Төсвийг амжилттай цөлмөх уралдааны дүн гарлаа

Нийтлэлчийн булан


Улсын төсөв гэж асар их мөнгөн дүнтэй нэгэн том цул “юм” байх. Үүнийг захиран зарцуулах эрхийг төрийн эрх барьж буй хэдэн нөхөд эзэмшдэг гэж хэлж болно. Та бидний татварт төлсөн мөнгийг энд “цацдаг” учраас түүнийг хэр үр дүнтэй, ач холбогдолтой зүйлд захиран зарцуулав гэдэг хүн бүрт хамаатай асуудал. Ерөнхий аудиторын зүгээс Монгол Улсын 2018 оны төсөвт хийсэн нэгдсэн тайлан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад гардуулан өглөө. Өнгөрсөн онд манай улс 8.03 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөснөөс 10.1 их наяд төгрөгт хүрч, төсвийн орлого 2.1 их наядаар давж биелснийг энэ үед бахархалтайгаар мэдэгдэж байв. Төсөв 26.6 хувиар давж биелсэн нь татвараа сайн хураасны үр дүн. Харин энэ мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаарх тайлантай дэлгэрэнгүй танилцвал болж бүтэж буй өөдтэй зүйл тун хомс байх юм. Товчхондоо бол төсвийн захиран зарцуулагчид буюу харъяа яам, агентлагууд улсын төсвийг ёстой л хайр гамгүй үрэн таран хийжээ.


Аудитын байгууллага зөвхөн 2018 оны төсвөөс 18 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 12.2 их наядын үнийн дүнтэй зөрчилд залруулга хийлгэсэн байна. Мөн зөрчил гаргасан 717 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, 75 албан тушаалтны асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлжээ.


Хэдийгээр улсын төсөв түүхэнд байхгүй өндөр хэмжээнд хүрч, ажил гүйцэтгэхээр хуваарилсан мөнгө тэр хэмжээгээр өссөн ч төсөвлөж өгснийг хэтрүүлэн зарцуулсан тохиолдол бараг бүх яаманд байна. Хамгийн ихээс нь дурдвал БСШУС-ын сайд багцаа 186 тэрбумаар хэтрүүлсэн бол БОАЖС-ын сайдын багц 61.5, БХБС-ын сайдын багц 31.4, ХЗДХ-ийн сайдын багц 20.3 тэрбумаар хэтэрчээ.

Манай УИХ-ын гишүүд, сайд нар төсөв хэлэлцэх үеэр ийм л зүйлд мөнгө зарцуулахгүй бол улс мөхөж сүйрэх нь ухааны юм гонгиносоор байгаад төсвийг данхайлгаж орхидог. Гэтэл бодит байдал дээр төсөвлөлтийн шаардлага хангаагүй нийт 341 төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгасан байна. 2019 он гарснаас хойш зургаан сар өнгөрчихөөд байхад зураг төсвийг нь ч боловсруулж дуусаагүй 76 төсөл байна гээд бод. Уг нь аль 2018 онд хэрэгжээд дуусчих ёстой ажил шүү дээ.

Ямар нэг ажлыг хийхдээ анх төсөвлөсөн дүнгээс илүү мөнгө нь зарцуулах нь энгийн үзэгдэл болоод буй. Тендерт ялахын тулд юу ч хамаагүй амлаж сонгогдчихоод яг ажил гүйцэтгэх явцдаа төсөвлөсөн мөнгө хүрсэнгүй, нэмж өгөхгүй бол дуусгаж чадахгүй гээд гэдийчихдэг даварсан компани олон болсон. Иймэрхүү жишээ ганц нэгийг дурдвал Сонгинохайрхан дүүрэгт 62-р сургууль барих ажлын төсөв өнгөрсөн онд гурван тэрбум төгрөг байснаа энэ жил 6.5 тэрбум болж, хоёр дахин нэмэгджээ. Мөн Баянгол дүүрэг дэх 19-р сургуулийг буулгаж, шинээр барих ажлын төсөв 2018 онд 3.2 тэрбум байснаа энэ жил таван тэрбум болж өсөх жишээний. Өвөрхангайд модон гүүр барих ажлын төсөв 120 саяас 350 сая болж нэмэгдэх гэх мэт жишээг дурдаад байвал олон.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөл барих мөнгө 2.8-аас 8.2 тэрбум болж өссөнийг юу гэж тайлбарлах нь сонирхолтой санагдаж байна.

