"Хадуурсан" инфляцыг гадаад зах зээл хазаарлана

Гадаад худалдаа


Хөндлөнгийн хүчин зүйлс инфляцад цохилт өгч, үнийн дарамтыг хөнгөлөх боломжийг иргэдэд олгоно


Улаанбаатарын инфляц улсын зорилтот түвшнээс талийлаа. Энэ оны тавдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс нийслэлд 8.8 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Есөн хувь шүргэсэн энэ өсөлт Монголын хүн амын тал хувийн халаасыг цоолж, хуруу хумсаа хугалах шахам байж олсон хэдэн төгрөгийг нь цаас болгоход хүрээд байна. Энэ зуур улсын инфляц ч найман хувь шүргэж, Улаанбаатарын үзүүлэлтээс их нэг хоцролгүй өгсөж байна. Ийнхүү сүүлийн хэдэн сарын турш монголчууд хэрэглээний үнийн өсөлтөд халаасаа сэгсчүүллээ. Ялангуяа, монголчуудын хоолны гол орц болох мах, барааны үнэд хамгийн их нөлөөлдөг шатахуун түлшний ханш өссөнөөс төгрөгийн үнэ цэн унажээ.


Инфляцын өсөлтийн бараг 80 хувь нь зөвхөн мах, шатахуун түлшний үнийн өсөлтөөс үүдэлтэй болохыг статистикийн байгууллага мэдээлж байна. Тухайлбал, махны үнэ өнгөрсөн сард килограмм тутамдаа 2000 гаруй төгрөгөөр нэмэгджээ. Мах магнаг болж, автобензин, түлшний үнэ талийсан нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, халаасыг нь сэгсэрсэн нь энэ.


Дээрээс нь инфляцын өсөлтөд валютын ханш буруутай аж. Учир нь валютын ханш өссөнөөр гадаадын мөнгөн тэмдэгтээр худалдан авдаг импортын барааны үнэ нэмэгдэж, энэ нь инфляцад нөлөөлсөн байна. Тодруулбал, тавдугаар сарын байдлаар ам.долларын дундаж ханш өмнөх оны мөн үеэс 10, дөрөвдүгээр сараас 0.4 хувиар чангарч, төгрөг төдий чинээ үнэ цэнээ алджээ. Мөн төгрөгтэй харьцах юанийн ханш өмнөх оноос 2.3, рублийнх 5.6 хувиар төгрөгийн эсрэг чангарсан байна юм.

Үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг хилийн чанадаас худалдан авч, хэрэгцээгээ хангаж, амьжиргаагаа залгуулдаг. Тухайлбал, инфляцыг тооцдог хэрэглээний сагсан дахь 344 төрлийн бараа, үйлчилгээний 200 орчмыг импортын бараа бүрдүүлдэг билээ. Тиймээс валютын ханшийн өөрчлөлт импортын бараагаар дамжин инфляцыг хөндөж, иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөөд байна.

Өөрөөр хэлбэл, төгрөг гадаадын валюттай жигнэн тооцоход ч, дотоодод бараа, бүтээгдэхүүний үнийн эсрэг ч тэр улам хүчгүйдэж, монгол мөнгөн тэмдэгтийн ханш унахын хэрээр иргэдийн худалдан авах чадвар доройтсоор байгаа юм.

2019 оны эхний улирлын байдлаар ДНБ-ий өсөлт сүүлийн жилүүдийн дээд цэгт хүрч, 8.6 хувьтай тэнцсэнийг албаныхан ам уралдан сайрхаж буй. Гэтэл эдийн засаг ийм хувиар тэлсэн ч инфляц наймтай ойролцоо хувиар дагаад өсчихөөд өндөр хэмээн “онгироод” буй ДНБ-ий өсөлт нь иргэдийн амьжиргаанд наалдах болов уу. Ингээд л эдийн засгийн өсөлт хуурай хоосон тоо болоод буй нь энэ.

