж, тодорхойгүй үргэлжлэх эрсдэлийн дохио олон улсын зах зээлд хангинаж, алтны ханш өссөн байна.
• Унц алтны ханш олон улсад 1330 ам.доллартай тэнцэж байна.
• АНУ-ын Холбооны нөөцийн банк эдийн засгийн удаашралаас үүдэн жишиг хүүгээ ирэх саруудад танаж магадгүй хэмээн мэдэгдсэн нь ам.долларын нийлүүлэлт идэвхжиж, алтны ханш өсөх дохиог давхар өгсөн.

АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн сөөлжилдсөн айлчлалууд хэн хэн нь холбоотноо бэхжүүлж, хүчээ зузаатган, худалдааны дайнд түрүүлж буулт хийх сонирхолгүй байгааг харууллаа хэмээн шинжээчид дүгнэсэн юм. Энэ хэрээр ойрын хугацаанд худалдааны дайн намжих магадлал багасаж, тодорхойгүй үргэлжлэх эдийн засгийн эрсдэлийн дохио олон улсын зах зээлд хангинаж, алтны ханш өссөн байна.

Үүнтэй зэрэгцээд Дэлхийн банк, ОУВС зэрэг санхүүгийн байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг дахин таналаа. Мөн АНУ, БНХАУ-ын макро эдийн засгийн өсөлтийн хурд удааширч буйг анхааруулсан нь дэлхий даяар тодорхойгүй байдал хүрээгээ тэлснийг батлав. Ингэснээр эрсдэлээс дайжсан хөрөнгө оруулагчид алт руу хошуурч, хувьцаа, бонд зэрэг хөрөнгийн зах зээлээс мөнгөө татаж эхэлсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд бодлогын хүүгээ өсгөж байсан АНУ-ын холбооны нөөцийн банк эдийн засгийн удаашралаас үүдэн жишиг хүүгээ ирэх саруудад танаж магадгүй хэмээн мэдэгдсэн нь ам.долларын нийлүүлэлт идэвхжиж, алтны ханш өсөх дохиог давхар өгсөн. Ойрын өдрүүдэд олон улсад өрнөсөн, давхацсан, гэнэтийн болон төлөвлөсөн эдгээр үйл явдал, шийдвэр нь алтны зах зээлд зэрэг нөлөөлж, шар металлын ханшийг өдөөсөн хэмээн голлох шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Үүнээс гадна БНХАУ, ОХУ алтны нөөцөө эрчтэй нэмэгдүүлсээр байгаа нь олон улсын зах зээлийн анхаарлыг татаж байна. АНУ-тай ан мана, ач тач үзэхээ мэдэгдээд байгаа хятад улс сүүлийн зургаан сар дараалан алт худалдан авалтаа нэмэгдүүлж, хөрөнгийн нөөцөө төрөлжүүлж эхэллээ. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 61.1 сая унцтай тэнцэж байсан хятадын төв банкны алтны нөөц энэ сарын байдлаар 61.61 сая унцад хүрсэн байна. Хятадын Засгийн газар ам.долларын хадгаламжаас татгалзаж, хөрөнгийн нөөцөө төрөлжүүлж буй нь энэ хэмээн Argonaut Securities-ийн шинжээч Хелэн Лау тайлбарласан. Мөн хойд хөрш алтны нөөцөө сүүлийн таван жилийн дээд цэгт хүргээд байна. Энэ оны эхний улирлын байдлаар тус улсын алтны нөөц 487.8 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Улс орнуудаас гадна алтны салбарын тэргүүлэгч компаниуд ч олборлолтоороо ширүүн өрсөлдөж эхэллээ. Newmont Goldcorp, Barrick Gold зэрэг энэ салбарын гол тоглогчид алтны орд уурхайнуудыг уралдан худалдан авч, олборлолтоо нэмэхээр зорьж байна. Ийнхүү дэлхий даяар алт руу хошуурцгааж байна. Энэ хэрээр алтны ханш өсөх төлөвтэй.

Тэгвэл алтыг санхүүгийн зах зээлийн гол багана болгодог Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сараас алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувьд хүргэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр 2019 оны эхний гурван сар хууль эрхзүйн орчны тодорхойгүй байдлын улмаас буураад байсан алтны тушаалт эргэн нэмэгдсэн юм. 2019 оны эхний таван сарын байдлаар Монголбанк нийт 4.2 тонн алт худалдан авчээ. Зөвхөн тавдугаар сард 1.8 тонн алт худалдаж авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй кгаар өссөн үзүүлэлт аж.

Энэ онд төв банк 22 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа. Энэ хэмжээний алт нь Монголын эдийн засагт 700-800 сая ам.долларын валют авчирч, төв банкны нөөцийг зузаатгадаг нь өнгөрсөн хоёр жилд харагдсан. Хэрэв олон улсын шинжтэй хүчин зүйлийн улмаас алтны ханш өссөөр байвал Монгол Улсын алтны экспортоос олох орлого ч нэмэгдэж, энэ хэрээр төв банкны гадаад валютын нөөц зузаарахаар байна. Энэ нь гадаад болон дотоод эрсдэлээс санхүүгийн зах зээл, төгрөгийн ханшийг хамгаалахад түлхэц болох боломжтой. Цаашлаад энэ оны эдийн засгийн дархлааг тэтгэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөн тэмдэгтийн ханшийг хамгаалах гол бамбай нь өнгөрсөн жилүүдийн нэгэн адилаар алт болж таарч байна.

САНАЛ БОЛГОХ