Түүнчлэн барилгын материалын үнийг зах зээлийн ханшаас өндрөөр тусгаж, дундаас нь мөнгө завших ажилд манайхан гаршиж байна. Өвөрхангайн Уянга суманд соёлын төвийн барилга барихад зөвхөн бетон зуурмаг авах зардалд 73.2 сая төгрөг илүү зарцуулсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон байх жишээний.

Манай улс нэг ажил хийх болохоороо тендерийг цаг тулгаж зарлах нь олонтаа. Үүний дараа шалгарсан компани нь ажлаа эхлэх гэсээр байтал бүтээн байгуулалтын улирал дуусаж, хүйтэнтэй золгодог нь төлөвлөсөн ажил хугацаандаа дуусдаггүйн шалтгаан болжээ. Үүний гайгаар улсын төсвөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл ердөө 72.6 хувьтай байгаа юм.

Мөн тендер шударга бус боллоо гэх маргаан тасардаггүй хэвээр. Зөвхөн 2018 онд л гэхэд Сангийн яаман дээр тендертэй холбоотой нийт 1187 гомдол иржээ. Эдгээр гомдлын 31.9 хувь нь л үндэслэлгүй гомдол байж. Харин үлдсэн 70 шахам хувь нь гомдол гаргасан газрын зөв болж таарчээ. Тендер шударга бус явагддаг, танил тал, ах дүүгийнх нь компани л ялаад байна гэх гомдол үндэслэлтэй болох нь эндээс харагдана. Уг нь Засгийн газраас худалдан авах ажиллагааг цахимд бүрэн шилжүүлэхийг даалгасан. Гэвч энэ ажлын хэрэгжилт ердөө 49 хувьтай байгаа юм. Энэ нь дахиад л тендер шударга бус болдог гэх маргаантай холбогдоно. Хэдийгээр нийт тендерийн 70 орчим хувь нь хүчингүй болсон хэдий ч үүнийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны гишүүдэд хариуцлага огт тооцоогүйг тайланд дурдсан байна.

Хүүхэд багачууд сурч боловсрох сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байна, үүнд ахиухан мөнгө төсөвлөх хэрэгтэй гэх шүүмжлэл байнга гардаг. Гэтэл бодит байдал дээр огт тооцоо судалгаагүй барилга байгууламжид их хэмжээний мөнгө зарцуулсаар байгаа нь шалгалтаар ил боллоо. Тухайлбал, Дундговь аймгийн Дэрэн суманд 2018-2019 оны хичээлийн жилд 234 хүүхэд суралцаж буй ч 320 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар санхүүжилтийг нь төсөвт суулгажээ. Мөн хэнтийн Баяновоо суманд хичээлийн дотуур байранд 47 хүүхэд амьдардаг байхад нийт 120 хүүхдийн хүчин чадалтай байр шинээр барих жишээний. Гэтэл Хөвсгөлийн Улаан-Уул суманд 140 хүүхдийн дотуур байр шаардлагатай байхад 75 хүүхдийн байр барьсан гээд хоорондоо уялдаагүй, бодит хэрэгцээ шаардлагыг харгалзаагүй харалган хөрөнгө оруулалт их харагдана. Мөн улсын хэмжээнд шинээр хэрэгжүүлэх 423 төсөл арга хэмжээний 80.6 хувийг хуулийн шаардлага хангаагүй байхад батлан, санхүүжилтийг нь олгож, бидний татварын мөнгөөр гараа угаасан баримтууд байна. Бушуу туулай борвиндоо... гэгчээр хэдий хэр мөнгөөр юу хийх нь бүрэн гүйцэд тодорхой болоогүй байхад төсөв баталж байна гэсэн үг. Ийм байхад яаж ч урагш ахиж, хөгжих билээ.

Эрхтэн дархтан, сайд дарга нар улсын төсвийн хөрөнгө ийм байдлаар хандаж байна. Нийт 50 хуудас тайланг нэг бүрчлэн бичих боломжгүй учраас анхаарал татсан заримыг нь л цухас дурдлаа. Үүнд дурдагдаагүй олон “но” 2018 оны төсвөөс илэрсэн. Тиймээс санаатай болон санамсаргүйгээр алдаа гаргасан, төсвийн хөрөнгийг хайр гамгүй урсгасан нөхдөд ямар хариуцлага тооцож, гаргасан алдааг хэрхэн залруулахыг харах л үлдэж байна. Гэхдээ урьд өмнөх жилүүдийн тайланд бичигдсэн зөвлөмжийг огт хэрэгжүүлээгүйг дурдсан байна лээ. Тиймээс сайд дарга нараас ихийг хүлээгээд нэмэргүй. Нэн ялангуяа УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн төсвөөс өөдтэй зүйл хүлээх илүүц биз.
САНАЛ БОЛГОХ