Түүнчлэн өнгөрсөн оны сүүлчээр өрхийн дундаж орлого, зарлагын зөрүү 36 мянган төгрөг байсныг статистикийн байгууллагын мэдээллээс харж болно. Тодруулбал, 2018 оны эцэст өрхийн дундаж орлого 1.2 сая, харин зарлага нь 1.23 сая төгрөгтэй тэнцжээ. Гэтэл гурван сарын дараа буюу энэ оны эхний улирлын байдлаар өрхийн зарлага мэдэгдэхүйц өссөнөөр энэ зөрүү нь хоёр дахин нэмэгдээд байна. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт иргэдийн зарлагыг өдөөж эхэлсэн байна. Сүүлийн 6-7 сар хот, хөдөөгүй өндийж буй үнийн өсөлт ийнхүү иргэдийн халаасыг торгосоор байна.

Гэтэл бидний мөнгөн орлогын бодит өсөлт дэндүү удаан. Иргэдийн сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны нэгдүгээр улиралд 2010 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байна. Гэхдээ худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин үүнээс 4.7 дахин бага буюу 64 орчим хувиар өссөн байна.

Төв банкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “2018 оны сүүлийн сараас эхлэн нийлүүлэлтийн шалтгаантай инфляц өндөр байна. Мах, шатахуун түлшний нийлүүлэлтээс үүдэн үнийн өсөлт эрчимжсэн. Гэтэл төв банкны мөнгөний бодлогын арга хэрэгслүүд нь эрэлтээр дамжин, инфляцад нөлөөлдөг. Хэрэв нийлүүлэлтийн шалтгаантай инфляцыг эрэлтийн шалтгаантай арга хэрэгслээр удирдвал энэ нь эргээд инфляцыг илүү эрчимжүүлэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байр суурьтай байна” хэмээн өгүүлж байна.

Инфляц бол иргэдийн амьдралд хамгийн ойр эдийн засгийн үзүүлэлт. Тиймээс энэ үзүүлэлтийн ялимгүй өөрчлөлтийн цаана Монголын мянга мянган өрхийн амьдрал нуугдаж байдаг. Сүүлийн хэдэн сар үргэлжилж буй үнийн өсөлтийг хазаарлах арга хэмжээг холбогдох байгууллагууд авахгүй байх зуур хаа холын ханшийн хөдөлгөөн харин манай инфляцыг номхруулж магадгүй байна. Тодруулбал, худалдааны дайн даамжирч, БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт удаашрахын хэрээр урд хөршийн юанийн ханш сулрах төлөвтэй байна. Олон улсын зах зээлд юанийн ханш унавал энэ нь дам байдлаар манайд мэдрэгдэнэ. Улмаар төгрөгтэй харьцах юанийн ханш унаад эхэлбэл бидний хилийн чанадаас авах бараа бүтээгдэхүүний ханшид ч нөлөөлнө гэсэн үг. Яагаад гэвэл бид хүнснээс эхлээд хувцас гутал гээд өргөн хэрэглээний нийт барааныхаа дийлэнхийг урд хөршөөс авдаг. Ингэснээр юанийн ханш дотоодын үнийн өсөлтөд хариу өгөх гадаад хүчин зүйл болохоор байна.

Нөгөө талаас, урин дулаан цаг айлсаж, мах, шинэ ургацын ногооны нийлүүлэлт нэмэгдэх үе дөхөж буй тул улирлын шинж чанартайгаар инфляц тогтворжих төлөвтэй. Үүнээс гадна маргааш буюу энэ сарын 15-наас А92 автобензиний үнэ 50 төгрөгөөр хямдарна гэж АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн юм. Олон улсын зах зээлд газрын тосны ханш унаж буйгаас ирэх саруудад дотоодод шатахуун түлшний үнэ хямдрах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, төр засгийн байгууллагын бодлого, зохицуулалтаас илүү юанийн ханшийн уналт, улирлын нөлөө, олон улсын зах зээл дэх газрын тосны хямдрал зэрэг гадаад зах зээлээс хамаарах, хөндлөнгийн хүчин зүйлс ирэх саруудад инфляцад цохилт өгч, үнийн дарамтаас нуруугаа тэнийлгэх боломжийг иргэдэд олгох нь.
САНАЛ БОЛГОХ